“Дархан цаазат богдхан уул” номын нээлт, эрдэм шинжилгээний бага хурал боллоо
Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгат ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болон “Дархан цаазат Богдхан уул” номын нээлт, эрдэм шинжилгээ, хэвлэлийн бага хуралд БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Ширэндэв болон бусад газрын дарга нар, эрдэм судлаачид, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газрын хамт олон оролцлоо.
Бага хурлыг нээж Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Ширэндэв үг хэллээ. Мөн сайд Н.Батцэрэг “Богдхан уул бол Монголчуудын хувьд үнэт зүйл юм. Гайхалтай сайхан өв соёлоо харуулж байгаа. Уул уус, байгаль орчноо хайрлая гэвэл хогоо хаяхгүй байхад л болно. Энэ нь мянга мянган жил өвөг дээдсээс минь уламжилж ирсэн байгалиа хадгалж, хүндэлж байгаагийн илэрхийлэл юм” хэмээн хэлсэн юм.
/25-р суваг тв/
“Дархан цаазат Богдхан уул” номын ерөнхий редактор Л.Одончимэд хэлсэн үгэндээ “Н.Батцэрэг сайдын “Дархан цаазат Богдхан уул” номын өмнөх үгэнд хэлсэн байгалиа хамгаалах гэдэг нь төр, шашин, иргэдийн нэгдмэл уламжлалт зан үйл юм гэж хэлсэн нь их оносон үг байна. Богдхан уулын тухай магтаал, дуу, шүлэг, найраглал бол хэдэн арваараа тоологдох байх. Харин ном бол цөөхөн.
Найман бүлэгтэй, Богдхан уулын домог яриа, түүхийн баримт, шинжлэх ухааны үндэслэлтэй үнэн бодит мэдээлэлд тулгуурласан, танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой энэхүү ном нь олон нийт, сургуулийн сурагчид, их дээд сургуулийн оюутнууд, эрдэм шинжилгээний ажилтан гээд бүхий л хүмүүст хэрэгтэй сайхан ном болсон.”хэмээн онцлон хэлсэн билээ.
Эрдэм шинжилгээний бага хуралд Хустайн байгалийн цогцолборт газрын зөвлөх, доктор, профессор Ц.Өөлд “Богдхан уулын санал зөвлөмж”, Биологийн ухааны магистр Р.Энхтуул “1988-2008 оны Богдхан уулын судалгааны ажлын тойм”, Шинжлэх ухааны академийн “Ботаник хүрээлэн” эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор О.Энхтуяа “Богдхан уулын ургамлын тухай” сэдвүүдээр оролцлоо.