Нийгэмд тарсан цуурхал биш АТГ-ын судалгааг үзэх хэрэгтэй
УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ
2015.10.28

Нийгэмд тарсан цуурхал биш АТГ-ын судалгааг үзэх хэрэгтэй

УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэтэй ярилцлаа. 

-Танай "Шударга ёс" эвслийн бүлэг өргөтгөсөн байдлаар хуралдсан гэсэн. Хуралдаанд хэн хэн оролцсон, ямар асуудал хэлэлцсэн талаар мэдээлэл өгнө үү?

-Бид өргөтгөсөн хуралдаан хийж дөрвөн асуудал хэлэлцсэн. Сонгуулийн тухай, Өршөөлийн тухай, Үндсэн хуулийн өөрчлөлт болон Төсвийн тухай хуулийг хэлэлцсэн. Хуралд намын удирдлагууд болон нарийн бичгийн дарга нар оролцож саналаа хэлсэн.

-Бүлгийндаргын сонгууль хэзээ болох вэ? Шинэ даргаа сонгосон уу?

-Үгүй.

-Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэлэлцүүлгээс танай эвслийн бүлэг нэмэлт завсарлага авсан нь ямар шалтгаантай юм бэ?

-Өмнө нь УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага  авсан, хугацааг нь сунгасан. Энэ удаад манай бүлэг тав хоногийн завсарлага авч, мөн хугацааг гурав хоногоор сунгачихаад байна. Тухайн үед гишүүдийн ирц хангалтгүй байсан. Дээр нь ажлын хэсгийн ахлагч Ц.Оюунбаатар гишүүн гадаадад албан томилолттой байсан. Хуулийн өөрчлөлтийг амжилттай хэлэлцүүлэх үүднээс ирц хангалттай байх ёстой гэж үзэн, улс төрийн нөхцөл байдлаа харж завсарлага авсан юм.

-Хуульд хамрагдах ёстой нийт хүнд биш нэг хүнд зориулсан хууль учраас ийм алхам хийсэн гэсэн хардлага байна. Энэ нь танай намын даргатай холбоотой юу?

УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ

-Ийм яриа одоо биш хэдэн жилийн өмнөөс гарсан. Гишүүд Өршөөлийн хуулийн төслийг санаачилсан тэр өдрөөс гарсан хар бараан зүйл өнөөдөр ч дуусаагүй байна. Төрд алба хашиж явсан хүмүүсийг хамруулахгүй гэсэн улстөржилт их явж байна. Эвслийн бүлэг нэмэлт завсарлага авсан нь хардлагыг улам дэврээсэн байх. Хуулийг анхнаас  нь явуулахгүй байх гэсэн Ерөнхийлөгчийн санаачилга бий. Авлига, албан тушаалын хэрэгтнүүдийг өршөөх гэж байна гэсэн хардлагыг нийгэмд маш их тараасан. Ийм цуурхал биш АТГ-аас гаргасан судалгааг үзэх хэрэгтэй.

-Ямар судалгаа юм бэ?

-Тэр судалгаанаас үзвэл 112 хүний 46 нь аж ахуйн нэгжийн захирал, 22 нь цагдаагийн алба хаагч бий.  Ерөнхийлөгчийн яриад байсан авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүн байна уу гэсэн тоон судалгааг харах хэрэгтэй. 11 төрийн нарийн бичгийн дарга, хоёр гишүүний асуудал бий.  Энэ нь өмнөх болон, одоо ажиллаж байгаа хүмүүстэй холбоотой юм шиг байгаа юм. Нэгэнт Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан болохоор хэрэгжүүлэх ёстой. Үүнийг хүлээж буй маш олон хүн байгаа. Яагаад ийм хууль гаргасан бэ гэсэн асуулт бий. 

-Хуульд өөрчлөлт оруулах төслийг хаалттай хэлэлцэх санал гарсан. Яагаад хаалттай хэлэлцэх ёстой гэж үзэж байгаа вэ?

-Хаалттай хэлэлцэх ёстой. Яагаад гэвэл УИХ-ын гишүүд хэлсэн үг, гаргасан үйлдлийнхээ төлөө ямар нэгэн хариуцлага хүлээдэггүй. Бас ямар ч дарамтад орж болохгүй. Өршөөлийн хуулийг олон хүн хүлээж байгаа учраас гишүүдийг занах, дарамт үзүүлж болохгүй гэдэг үүднээс хаалттай хэлэлцье гэж байгаа юм. Өршөөлийн хууль бусад хуультай адил биш, тусгай зохицуулалттай, нэг удаа л үйлчилдэг шүү дээ. Гэвч энэ хуулийг явуулахгүй гэсэн сэдэл санаа нь Ерөнхийлөгчид байна.

-Нэмэлт өөрчлөлтөд 11 зүйл багтсан гэсэн. Энэ заалтуудаас аль нь болохгүй болоод хэлэлцүүлэг гацчихав?

-Ерөнхийлөгчийн хүссэнчлэн 11 зүйлээр байнгын хорооны хуралдаан дээр санал хураасан.  Хуралдаан нээлттэй болсон. Эндээс ганцхан зүйл буюу “хээл хахууль авах” гэсэн заалт өршөөлд хамрагдаж болохгүй гэсэн санал л боссон.Бусад нь унасан. Боссон санал дээр би цөөнх болсон. Яагаад гэвэл хээл хахууль өгөх, зуучлахыг өршөөлд хамруулъя гэхэд Ерөнхийлөгч үүнд хориг тавиагүй. Өгөх, зуучлах хоёрыг авахтай хамтатгах гэхээр нийлүүлж санал хураалгаж болохгүй бай­гаа. 2016 оны сон­гууль болох гэж байна. АТГ-аас хөрөнгө орло­гын урьдчилсан мэдээлэл авдаг. Энэ үед өрсөлдөгчөө гүтгэх, хээл хахууль авсан гэсэн гүтгэлэг явуулж, хэлмэгдүүлэлт гарч болзошгүй. Иймд хээл хахуультай тэмцье гэж байгаа бол өгөх, зууч­лахыг хамтад нь оруулж ирэх ёстой. Тэгэхээр ийм зүйл улс төрийн зорилгоор ашиглагдана гэж үзсэн болохоор би цөөнх болж байгаа юм.

-Намууд өөрсдийнхөө хүмүүсийг өршөөлд хамруулахын тулд талцаж байгаа гэсэн хардлага бий. Энэ үнэн үү?

-АТГ-ын судалгаанд дурдсан 112 хүн бий. Тэр судалгааг хар гэж дахин хэлье. Хэрэгт шалгагдаж байгаа 112 хүнээс болж нийт 8000 гаруй хоригдлын эрх хөндөгдөж байна шүү дээ. Өршөөлийн хууль албан тушаал, ажил мэргэжил харгалзахгүйгээр үйлчлэх ёстой. Түүнээс төрд ажиллаж байсан, жирийн ардын хүүхдүүд гэж ангилж, өршөөлд хамруулж, бас үлдээж болохгүй биз дээ. Хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хориг хэсэгчилсэн боловч бүхэлдээ тавигдсан. Энэ улстөржилт тэр хүнд байгаа. Ийм үйлдэл зөв үү, гэмт хэрэгт холбогдсон хүмүүсээ төр нэг удаа өршөөе гэдэг нь зөв үү гэдгийг ялгаж ойлгох хэрэгтэй байна.