Би ийм даргатай “Шударга ёс” эвслийн бvлгийн ажилд оролцохгvй
УИХ-ын Өргөдлийн байнгын хороон дарга О.Баасанхүү сүүлийн үед нам гүмхэн байх болов. Мэдээж УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хаягласан иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлт таг зогсчихоогүй нь лавтай.
Харин О.Баасанхүү дарга яагаад мэдээллээ хийхгүй, Өргөдлийн байнгын хороо ажиллаж байгаа эсэх нь мэдэгдэхгүй байгаа талаар сонирхон түүнтэй уулзаж ярилцлаа. Харин тэрээр хуучнаараа л инээж хөхрөн, 2016 оны төсвийн төслийн баримт бичигтэй анхааралтай танилцаж суухад нь өрөөнд нь орлоо.
Тэрээр “ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах тэмцэл нам зогсчихсон юм байхгүй, баримт материал цуглуулж байна, нэлээн ноцтой юмнууд ч бий” гэсээр намайг угтсан юм.
-Өнөөдөр МАХН шинээр 1000 гишүүн элсүүлж нэг ёсны нэлээн томоохон баяр ёслол болж байгаа нь тодорхой. Та шинэ гишүүн элсүүлэх ёслолд оролцоогүй юмуу?
-Гадуур өөр ажилтай явж байгаад дөнгөж сая орж ирлээ. Н.Энхбаяр, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, З.Баянсэлэнгэ гээд манай дарга нар байгаа байх аа. Намын удирдлагууд очсон байхад би тэнд заавал байгаад байх шаардлагагүй л дээ.
-Сүүлийн үед таны хувьд “Шударга ёс” эвслийн бүлгийн ажилд тэр бүр оролцохгүй байх шиг байна. Ямар нэгэн санал зөрөлдөөн байгаа юмуу?
-Би “Шударга ёс” эвслийн бүлгийн ажилд оролцохгүй гэдгээ мэдэгдчихсэн шүү дээ. Дотоод ажилд нь оролцохгүй байх гурван шалтгаан байгаа юм. Гэхдээ одоогоор “Шударга ёс” эвслийн бүлгээс гарчихсан юм байхгүй. Яагаад гарахгүй байна гэвэл МАХН УИХ-д долоон гишүүнтэй. УИХ-д долоон гишүүнтэй нам гэдэг бол дангаараа бүлэг байгуулчих шахуу томоохон улстөрийн хүч шүү дээ. Гэтэл харамсалтай нь өнөөдөр МАХН УИХ дахь эвслийн бүлгийн даргын асуудлаа шийдэж чадахгүй яваад байгаа.
Хоёрдугаарт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дубайд шөнө дөлөөр дур мэдэн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээнд гарын үсэг зурсан бэлээхэн маш ноцтой асуудал байсаар байхад “Шударга ёс” эвсэл хангалттай тэмцэж, байр сууриа хамгаалж чадахгүй байна. Бүлгийн гишүүд нь байр сууриа тодорхой илэрхийлж чадлынхаа хэрээр тэмцээд байхад бүлгийн даргаасаа эхлээд маш мөлгөр, бөөрийнхийлсөн байдлаар өнөөдрийг хүртэл аргацааж ирсэнтэй хойшид эвлэрэх боломжгүй.
Дээрээс нь Монгол улсын ирээдүй, ард түмний хувь заяатай холбоотой томоохон асуудал ярихаар “Шударга ёс” эвсэл даргаасаа эхлээд үнэхээр хөөрхийлөлтэй, арчаагүй, зориг зүрхгүй байдлаар хандсаар байгаа нь миний тэвчээрийг барсан. Ялангуяа Оюутолгой, Тавантолгойн асуудлууд дээр ямар нэгэн шийдэл олох гарц хайх, өөрсдөө зоригтой хувилбар боловсруулан танилцуулж олонхиор дэмжүүлэх чадваргүй байгаа нь бүлгийн ажилд оролцохгүй байх шийдвэр гаргахад голлон нөлөөлсөн.
