NTV, ETV багууд шилдэг нь байлаа
-Хэвлэл, мэдээллийн салбарын “Спортын их наадам-2015” сагсан бөмбөгөөр эхэлсэн бөгөөд эрэгтэйчүүдээс ETV, эмэгтэйчүүдээс NTV багууд аваргын цом өргөлөө-
“РИО-2016” олимпийн наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдаа дэмжих уриатайгаар зохион байгуулагдаж буй хэвлэл, мэдээллийн салбарын “Спортын их наадам-2015” цуврал тэмцээн сагсан бөмбөгийн өрсөлдөөнөөр эхэллээ. Энэ удаагийн тэмцээн Хандгайт дахь Д.Содномзундуйн нэрэмжит Монголын Үндэсний сагсан бөмбөгийн ордонд өнгөрөгч амралтын өдрүүдэд (XI.07-08) боллоо.
Тэмцээнийг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл(МСНЭ), Монголын спортын сэтгүүлчдийн холбоо(МССХ), “Сэтгүүлч форум” ТББ хамтран тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар, Монголын үндэсний сагсан бөмбөгийн ордон зохион байгуулагчаар, Монголын үндэсний спортын цогцолбор, “Нирун” мэдээллийн сайт дэмжигч байгууллагаар тус тус ажилласан юм.
Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй 20, эмэгтэй 7 багийн нийт 270 гаруй тамирчид хөгжөөн дэмжигчдийн хамт хоёр өдрийн турш өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа. Эрэгтэй багуудаас нийт долоон тоглолт хийхдээ бүгдэд нь хожил авсан ETV түрүүлсэн бол “Ардчилал” сонин, SPS телевизийн багууд мөнгө, хүрэл медаль хүртлээ. Эмэгтэй багуудаас NTV мөн нэг ч хожигдолгүй түрүүлж, аваргын цом өргөсөн бол Монголньюс, Дархан-Уул аймгийн багууд удаалав. Тэмцээний шилдгийн шилдэг тоглогчоор эрэгтэйчүүдээс С.Баатарсайхан (ETV), эмэгтэйчүүдээс Ж.Цэцэгмаа (NTV) нар тодорлоо. МСНЭ-ийн шагналыг Дархан-Уул аймгийн багийн тоглогч н.Сүхбат гардан авлаа.
хэвлэл, мэдээллийн салбарын “Спортын их наадам-2015”
Тэмцээний нээлт болон хаалтын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, ХАХНХЯ-ын сайд С.Эрдэнэ, МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид, МСНЭ-ийн гүйцэтгэх захирал П.Баярмагнай, МССХ-ны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч Х.Батхишиг нарын хүндэт зочид хүрэлцэн ирсэнээс гадна Монгол Улсын шигшээ тамирчдын багийн төлөөлөл оролцсон юм.
Энэхүү тэмцээнийг цаашид жил бүр уламжлан болгон зохион байгуулна гэдгийг УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын С.Эрдэнэ энэ үеэр мэдэгдсэн.