Хан-Уул дүүргээс тодорсон гурван сая дахь иргэнийг 70 сая төгрөгөөр шагналаа
Монгол Улсын төрөөс хүн амын өсөлтийг дэмжих, олуулаа болох хөгжлийн цогц бодлого боловсруулан хэрэгжүүлж буй цаг үетэй давхцан хүн ам зүйн статистикийн тооцооллоор 2015 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Монгол Улсын Гурван сая дахь иргэн мэндэлсэн билээ.
Д.Золбаяр хүүг 70 сая төгрөгөөр урамшууллаа.
Тэгвэл Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны иргэн Жаргалсайханы Даваасүрэнгийн хүү Золбаяр нь Монгол Улсын Гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр /2015 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 14 цаг 25 минут/ мэндэлсэн чацуутнаар тодорчээ. Иймд 70 сая төгрөгийн мөнгөн шагналаар шагнаж алдаршуулах арга хэмжээг өчигдөр дүүргийн ЗДТГ-аас зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Батбилэг, Засаг дарга Ж.Ганхуяг, Иргэдийн хурлын тэргүүлэгч О.Батхуяг, Тамгын газрын дарга Д.Бат-Очир, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, Статистикийн хэлтсийн дарга О.Гэрэл, 6-р хорооны Засаг дарга Г.Золбаяр болон бусад хэлтэс албадын дарга нар оролцлоо.