С.Бямбацогт: Өмнөх Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг эрчимжүүлэх боломжгүй
УИХ дахь МАН-ын бүлэг
2015.05.06

С.Бямбацогт: Өмнөх Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг эрчимжүүлэх боломжгүй

УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжих боломжгүй гэж үзлээ.

Дэмжихгүй байх учир шалтгааныг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт дараах үндэслэлээр тайлбарлав. Нэгдүгээрт, 2012 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд олон суудалтай болсон АН-д сонгуульд дэвшүүлсэн "Улс шиг хөгжүүлье, хүн шиг амьдруулъя" уриатай мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж бүрдсэн. Аливаа ажлыг бодлоготой, тооцоо судалгаатай хийх ёстой. Монгол гэр барих гэж байгаа бол нэг тоонотой, 80 уньтай, зургаан ханатай, нэг хаалгатай байх учиртай. Гэтэл эрх баригчид хоёр хаалгатай, 20 уньтай, хоёр тоонотой гэр барих гэж ямар ч бодлогогүй зүтгээд байвал ажил үр дүнд хүрэхгүй, бүтэхгүй гэдгийг МАН-ын бүлгээс байдлыг удаа дараа сануулж ирсэн. 

Сүүлийн хоёр жил шинэчлэлийн Засгийн газрын явуулсан алдаатай, тооцоо судалгаагүй бодлогын улмаас нийгэм, эдийн засгийн байдал хүндэрсэн. Макро эдийн үзүүлэлтүүд унасан, ажилгүйдэл нэмэгдсэн, валютын ханш өссөн, татварын орлого 1-1.3 их наяд төгрөгөөр тасарсан. Эдийн засгийг хямралд хүргэсний хариуцлагыг хүлээж огцорсон Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ямар ч боломжгүй.

Хоёрдугаарт, өмнөх Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг 56 хувьтай гэж дүгнэж байгаа ч бодит байдал дээр мөрийн хөтөлбөрт тусгасан олон заалт хэрэгжээгүй. Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт цалин, тэтгэврийг үнийн өсөлттэй уялдуулан жил бүр нэмэгдүүлнэ гэсэн ч өнөөг хүртэл биелэгдэхгүй байна. Бодит байдал дээр бараа бүтээгдэхүүний үнэ 20-80 хувиар өссөн ч цалин 8-10 хувиар л нэмэгдсэн. Зээлийн хүүг бууруулж нэг орон тоонд оруулах, ажлын байр шинээр бий болгох хөтөлбөр хэрэгжүүлэх, бизнесийг дэмжсэн татварын хоёр дахь шатны шинэчлэл хийх гэх мэт баялаг бүтээгчид, ард иргэдэд хэрэгтэй олон заалт хэрэгжээгүй. Татварын орлого сүүлийн хоёр жил 1-1.3 их наядаар тасарсан. Үүнийг дагаад татварын хяналт шалгалт, дарамт нэмэгдэж, акт дөрөв дахин, торгууль зургаа дахин өссөн. Бүртгэлтэй 51 мянган аж ахуйн нэгжийн 24 мянга нь л үйл ажиллагаа явуулж байна. Үүний 11200 нь татварын хяналт шалгалтад өртөж, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл байдалд байгаа. Ийм байдалтай байхад өмнөх Засгийн газрын хэрэгжилт муутай мөрийн хөтөлбөрийг эрчимжүүлэх ямар ч боломжгүй.

Гуравдугаарт,  АН нь шийдлийн Засгийн газарт МАН-тай  хамтран ажиллах гэрээ байгуулахдаа эдийн засгийн хүндрэлийг даван туулах төлөвлөгөө боловсруулж, улс орноо бодлоготой хөгжүүлэх дунд хугацааны баримт бичгийг батална гэж тусгасан. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийн хямралыг даван туулах, уналтыг зогсоох хөтөлбөрийг УИХ-аар баталсан. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллах явцад өмнөх Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр ярьж байгааг дэмжихгүй. Нэгэнт хоёр нам гэрээ байгуулж засаг хамтарч ажиллаж байгаа тохиолдолд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой, үүний тулд гэрээний заалтыг хэрэгжүүлэх шаардлагыг тавьж ажиллана гэдгээ МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдэгдлээ.

Д.Хаянхярваа: Төсвийн хүрээний мэдэгдэл бодитой тал руугаа хандаж байна

МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл байв. Бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа Төсвийн хүрээний мэдэгдэл бодитой тал руугаа хандаж, нааштай алхмууд гарч байгааг онцоллоо. Тухайлбал, Оюутолгой, Тавантолгой орд, "Алт" хөтөлбөртэй холбогдоогүй, эцэслэн шийдвэр нь гараагүй байгаа томоохон орлого олдог төсөл хөтөлбөрүүдийн төсөвт нөлөөлөх нөлөөллийг энэ удаагийн төсвийн хүрээний мэдэгдэлд тусгаагүй нь зөв алхмын эхлэл болж байгаа. Хоёрдугаарт, нийт төсвийн зарлагыг анх удаа 114.6 тэрбум төгрөгөөр бууруулахаар тооцсон. Зардлаа хумьж, алдагдлаа багасгаж ажиллах шийдэлд хүрсэн. Гуравдугаарт, төр хувийн хэвшлийн түншлэлээр хийгдэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр болсныг дэмжиж байгаа. 

Мөн Засгийн газар бодлогын алдаануудаа засах чиглэлд гаргаж байгаа зөв алхмаа батжуулж, эдийн засгийн томоохон зөвлөхүүдээс өгч байгаа зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх ёстой гэж бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа хэллээ. Хэлэлцүүлгийн явцад төсвийн хүрээний мэдэгдэл, үндсэн чиглэлийн төсөлд засч залруулах, эдийн засаг, төсвөө эрүүл болгох чиглэлд хамтран ажиллана гэлээ.