Монгол Улсын сайд М.Энхсайхан гэдэг хүн “Шударга ёс” эвсэлд МҮАН-ын байр суурийг тулган хүлээлгэх маягтай ажиллаад удаж байна. Түүний үгнээс гардаггүй, баруун гар нь болох Н.Батцэрэг гэдэг хүн УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийг маш мөлгөр, бөөрөнхийлсөн байдлаар удирдаад удаж байна. Миний тавьж байгаа шаардлага бол нэгдүгээрт Н.Батцэрэг гэдэг хүнийг бүлгийн даргаас солих ёстой. Хоёрдугаарт 2016 оны сонгууль ойртож байгаа энэ цаг үед сонгуулийн бэлтгэл ажлыг шат дараатай, дэс дугаартай зоригтой, чадварлагаар хийх ёстой.
-Жишээлбэл 2016 оны сонгууль угтаж ямар ажлуудыг зоригтой, чадварлаг хийх ёстой вэ?
-Ирэх хавраас Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдал улам л хүндэрнэ. Ирэх оноос их өрийн зарим хэсгийг төлж эхэлнэ. Энэ нь 3.4 их наядын тухай ярьж байгаа хэрэг шүү дээ. Өр төлөх хэмжээ нэмэгдсээр 2017 онд зургаан их наядаар хэмжигдэх хэмжээнд хүрнэ. Гэтэл Оюутолгойн 51 хувийг Монгол Улс эзэмших ёстой, Тавантолгойг 100 хувь ард түмний мэдэлд шилжүүлэх ёстой гэсэн МАХН-ын чиг шугамыг “Шударга ёс” эвсэл огт дурсахгүй, Н.Батцэрэг гэдэг мөлгөр хүнээс болоод эдгээр асуудлууд үндсэндээ мартагдаж эхлээд байна.
Мөн хэлмэгдүүлэлтйин асуудлыг системтэйгээр 100 зогсооё гэж ярьсан ч энэ бүх яриа зүгээр л цаасан дээр үлдэж байгаа нь удирдлагын чадвар, сэтгэл зоригтой л холбоотой. Имй мөлгөр, бөөрөнхий бүлгийн дотор ажилласан ч биш байсан ч биш болж явах нь ямар ч утгагүй болчихоод байгаа юм. Гэхдээ дахиад тодруулахад би “Шударга ёс” эвслийн бүлгээс гараагүй шүү. Яагаад бүлгээс гарахгүй байна вэ гэвэл 190 мянган гишүүд, дэмжигчидтэй МАХН гэдэг том айлын нэрийг УИХ-д төлөөлж суугаа долоон гишүүнийх нь нэгний хувьд надад намын өмнө хүлээх үүрэг, хариуцлага байх ёстой юм.
МАХН өнөөдөр хүчтэй байна уу, сулхан байна уу ямар ч байсан УИХ-д бүлэгтэй байлгах ёс суртахууны үүрэг хариуцлага бидэнд байгаа. Харин бүлгийн ажилд оролцохгүй байгаа өнөөдрийн миний тэмцэл бол УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэгт ташуур өгч байгаа л үйлдэл юм. Яг үнэнийг хэлэхэд өнөөдөр “Шударга ёс” эвслийн бүлгийн байр суурь, түүнийгээ илэрхийлж байгаа байдал нь үнэхээр ичмээр, нүүр улаймаар юм байгаа. Та бүхэн ч анзаарч л байгаа байх.
-Засгийн газрыг шинээр эмхлэн байгуулах үед АН-ын бүлгийн дарга “Шударга ёс” эвслийн бүлэг дээр орж ирээд зааж, зааварласан гэдэг байх аа?
