Улстөржилт нь ихэдсэн учраас гишүүд кнопоо дарж чадаагүй
Өршөөлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны дараа МАХН-МҮАН-ын 'Шударга ёс” эвслийн бүлэг Засгийн газраас гарна гэх мэдээлэл цацагдсан юм. Энэ талаар тус бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгээс тодрууллаа.
-Өнгөрсөн наймдугаар сараас хэлэлцэж эхэлсэн Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан баталлаа. Хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн талаар та ямар байр суурьтай байгаа вэ?
-Аливаа хууль, тогтоомжийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр амьдарч, ажиллаж байгаа бүх хүнд ижил тэгш үйлчлэхээр баталдаг. Энэ дагуу Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгт шалгагдаж байгаа болон ял эдэлж буй зарим хүмүүст зориулан баталлаа. Өнгөрсөн зунаас эхлэн Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэлэлцэж, бас улстөржүүлсэн. Уг хуулийг хэн нэгэн хүн эсвэл аль нэг намд зориулж боловсруулаагүй.
Амьдралдаа алдсан хүмүүст нэг удаа өршөөл үзүүлэх үүднээс санаачилсан. Гэвч хэлэлцүүлгийн явцад улстөржүүлж, хөндлөнгийн дайралт их ирлээ. Улстөржилт нь ихэдсэн учраас гишүүд өөрсдийнхөө кнопыг дарж чадахгүйд хүрсэн. Ерөнхийлөгч, АТГ, Улсын прокурорын ерөнхий газраас албан тоотыг удаа дараа ирүүлсэн байна. Эцэстээ, олон улсын байгууллагаас УИХ-ын гишүүдэд хаягласан албан бичгийг өнгөрсөн долоо хоногт ирүүлсэн.
Монгол Улс парламентын засаглалтай юу, аль эсвэл хууль хүчний байгууллагын засаглалтай орон уу гэдгийг уг процесс харуулж өгсөн. Өөрөөр хэлбэл, парламентын дээр хууль, хүчний байгууллага байгааг нотоллоо. Хууль, хүчний байгууллагаас хараат байгаа бид яаж хууль тогтоох дээд байгууллагад ажиллах юм.
-“Шударга ёс” эвсэл авлига, албан тушаалын хэргийг өршөөлд хамруулах сонирхолтой байсан. Гэвч энэ хэсэгт өршөөл үзүүлэхгүй гэсэн шийдвэр гарлаа. Шийдвэр ингэж гарах нь зөв юм биш үү?
-Өршөөл үзүүлэх тухай хуулиас авлига, албан тушаалын гэмт хэргийг хассанаараа авлигатай тэмцэж байна гэж үзэх нь өрөөсгөл ойлголт. Ерөнхийлөгчийн зүгээс Өршөөл үзүүлэх тухай хуульд хэсэгчилсэн хориг тавьсан. Хэдийгээр хэсэгчилсэн гэж байгаа боловч хориг хуульд бүхэлд нь үйлчилсэн. Хэрэв нэмэлт, өөрчлөлтийг УИХ хийгээгүй бол хэн ч өршөөлд хамрагдахгүй байсан юм.
УИХ-ын гишүүд өөрсдийн кнопондоо эзэн нь болж, эрх зүйн тогтолцоог шинэчлэх ёстой. Магадгүй Өршөөл үзүүлэх тухай хуулийг анхнаасаа хүлээн, харж суусан хүмүүс юу болсныг сайн мэдэж байгаа байх. Уг хуулиар бусдыг ялгаварлан гадуурхсан гэж би дүгнэж байгаа. Төр өөрийн алдаагаа засахын тулд өршөөл үзүүлдэг. Харамсалтай нь, төр алдаагаа засаж чадсангүй.
-Энэ хуулиас болж МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл Засгийн газраас гарна гэх мэдээлэл цацагдлаа. Энэ хэр бодитой вэ?
-МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа хамтарсан Засгийн газарт орж ажилласан. Хамтарч ажиллах хугацаандаа гэрээгээ нэг ч удаа зөрчөөгүй.
Ардчилсан нам болон өөрсдийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд бүхий л бололцоогоороо ажиллаж байна. Үүнийг гуйвуулж болохгүй. Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэлэлцэж эхлэхэд МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбон тайлбарлаж, улстөржүүлсэн. Магадгүй биднийг хамтарсан Засгийн газраас гараасай гэж хүсэж байгаа хүмүүс байгааг үгүйсгэхгүй. Бидний хувьд хамтарсан Засгийн газраас гарах талаар өнөөдрийн байдлаар яриагүй байна.