Та хичээнэ-Төр дэмжинэ" гэсэн зарчмаар хөгжье
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг
2015.09.09

Та хичээнэ-Төр дэмжинэ" гэсэн зарчмаар хөгжье

Сайн байна уу тань энэ өдрийн мэнд хүргье яриагаа АХ Холбооны төвийн бүсийн чуулганы талаар эхлүүлье. 

 Ардчилсан хүчний холбоо байгуулагдсанаасаа хойш төвийн бүсийн чуулга уулзалтыг ихэнхдээ зохион байгуулж ирсэн. Чуулганд гишүүдийн, иргэд олон нийтийн оролцоо нилээд сайн байдагаараа онцлогтой. АХХ бол улс төрийн олон нийтийн байгууллага. Хуулийн хэллэгээр бол ТББ юм. Энэ холбооны гишүүнчлэлд намын харьяалал хамааралгүй, төрийн албан хаагч ч элсэж болдгоороо онцлогтой. АХХ-ны гишүүн болсноор улс оронд болж байгаа үйл явцын талаар харилцан мэдээлэл солилцох, мэдлэгээ хөгжүүлэх боломж нэмэгддэг гэж ойлгож болно. Нөгөө талаас АХХ-ны удирдах бүрэлдэхүүнд УИХ-ын олон гишүүд байдаг учир салбарынхаа асуудлыг шийдвэрлэхэд улс төрийн дэмжлэг авах, төрийн бодлогын хүрээнд холбогдох салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгоход хамтарч ажиллах боломж үргэлж нээлттэй байдаг.

 Энэ бүсчилсэн чуулгануудын давуу тал юунд оршиж байна ?

АХХ-ны бүсийн чуулган жилд нэг удаа болдог. Энэ үеэр дээр дурьдсанчлан хүмүүс хоорондоо өөрийгөө, харьяалагддаг байгуулагаа, бүс нутгаа, улс орноо хөгжүүлэх талаар мэдээлэл солилцож, хамтарч ажиллах талаар санал бодлоо хуваалцдаг нь давуу тал юм. Монголчууд бид цөөхүүлээ. Танилтай бол Талын чинээ гэдэг үнэн үг шүү. Нөгөө талаас АХХ-ны чуулган бол оролцогч бүрийн санал бодлоо илэрхийлэх чөлөөт индэр болдгоороо онцлогтой. Мөн багийн менежмент болон нийгэм, эдийн засгийн зэрэг олон чиглэлээр шинэлэг сургалтууд зохион байгуулагддаг.

Таны хувьд тус холбооны дэд ерөнхийлөгч, энэ таван жилийн хугацаанд салбар клубүүдтэй боллоо энэ талаарх таны сэтгэгдэл?

Клубын зохион байгуулалт зах зээлийн эдийн засагтай ардчилсан орнуудад иргэд багаар хамтарч ажиллахад хамгийн нийцтэй бүтэц юм. Өнгөрсөн хугацаанд олон клубууд байгуулагдан үр дүнтэй үйл ажиллагаа явуулж ирсэн. Үүний үр дүнд АХХ улс орныг хамарсан бүтэцтэй болсон гэж бодож байна. Клубуудыг энэ бүтэц, зохион байгуулалтын эргэх хүрд нь гэж ойлгох нь зохистой.

ААХ нь ихэвчлэн залуучуудын клубүүд байдаг. Клубүүдээс гаргасан санал санаачлагад тулгуурлаж хууль батлагдсан уу. Ер нь залуучуудын оролцоо ямар байна ?

Аль ч оронд нийтийн чанартай үйл ажиллагааны гол хөдөлгөгч хүч болон манлайлагчид нь залуучууд байдаг. АХХ-ны залуучууд ч улс оронд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, эх орноо хөгжүүлэхтэй холбогдсон олон сайхан, санал санаачлага гаргадаг уламжлалтай. Энд бүгдийг дурьдах боломжгүй. Гэхдээ, хөнгөн үйлдвэрийг тодруулбал ноос ноолуурын салбарыг хөгжүүлэхэд хөнгөлөлттэй санхүүжилт олгох санаачлага гарч, энэ санал ажил хэрэг болж байсан. Мөн зах зээлийн эдийн засгийн орнуудын хөгжлийн үндсэн үзэл баримтлал нь баялаг бүтээгчдийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжих явдал. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд өрсөлдөөнийг дэмжих, төрийн зохистой бус оролцоо болон зүй ёсны бус монополыг хязгаарлах зэрэгтэй холбогдсон эрх зүйн орчныг бүрдүүлэхэд АХХ-ны залуучууд идэвхтэй хамтарч ажиллаж байсан.

Саяхан УИХ-аар батлагдсан Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль зэрэг хуулиудыг батлах, хэлэлцүүлэг зохион байгуулахад АХХ-ны холбооны гишүүд, дэмжигчид идэвхтэй оролцсон.