УИХ-ын Өргөдлийн байнгын хороон дарга О.Баасанхүү
-Тэгсэн. Үнэхээр ичмээр, хүлээн зөвшөөрмөөргүй юм болоод өнгөрсөн. Б.Гарамгайбаатар сэгсэлзэж орж ирээд “За та нар хэнийгээ сайд болгох гэж байна. Бид та нарт чиглэл өгье” энэ тэр гээд холион бантан хутгасан. Хамгийн хачирхалтай нь МАХН-ын дарга Н.Энхбаяр Б.Гарамгайбаатарын тэрхүү байж боломгүй тулган шаардалт маягийн юмыг хүлээн зөвшөөрснийг би одоо хүртэл гайхдаг. Ингэж яагаад ч болохгүй шүү дээ.
Гэхдээ ингэж ярихаар “Баасанхүү сайд болоогүйдээ ингэж байна” энэ тэр гээд явчихдаг байхгүй юу. Гэтэл надад сайд болох ямар ч сонирхол, амбиц байгаагүй. Хүн зарчим ярихаар нөгөө талд нь амбиц яриад явчихдаг.
-Уг нь сайд болох дургүй хүн байдаггүй л гэх юм билээ?
-Би Ч.Сайханбилэгийг огцруулъя гэсэн Г.Уянгаагийн тэмцлийг эхнээс нь дэмжээд гарын үсгээ зурчихсан хүн. Тэр ч байтугай өөрөө ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулъя гэж зургаан сайдын асуудлаас өмнө баахан юм болчихоод тэр кабинетэд нь орж ажиллъя гээд явж байх тэнэг байх уу. Би МАХН-ын 190 гаруй мянган гишүүд дэмжигчдийн саналыг нэгэнт л гаргаж ирсэн бол, энэ нам 90 жилийн түүхтэй нам мөн л бол байр суурь маш тодорхой байх ёстой.
Түүнээс биш сүүдэрт нуугдсан, амиа аргацаасан, өдөр хоног өнгөрүүлсэн хөөрхийлөлтэй улстөр хийгээд байх нь ямар ч хэрэггүй, шаардлагагүй. Нэгэнт Засгийн газар байгуулж л байгаа юм бол байгуулсан шиг байгуулах хэрэгтэй. Бид ч сүүдрийн Засгийн газар байгуулаад байх ямар ч шаардлагагүй. Харин Засгийн газарт бүлгээс сайд тодорсон бол бүх талаар дэмжиж, туслаад явах ёстой.
-Тэгвэл “Шударга ёс” эвслийн бүлэгт тантай санал нэгтэй, гар нийлэн ажилладаг гишүүн байна уу?
-Байлгүй яах вэ дээ. Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Г.Уянга, З.Баянсэлэнгэ, Л.Цог гээд бүгдтэй нь л гар, сэтгэл нийлээд ажилладаг. Тэгж ярьвал Н.Батцэрэг дарга бид хоёр ч хувь хүнийхээ хувьд энгийн сайхан харилцаатай. Улстөрчийн хувьд ч байдаг л нэг хэвийн товариш. Ер нь аль эсвэл Н.Батцэрэг дарга МАХН-ын гишүүн болох хэрэгтэй.
Гэхдээ би энд гагцхүү бүлгийн ажлын талаар зарчим ярьж байна шүү. Ингэж аймхай хулчгар, гуйвж дайвсан байдлаар ажилласан болоод байх юм бол 2016 оны сонгуульд МАХН, МҮАН-ыг зүгээр л шороотой нь хутгаад хаячихна гэсэн үг. Би ийм л байр суурьтай байгаа болохоор “Шударга ёс” эвслийн бүлгийн ажилд оролцохгүй байгаа.
-Тэгвэл таныхаар “Шударга ёс” эвслийн бүлгийг хэн даргалвал илүү зоригтой, чадвартай ажиллаж чадах вэ?
