50 сая ам.долларын тусламжийг эрүүл мэндийн салбарт зарцуулна
Эрүүл мэнд
2015.06.10

50 сая ам.долларын тусламжийг эрүүл мэндийн салбарт зарцуулна

БНХАУ-ын Засгийн газраас 2015 онд Монгол Улсад олгох 50.0 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгийг эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад зарцуулахаар шийдвэрлэлээ.

Үүнтэй холбогдуулан буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах төсөл”-ийг боловсруулан Сангийн яаманд хүргүүлэхийг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад, төслийг Хятадын талд танилцуулахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад тус тус даалгалаа.

Өрх, сумын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэх, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн оношилгоо, эмчилгээний чадамжийг нэмэгдүүлэх, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн мэс заслын тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, хорт хавдрын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, инженер техникийн ажилтны ур чадварыг сайжруулах зэрэг дэд төслүүдэд дээрх хөрөнгийг зарцуулахаар төлөвлөж байна.