Их аяллын дараах Хөвсгөл
Хөвсгөл нуур
2015.08.17

Их аяллын дараах Хөвсгөл

Зоос хоёр талтай байдаг шиг юм бүхэн сайн, муу үр дагавартай. Н.Алтанхуягийн тэргүүлсэн шинэчлэлийн Засгийн газрын эхлүүлсэн, үр дүнг нь үзсэн нэг том ажил бол аймгуудыг Улаанбаатар хоттой авто замаар холбох зорилт байв.

Цаг, мөнгө хэмнэх энэ зорилгодоо хүрэхийн тулд “Чингис” бондоос санхүүжилт хийж, нийслэлтэй автозамаар аймгуудыг холбосны нэг нь Хөвсгөл. Газар зүйн байрлалын хувьд Монгол орны хойморт орших, байгалийн тогтоцын хувьд Швейцарьтай зүйрлэгдэх энэ аймагт хатуу хучилттай авто зам сайныг саартай нь хамт үлдээжээ.

Наадмын сунжирсан амралтын үед Улаанбаатар эзгүйрч, “Нарантуул” захын өмнөх замын түгжрэл Хөвсгөлийн Хатгал тосгонд очсоныг хэн хүнгүй мэдэж байгаа. Ямар сайндаа л цахим сүлжээгээр Хөвсгөл аймгийн шатахуун түгээх станцууд бензингүй, АТМ-ууд мөнгөгүй, дэлгүүрийн лангуу нь бараагүй болсон гэх мэдээлэл түгэж байх билээ. Тэгэхдээ энд авто замаар 700 гаруй км давхиад очих Хөвсгөл нуурын эрэгт тухлах гэсэн нийслэлийн иргэдийг буруутгах аргагүй. Тэр тусмаа хоногийг товчилж, цаг мөнгө хэмнэсэн шинэ замыг муулах зорилго агуулахыг бүр ч зорьсонгүй. Харин нийслэлийнхний их аяллын дараах Хөвсгөл аймаг ямар байдалтай болсныг энд хуваалцъя гэж бодсон юм.

Монгол Улсын цэвэр усны нөөцийн 70 хувь, Азийн цэвэр усны нөөцийн 10 хувь, дэлхийн цэвэр усны нөөцийн нэг хувийг агуулж буй Хөвсгөл нуурын эрэг орчим аялагчдын үлдээсэн хогонд дарагдаад хоцорчээ. Нуурын эрэг тойронд аялал жуулчлалын

компаниуд, нутгийн иргэдийн хувьд ашиг орлого нэмэгдсэн ч байгальдаа бол энэхүү “нүүдэл” нь багагүй хохирол учруулсан байх юм. Нуурын эрэг орчим хаа сайгүй ундааны сав, архины шил, ариун цэврийн цаас, гялгар уут хөглөрөх. Гэтэл орон нутагт нь энэ хогийг цэвэрлэх төсөв санхүү гэж байдаггүй. Эдийн засаг хямарсан, төсөв санхүү бүрдэхгүй байгаа сургаар аймгийн удирдлагуудад ч хог цэвэрлэхэд зориулах хөрөнгө, мөнгө байхгүй аж. Уг нь Хөвсгөл нуурын тусгай хамгаалалттай бүсэд нэвтэрч буй иргэн бүрээс 300 төгрөгийн хураамж авдаг юм байна.

Гэтэл энэ мөнгөнөөс сохор зоос ч үлдээлгүй улсын төсөвт бүгдийг нь шууд татаад авчихдаг учраас байдал үнэхээр хүнд болсон байна. Өөрөөр хэлбэл, их аяллын дараа Хөвсгөл аймгийнхан хоёр сургамж авчээ. Эхнийх нь дотоод, гадаадын аялал жуулчлалыг дааж чадах дэд бүтэц, нөөц бололцоогоо нэмэгдүүлэх. Хоёр дахь нь байгалаа байгаагаар нь авч үлдэх сорилт юм. Эхнийх нь бол хувийн хэвшилдээ тулгуурлаад болчих асуудал. Харин хоёр дахь нь зөвхөн Хөвсгөл аймгийнхний төдийгүй монголчуудын асуудал

болоод байгаа юм. Очсон газар бүртээ хог хаяхгүй, тарьсан хогоо буцаагаад цэвэрлээд аваад явчихдаг бол амархан шийдэж болох асуудал мэт боловч амьдрал дээр энэ нь бүтэхгүй байгааг энэ зуны жишээ харууллаа. Тиймээс энэ асуудлыг төр бодлогын хэмжээнд шийдвэрлэх хэрэгтэй байгааг УИХ-ын гишүүд ч хэлж байна.