-“Шударга ёс” эвслийн бүлгийн даргыг МАХН-ын гишүүдээс тавих ёстой. Жишээлбэл Д.Тэрбишдагва, Ч.Улаан гээд туршлагатай, бас ч гэж зангаргатай улстөрчид байна шүү дээ. Д.Тэрбишдагва даргын тухайд МАХН-ын дэд дарга учир 2016 оны сонгуулийн өмнө намын зорилго, бодлого чиглэлийг илүү өргөн хүрээнд, бодитойгоор ажил хэрэг болгох боломжтой. Ч.Улаан гишүүний хувьд зургаан удаа парламентад сонгогдсон, Монгол Улсынэдийн засаг, санхүү, банкны системийг маш сайн мэдэх хүний хувьд ялангуяа 2016 оны төсөв хэлэлцэж байгаа энэ эгзэгтэй цагт бүлгийн байр суурийг маш тодорхой илэрхийлэх чадвартай хүн.
Өнөөдрийнх нь 10 гишүүнтэй МҮАН-ын байр суурийг “Шударга ёс” эвслийн бүлгийн байр суурь юм шиг олон нийтэд ойлгуулж, сурталчлаад байгааг би яагаад ч хүлээн зөвшөөрч чадахгүй. Үнэндээ МҮАН бол эрхзүйн хувьд чадвар муутай, үнэндээ 10-хан гишүүн дээр л тогтнож байгаа нам шүү дээ. Шаардлагатай гэвэл МҮАН-ын гишүүд “Шударга ёс “эвслийн гэрээг задлах хэрэгтэй. Бид нар эцсийн эцэст 2016 оны сонгууль руу явах гээд байгаа юмуу, аль эсвэл ингээд л өнөөдрийнх шиг үлгэн салган сажлаад байх юмуу. Ингэж болохгүй шүү дээ.
-Та түрүүн аль эсвэл Н.Батцэрэг дарга МАХН-д элсэх хэрэгтэй гэлээ. Хүний итгэл, үнэмшлийг тэгж хамаагүй зааж зааварлаж болох уу?
-МАХН гэсэн дөрөвхөн үсгийн араас Монголын ард түмний 10 хувь нь баталгаатай зогсож, итгэл үнэмшлээрээ дагаж байгаа юм шүү. Харин МҮАН гэдэг бол үндсэндээ М.Энхсайхан дарга, Г.Уянга гэсхийгээд л зогсох, үндсэндээ ард түмнээс ямар ч санал авахгүй нам шүү дээ.
-Анхнаасаа М.Энхсайхан даргатай хамт явсан Н.Батцэрэг дарга МҮАН-аас гарч, МАХН-д орно гэхээр санаанд нэг л багтахгүй байх юм?
-Миний хувьд анхнаасаа М.Энхсайхан даргатай эвсэхийн эсрэг саналтай байсан хүн. Анх энэ тухай яриа өрнөхөд би шууд эсэргүүцэж байсан. Тухайн үед Н.Энхбаяр дарга өөрөө ч эвслийг байгуулахдаа МҮАН-тай эвсье гэж бодоогүй байсан юм шүү. Гэхдээ яг эцсийн мөчид МАХН-ынхаа ялалтад итгээгүй юм. Дангаараа орвол дэндүү жулдах юмшиг санагдаад байсан байх л даа. Тэгээд эцсийн мөчид л М.Энхсайхан даргатай гар барилцчихсан. Миний хувьд анхнаас нь л үүнийг хүлээн зөвшөөрөөгүй юм.
-Н.Энхбаяр, М.Энхсайхан дарга нар Отгонтэнгэр хайрханы орой дээр хамтдаа гарч бараг л тангараг өргөсөн байх шүү?
-Тэр хувь хүмүүсийн хоорондын асуудал улстөрд огт хамаагүй шүү дээ. Ер нь улстөрд хувийн харилцаа шал дэмий, хэрэггүй зүйл. Улстөр хийх гэж байгаа бол найз нөхрийн харилцаа, найр наадам хэрэггүй л байхгүй юу даа. Ингэж эхэлсэн эвсэл, холбоо ихэвчлэн задарч, бутардаг нь улстөрийн бичигдээгүй хууль юм билээ.
-Тэгвэл таны хувьд хувь хүнийхээ талаар МАХН-ын дарга Н.Энхбаяртай сүүлийн үед ямархуу харьцаатай байгаа вэ?
