Малгүй болсон малчин өрх бүрт 300 мянган төгрөг олгоно
Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар Азийн хөгжлийн банкнаас үзүүлж байгаа 3,4 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжийн хөрөнгөнөөс зудын гамшигт нэрвэгдсэн аймгийн эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг сайжруулах, гамшгийн бэлэн байдлын чадавхийг нэмэгдүүлэхэд зориулж автомашин, тоног төхөөрөмж олгох болон малгүй болсон малчин өрхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор өрх бүрт 300 000 төгрөг хуваарилан олгохыг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболдод зөвшөөрөв.
Азийн хөгжлийн банктай тохиролцсоны дагуу 2.572.800.000,0 /хоёр тэрбум таван зуун далан хоёр сая найман зуун мянга/ төгрөгийг Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн 8576 өрхөд олгоно. Үүнээс гадна малчдад төрийн болон эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор 366 сая төгрөгийн 20 ширхэг УАЗ-31512 маркийн автомашин, гамшгийн бэлэн байдлын чадавхийг нэмэгдүүлэхэд зориулж аймгуудын Онцгой байдлын газар, хэлтэст туулах чадвар сайтай, шуурхай үйлчилгээний 10 ширхэг фургон автомашиныг 185 сая төгрөгөөр, гамшгийн голомтод аврах ажиллагааг зохион байгуулж, удирдлагар хангах, гамшгийн тухай мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай эрт зарлан мэдээлэх, гамшгийн голомтоос удирдлага болон бие бүрэлдэхүүнийг холбоо мэдээллээр тасралтгүй шуурхай хангахад зориулж холбооны тусгай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл худалдан авч дээрх 10 автомашиныг тоноглон /96,2 сая төгрөг/ аймгуудад өгөхөөр болжээ. Хүн, малын өвчин дэгдэхээс сэргийлэх, малын сэг, зэм устгах, ариутгал халдваргүйжүүлэлт хийх, цаашид химийн хорт бодис болон малын гоц халдварт өвчний голомтод ариутгал халдваргүйжүүлэлтийн үйлчилгээг байнга үзүүлэх зорилгоор 240 сая төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг ариутгалын автомашиныг гамшгийн эрсдэл бүхий аймагт хуваарилан олгохоор тогтов.