Цагдаагийн цалинг бодитойгоор нэмэгдүүлэх хэрэгтэй
УИХ-ын чуулганы өчигдөр өдрийн үдээс хойшхи хуралдаанаар Цагдаагийн албаны тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын гишүүн А.Бакей
Орон нутгийн цагдаагийн байгууллага энэ хуулийн төслөөр бол Цагдаагийн ерөнхий газрын тэр аймгийн салбар маягтай явах юм шиг байна. Болохгүй юм байхгүй л дээ. Гэхдээ энэ хуульд Засаг даргын Тамгын газар болоод цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа нягт холбоотой байх ёстой.
Гэтэл Засаг даргын Тамгын газар, цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны зохицуулалтын талаар бараг алга. Амьдрал дээр ямар ч асуудал гарч болно. Гэтэл энэ хуулин дээр ямарваа холбоо уялдаа алга байна.
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ
Яагаад энэ хуулийг дэмжихгүй вэ гэхээр хэд хэдэн асуудлыг нарийн тусгаж чадаагүй байна гэж үзэж байна. Гэрч хохирогчийг хамгаалах үүргийг тусгаж өгөх нь зүйтэй байна. ТЕГ-ын ажилтан буюу, АТГ-ын байцаагчийн цалин 1.5-3 сая төгрөгийн цалин авдаг. Гэтэл хэв журам сахиулж яваа цагдаа 500 мянган төгрөг авч байна. Цагдаагийн албан хаагчийн цалинг бодитойгоор нэмэгдүүлэх хэрэгтэй байна.
Цагдаагийн албан хаагчид шарил, цогцос дээр ажилладаг. Гэтэл тэдэнд тийм хүнд нөхцөлд ажилласны мөнгийг өгөхгүй байна. Цагдаагийн албан хаагчийн дарамтуудыг яах вэ. Манай ангийн хүүхэд прокурорын дарамтаас болж нас барсан гунигтай явдал байгаа. Баянзүрх дүүргийн шүүгчийн машины зогсоол дээр цагдаагийн албан хаагч машинаа тавьснаас болоод ёс зүйн хариуцлага хүлээсэн явдал гарсан.