Сонгуулийн тухай хуулийг яаралтай хэлэлцэх хэрэгтэй гэв
УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон төсвийн тухай хуулиудыг хэлэлцсэн тухайгаа мэдээллээ.
Тус бүлэг Сонгуулийн тухай хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцэж, батлах хэрэгтэй” гэдэгт санал нэгджээ. Тус бүлэг УИХ-ын гишүүн Р.Бурмаагийн ахалсан ажлын хэсгээс боловсруулсан сонгуулийн тухай хуулийн төслийг дэмжиж байгаа гэнэ. Засгийн газраас санал авахаар өргөн барьсан Сонгуулийн хуульд найман зүйл заалтын санал хүргүүлсэн.
Хяналтын тооллого хийх, төрийн байгууллагуудын ажиллах эрх хэмжээ, нэр дэвшүүлэх тухай, төрийн албан хаагчийн оролцооны тухай нийт найман зүйл заалтад өөрчлөлт оруулах санал хүргүүлээд байгааг дуулгав.
/Тв9 телевиз/
“Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг “УИХ-аас байгуулагдсан Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг олон сар ажилласан ч тодорхой шийдэлд хүрээгүй байна. Түүнчлэн ажлын хэсгээс боловсруулсан Сонгуулийн тухай хуулийн төслийг тун удахгүй өргөн барихаар төлөвлөөд байна. Өнөөдөр бүлгийн хуралдаанаар сонгуультай холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслүүдийг өргөн барьсаны дараа нарийн хэлэлцэх болно” гэлээ.