Хуулийг өөрчлөх хувийн шалтгаан Хууль зүйн сайдад бий
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин
2015.06.02

Хуулийг өөрчлөх хувийн шалтгаан Хууль зүйн сайдад бий

Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас оруулж ирсэн Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хууль болон Цагдаагийн албаны тухай хуулийн хэлэлцэх эсэхийг дэмжлээ.

Хэлэлцүүлгийн үеэр Хууль зүйн сайд Д.Дорлигжав, сайд асан Х.Тэмүүжин нарын хооронд хуулийг үзэл санаа, үйлчлэх хүрээтэй холбоотой томоохон маргаан дэгдсэн боловч гишүүдийн олонхи уг хоёр хуулийг хэлэлцүүлэгт оруулахыг дэмжсэн юм.

Тиймээс нэгдсэн хуралдаан дээр цөөнх болсон Х.Тэмүүжин гишүүний санал, хууль тогтоогчдод хандаж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Хуулийн байгууллагын алхам бүрийг хуульчилж байж хүний эрхийг баталгаажуулна 

Сүүлийн зургаан жил ярьж байгаа хуулийн салбарын шинэчлэлийн гол амин сүнс нь одоо ярьж байгаа процессийн хуулиуд байгаа юм. Байгууллагыг өөрчлөх, нийгэм, эдийн засгийн асуудлыг нь шийдэх, зохион байгуулалтыг сайжруулах зэрэг бол үндсэндээ шавар будаг нааж байгаа л ажил.

Харин тэр хүмүүс ямар эрх мэдлээр ямар үйл ажиллагаа явуулах, үйл ажиллагаа нь яаж журамлагдах вэ гэдэг бол хуулийн байгууллагын үндсэн раам, раам доторх чиг үүргүүд юм. Тийм учраас процессийн хуулиуд хамгийн чухал нь. 

Ардчилсан нийгэмд процессийн хуулиар дөрвөн зүйлийг шийдэх ёстой. Гэмт хэрэгтэй тэмцэх, хэрэг илрүүлэх, ял зэм оноох үйл ажиллагаа хүний эрхийг зөрчихгүй байх ёстой гэдэг эхний суурь зарчим. Энэ үйл ажиллагаа өөрөө процессийн шударга ёсыг хангах ёстой гэдэг нь хоёр дахь маш чухал зарчим. Процессийн шударга ёсыг хангаж байгаа энэ үйл ажиллагаанд “хууль дээдлэгдсэн байх” гэдэг нь хүний эрх, процессийн шударга ёс хоёроор баталгаажуулдаг гурав дахь зарчим нь.

Сонирхлын зөрчилгүй, авлигаас ангид байх гэдэг дөрөв дэх хуулийн байгууллагууд олон нийтийг итгэлийг авахад маш чухал. Энэ дөрвөн зарчмыг хангахын тулд процессийн шинэтгэлийг хийж байгаа. Үүнийг хангах суурь концепци нь төрийн зүгээс иргэнтэй холбоотой асуудлыг зохицуулахгүй, хуулиар хориглосноос бусад бүх үйл ажиллагаа иргэнд зөвшөөрөгдөнө, харин төрд хуулиар зөршөөрөгдсөнөөс бусдыг хориглоно гэдэг зарчим үйлчилдэг.

Төрийн зүгээс гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, хэрэг хянан шийдвэрлэхээр хийж байгаа алхам бүр, амьсгал бүр нь хуулиар зохицуулагдах ёстой. 

Тиймээс өмнөх Засгийн газрын үед процессийн тухай хуулийг задлаад “Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль”, “Таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх тухай хууль” гэж гурван тусад нь оруулж ирсэн. Одоо хэрэглэж байгаа хууль маань хэтэрхий ерөнхий, богинохон бичигдсэн учраас байгууллага дотооддоо гаргасан заавар, журам нь иргэний эрхийг хязгаарлах үндэслэл болоод байна.

Өмнө хэлсэн процессийн хуулиуд нь үүнээс гарах гэсэн том шинэтгэл байсан. Харамсалтай нь Хууль зүйн шинэ сайдын “техникийн шинжтэй засвар” гэдэг нэрийн дор энэ концепци нурж уналаа. Үүнийгээ яаравчлаад байгаа шалтгааны нэг нь “Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулийг яавал алга болгох вэ” гэдэг атгаг санаа  явж байна.

Хууль сахиулдаг олон байгууллагын үйл ажиллагаан дотор хүний эрхийн зөрчил маш их гардаг. Энэ нь тэр байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн буруу ч биш.

Тухайн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс яаж ажиллах вэ гэдэг процедурыг нарийвчилсан хууль, журам байхгүйгээс болоод нэг бол даргын дур зорго, эсвэл хууль хэрэгжүүлж байгаа хүмүүсийн хувийн бодлоос болж хүний эрх зөрчигдөж байна.