Хөвсгөл нуурыг хамгаалах чиглэлд УИХ-ын гишүүн Л.Энх- Амгалан “Хөх сувд” нэртэй төсөл хэрэгжүүлж эхлүүлсэн бөгөөд зургаан жил үргэлжилж буй төслийн хүрээнд нуур хамгаалах төрөл бүрийн арга хэмжээ авч байгаа аж. Өвөл нуур хөлдсөн үед тээвэр хийж яваад живсэн автомашинуудыг нуурын ёроолоос гаргах зорилготой эхэлсэн “Хөх сувд” төсөл энэ удаад Нуур цэвэрлэх аянаар үргэлжилсэн юм. Энэ сарын 9-11 хооронд үргэлжилсэн Хөвсгөл нуурын эрэг орчмын хог хаягдлыг цэвэрлэх аяны талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн байр суурийг сонслоо.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан

-Хөвсгөл нуурын хог хаягдлыг цэвэрлэх аян ямархуу үр дүнтэй болов?

-“Хөх сувд” төслийн хүрээнд Хөвсгөл нуурын эрэг орчмыг цэвэрлэх аян өрнүүллээ. Нуурын эрэг дагуух нийт 60 км газрын хог хаягдлыг цэвэрлэх аян өрнүүлж 100 орчим тонн хог цэвэрлэсэн

байна. Яагаад бид Хөвсгөл нуураа цэвэрхэн байлгах ёстой вэ гэвэл энэ бол монголчуудын бүгдийнх нь асуудал. Дэлхийн цэвэр усны нөөцийн нэг, Азийн 10, Монголын ‘цэвэр усны нөөцийн 70 хувийг бүрдүүлж буй энэ нуур бол монголчуудын баялаг, үнэ цэнэтэй зүйл нь. Аялал жуулчлал хөгжинө гэдэг нэг талаас иргэдийн орлого дээшлэх давуу талтай ч байгальдаа сөрөг нөлөөтэй. Аялал жуулчлал хөгжүүлж болох ч үүнээсээ илүү хор хохирол амсаж болох юм байна гэдгийг Хөвсгөл нуурын орчмоос харлаа. Тиймээс энэ жилээс эхлэн “Хөх сувд” төслийн хүрээнд Хөвсгөл нуураа цэвэрлэх аяныг жил болгон өрнүүлж байя гэж орон нутгийн удирдлагуудтай ярилаа.

Энд зориуд хэлэхэд, энэ аяныг орон нутгийн иргэдийн дэмжлэг, нийгмийн хариуцлагаа биелүүлсэн “Петровис”, “Эм Си Эс Кока Кола” компанийн тусламжтайгаар хэрэгжүүлсэн. Жишээ нь, “Петро- вис” компани хог цэвэрлэхэд оролцсон бүх машины шатахууныг хангалаа. “Эм Си Эс Кока Кола” сүүлийн зургаан жил аялагчдад хогны уут тарааж өгч байгаа. Энэ удаад ч мөнгөн тусламж үзүүллээ. Харин цаашид орон нутагт нуураа цэвэрлэх, цэвэрхэн байлгахад зориулсан төсөвтэй болох хэрэгтэй байна. Уг нь орон нутагт тусгай хамгаалалттай газрын хураамж гээд тодорхой хэмжээний мөнгө хуримтлагддаг юм. Гэвч энэ мөнгийг шууд улсын төсөв рүү татаад авчихдаг. Иймээс Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж тодорхой хэсгийг нь орон нутагт нь үлдээх хэрэгтэй байна. Энэ төрлийн хуулиудыг ч УИХ-ын гишүүний хувьд санаачлах болно.