Төвийн бүсийн чуулганд аймгуудын төлөөлөл ирнэ. Монголоо шинэчилье гэсэн нэгэн уриа доор явж байгаа нийт залуучууд болон хамтран зүтгэж байгаа  хүмүүс дээ хандан үг хэлнэ үү ?

Хүмүүн байгаа газар үргэлж шинэчлэл явагддаг. Шинэчлэл бол хөгжлийн түүчээ юм.  Тиймээс шинэчлэлийг улс орны улс төр, шинжлэх ухаан технологи, нийгэм, эдийн засгийн бүх салбарт улам хурдацтай, үр дүнтэй явуулахад хамтарч ажиллая гэж уриалж байна. 

Нөгөө талаас улс орны хөгжилд чөдөр тушаа болж байгаа "Хуулийн засаглалтай Монгол оронд хуулийг гууль болгох", "муу байх тусмаа сайн гэсэн хий хоосон улстөржилт буюу нийгмийг харлуулах Монголоо муулах сэтгэлзүй", " бэлэнчлэх сэтгэлгээний өдөөлт буюу хувиа хичээлт","Төрийн хэт их оролцоо, хүнд суртал, баялагийн ил тод тэгш бус хувиарлалтаас улбаатай баян ядуугийн ялгаа" зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд бүх Монголчуудын хамтын хүчин чармайлт ихээхэн чухал байна.

Миний хувьд 2015 он гарсаар АХХ-ныхоо үйл ажиллагааны хүрээнд  "Бүтээлч Монгол Хүнээ Дэмжье" уриатай "Монголоо шинэчилье" клубыг байгуулж ажил, мэргэжил, хүсэл зорилго нэгт нөхдүүдтэйгээ хамтран ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд "Бүтээлч Монгол Хүнээ Дэмжье", "Улстөрийн үзэл баримтлал ба консерватив үзэл", " "Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж ба эдийн засгийн тогтвортой өсөлт" зэрэг олон нийтийн хэлэлцүүлгүүдийг амжилттай зохион байгуулсан. Мөн УИХ-д "Хөгжлийн судлаач болон инженерийн үйл ажиллагааг дэмжих" лобби бүлгийг байгуулан ажиллаж байна. Бусад орны туршлагаас харахад цаашид Монгол улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад ажиллах хүчний техник, технологийн боловсрол, инженерийн ур чадварын хөгжил хамгийн чухал гэдэгт эргэлзэхгүй байна.

Өнөөгийн Манай орны эдийн засгийн голлох салбарууд нь анхан шатны бүтээгдэхүүний экспортод тулгуурлаж байна. Олон улсын зах зээл дээр түүхий эдийн үнэ байнга хэлбэлзэлтэй байна. Энэ зах зээл дээрх түүхий эдийн уналтыг зарим Улс төрчид, улс төрийн нам бусдадаа буруу өгч байгаа нь дэндүү хоцрогдсон, явцуу явдал юм. Ямар ч хөрөнгө оруулагч ашиг ихтэй салбарт илүү ихээр хөрөнгө оруулах нь энгийн ойлголт. Харин хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой байдаг. Тиймээс цаашид Монгол улс аж үйлдвэржсэнээр л  эдийн засгийн өсөлт тогтворжих болно. Олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд технологийн түвшний хөгжил, ажиллах хүчний ур чадвар, хөрөнгийн хуримтлал зэрэг нь хамгийн чухал байдаг.

Аж үйлдвэржих, импортлогч орноос экспортлогч орон болж хөгжихөд тухайн орны иргэн бүрийн үүрэг оролцоо амин чухал байсаар иржээ. Энд цаг хугацаа, тэсвэр тэвчээр хэрэгтэй. Иргэд дотроос баялаг бүтээгчид буюу хувийн хэвшилд ажиллаж байгаа бүтээлч монгол хүндээ садаа болохгүй дэмжиж ажиллах нь маш чухал байна. Монгол улс хувийн хэвшилд суурилсан зах зээлийн эдийн засгийн зарчмаар хөгжих эрх зүйн зарчимтай орон. Өнөөгийн байдлаар нийт хүн амын дөнгөж гуравны нэг гаруй нь бизнесийн салбарт ажиллаж байна. Иймээс цаашид Монгол улсын төр засгийн эдийн засгийн бүх үйл ажиллагаандаа "Та хичээнэ-Төр дэмжинэ" гэсэн зарчмыг тууштай баримтлах шаардлагатай үед ирсэн. Энэ бол сэтгэлгээний хувьсгал юм. Онцолж хэлэхэд "Монгол хүн Монгол хүнээрээ бахархдаг" болсон үед хөгжил дэвшлийн хурдац  хоёр дахин нэмэгдэх болно.

 "Хичээсэн Хүн Урамтай Амьдардаг. Сайхан Монгол Орноо Хамтдаа Хөгжүүлье" гэж уриалж байна.