-Зүгээр жирийн, байдаг л харилцаатайгаа байгаа. Уулзаж, ярилцаж хэвийн улстөрийн үйл ажиллагаа үргэлжилж байгаа.
-Н.Энхбаяр даргын ажлын албаны дарга Ц.Шаравдорж гуай “Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хориг бол ганцхан МАХН-ын даргад зориулсан хориг” гэж байсан. Харин та Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-Магадгүй Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хориг ганцхан Н.Энхбаяр даргад зориулагдсан мэт харагдаж байхыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл 148 дугаар зүйл чинь авлига, албан тушаалын хэрэг биш, Эдийн засгийн гэмт хэрэг биз дээ. Тэгээд ч энэ борчуудын хэргийн зүйлчлэл биш л дээ. Эдийн засаг дотроо мөнгөтэй, мөнгөгүй хүмүүсийн хоорондын харилцааны л асуудал байдаг. Тэгэхээр МАХН-ын байртай холбоотойгоор Н.Энхбаяр даргыг 148 дугаар зүйлийн дөрвөөр АТГ-т шалгаж байгаа нь өөрөө асуудалтай.
Яагаад гэвэл АТГ-ын харьяалалд эдийн засгийн залилангийн хэрэг байдаггүй юм. Түүхэндээ анхны удаагийнх нь л Н.Энхбаяр даргын хэрэг болж байгаа байх. Үндсэндээ харьяалалын бус хэргийг АТГ татаж шалгаад байгаа хэрэг л дээ. Минйи мэдэж байгаагаар цагдаагаас “Энэ бол гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, хэрэг биш байна, хүчингүй болгоё” гэж буцаасан юм шүү дээ. Миний зүгээс тухайн үеийн прокурор, өнөөдрийн Хуульзүйн сайд Д.Дорлигжав гэдэг нөхөр л энэ хэргийн харьяаллыг АТГ-т шилжүүлсэн гэж хардаж явдаг.
-“Шударга ёс” эвслийн бүлэг Өршөөлийн хуулиар хоёр удаа тав хоногийн завсарлага авсан нь хууль зөрчсөн үйлдэл гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоос эхлээд олон хүн үзэж байгаа юм билээ. Энэ талаар та хуульч хүний хувьд юу хэлэх вэ?
-Хоёр удаагүй завсарлага аваагүй л дээ. Эхнийх нь өнгөрсөн сарын 8-нд авсан бол Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх эсэх дээр авсан гэж би ойлгож байгаа. Одоо бол шинэ төсөл дээр завсарлага авсан. Энэ талаар УИХ-ын Дэгийн тухай хуульд тодорхой заачихсан байгаа. С.Бямбацогт тэгж үзэж байгаа бол Үндсэн хуулийн цэцэд л өгөх хэрэгтэй шүү дээ. Худлаа сенсаци дэгдээгээд байх шаардлагагүй. МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва завсарлага авах санал гаргасан зөвшөөрсөн хүн нь УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж байсан. Энэ чинь буух эзэнтэй, буцах хаягтай зүйл шүү дээ.
-Сүүлийн үед Халхголын чөлөөт бүсийн талаар нэлээн ширүүн маргаан, мэтгэлцээн явж байгаа. Та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Чөлөөт бүс байгуулах л хэрэгтэй, би дэмжиж байгаа. Тэртэй тэргүй унаад, хатаад алга болдог өвсийг Хятадууд орж ирээд хадаад, худалдаж аваад аймаг орон нутагт орлого оруулж яагаад болохгүй гэж. Ер нь хавтгайрсан туйлшралаа одоо жаахан хазаарламаар л байгаа юм.
-Сүүлийн үед Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Баасанхүү гурав МАХН-аас гарах гэж байгаа гэсэн яриа яваад байна. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Наадах чинь зүгээр л “Бор шувуу” байна. Миний хувьд АН-д 10-аад жил гишүүн байсан нь үнэн. Харин зарим хүн шиг хоёр гарч, хоёр элсэнэ гэсэн асуудал ерөөсөө байхгүй. Тэр талаар тайван байж болно.