Дотоодын үйлдвэрлэгчдийг төр худалдан авалтаар дэмжинэ
Энэ удаагийн “Би Монголоо ингэж хөгжүүлнэ” буландаа Аж үйлдвэрийн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Баттогтохыг урьж, ярилцлаа.
-Аж үйлдвэрийн яам 2016 оныг “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих жил” болгон зарласан. Тэгвэл тун удахгүй үндэсний үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн зохион байгуулах гэж байгаа юм байна. Энэ талаар тодруулахгүй юу?
-Аж үйлдвэрийн яамнаас 2016 оныг “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих жил” болгон зарлах санаачилга гаргасан. Хэрвээ энэ санал санаачилга дэмжигдвэл улсын хэмжээнд хэрэгжээд явах учиртай. Салбарын сайдын зүгээс дотоодын үйлдвэрлэл болон борлуулалтыг дэмжих жил болгох санал гаргаад байгаа юм. Энэ хүрээнд бид нэгдүгээр сарын 15-нд буюу энэ баасан гарагт “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих, төр үндэсний үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн”-ийг зохион байгуулах гэж байна.
-Өнгөрсөн онд үйлдвэржилтийг дэмжсэн хууль, эрх зүйн орчин нэлээд сайжирсан байх?
-Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж байсан. Уг уулзалтаас Монгол Улс хэрэглэгч улсаас үйлдвэрлэгч улс болох хэрэгтэй. Энэ хүрээнд үйлдвэрлэлийн асуудлыг улсын чухал асуудал болгож тавьсан. Улмаар үйлдвэржилтийг эрчимжүүлэх талаар Ерөнхийлөгчийн зарлиг гарсан.
Тус зарлигт үндсэндээ эрх зүйн орчинг бүрдүүлэх асуудлууд багтсан байсан юм. Бид ч энэхүү чиглэлийн дагуу ажиллалаа. Тухайлбал, өнгөрсөн оны зургадугаар сард Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, долдугаар сард нь Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг батлууллаа. Тиймээс эрх зүйн орчиндоо үйлдвэрлэлийг дэмжсэн зохицуулалтууд хийгдсэн. Тухайлбал, Үйлдвэрлэлийг дэмжих хуулийн дагалдах хуулиудаар импортын тариф зэрэг нэлээд чухал зохицуулалтуудыг хийсэн. Ер нь монголчууд дотоодоосоо хангах боломжтой буюу өөрсдөө хийж чадаж байгаа бараа бүтээгдэхүүний тарифыг өсгөх, гаднаас оруулж ирж байгаа бараа бүтээгдэхүүнийг арай өндөр тарифтай болгох зэрэг дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжсэн зохицуулалтыг хийсэн.
Эхний ээлжинд таван нэр төрлийн 10 гаруй бүтээгдэхүүний тарифыг 15-20 хувиар өсгөж өгсөн. Учир нь Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орон. Тиймээс 15-20 хувиар нэмэх бололцоотой байдаг. Нэг дор олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүний тарифыг өсгөснөөр бараа бүтээгдэхүүний үнэ өсөх хандлага гарч магадгүй гэсэн болгоомжлол байсан юм. Тиймдээ ч тодорхой нэр төрлийн буюу мах, зөгийн бал зэрэг бараа бүтээгдэхүүний нэр төрлийг зааж өгсөн.
-Дотоодын үйлдвэржилтийг дэмжих хүрээнд төрийн байгууллагууд худалдан авалтаа дотоодын үйлдвэрлэгчдээс авахаар болж байгаа гэсэн үү?
Аж үйлдвэрийн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Баттогтох
-Үйлдвэрлэлийг дэмжсэн эрх зүйн зохицуулалтын хүрээнд НӨАТ-ын хууль, Худалдан авалтын тухай хуульд өөрчлөлт оруулж өглөө. Худалдан авалтын тухай хуульд оруулсан өөрчлөлтийн хувьд чанар, стандарт, тоо ширхгийг хангаж чадаж байгаа нэр бүхий бараа бүтээгдэхүүнийг төрийн худалдан авалтад заавал шалгаруулах ёстой гэсэн заалтыг оруулсан байгаа. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас нэр бүхий бараа бүтээгдэхүүний жагсаалтыг гаргана. Төр өөрөө маш том худалдан авагч байдаг. Тэр утгаараа ядаж төр нь эхлээд үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд дотоодоосоо нийлүүлэх бүрэн боломжтой бараа бүтээгдэхүүнээ худалдан авна.
Улмаар хувийн хэвшлийнхэн болоод хувь хүмүүс дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэн худалдан авалтыг хийгээд эхэлбэл импортын барааг авахгүй, гадагшаа урсаад байгаа валютын урсгал зогсох болно. Энэ мэт маш олон давуу тал бий. Өнгөрсөн онд дэвшүүлсэн Ерөнхийлөгчийн санал санаачилгууд цаг үеэ олсон чухал санаачилга байлаа гэж үзэж байгаа юм. Энэ удаад АҮЯ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтраад үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөнийг хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна.
-Төр, үндэсний үйлдвэрлэгчдийн зөвлөгөөний хүрээнд зохион байгуулагдах ажлуудаас дурьдаач?
-Зөвлөгөөний хүрээнд санхүүжилтийн механизмууд хөрөнгө оруулалтын үр өгөөжийн талаар бий болгосон эрх зүйн орчнуудыг цааш нь хэрхэн хэрэгжүүлэх, хэрэгжилтийн шатад нь анхаарах шаардлага байгаа эсэх талаар ярилцах болно. Тухайлбал, дээр дурьдсан Худалдан авалтын тухай хуулийг бодит байдал дээр төрийн байгууллагууд хэрхэн дагаж мөрдөх ёстой зэрэг асуудлууд яригдах юм. Гол нь Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих төр, үндэсний үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн гэдэг утгаараа АҮЯ, БСШУЯ-тай хамтарч ажиллах санамж бичиг, АҮЯ, НЗДТГ-тай хамтран ажиллах санамж бичгүүдийг тус тус байгуулах юм.
Мөн ГОК, МАК, Оюутолгой зэрэг томоохон үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичиг, худалдааны сүлжээ дэлгүүрүүдтэй хамтран ажиллах санамж бичиг, “Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн хоршоо” болон жижиг сүлжээ дэлгүүрүүдийн холбоотой хамтран ажиллах санамж бичгийг тус тус байгуулна. Санамж бичгийг үзэглэж байгаа байгууллагууд маань дотоодын үйлдвэрлэлийг дэмжинэ. Худалдан авалтдаа аль болох чанар стандартад нийцсэн дотоодын үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг авах болно. Тухайлбал, БСШУЯ-тай хамтарч ажиллах хүрээнд сурагчийн ширээ, сандлыг дотоодын үйлдвэрлэгчид хангах юм. Нэг талаас үйлдвэрлэл эрхлэгчид маань хариуцлагатай, чанартай бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй болно. Нөгөө талаасаа төрийн институт нь худалдан авалтаар дэмжих хэрэгтэй байна гэсэн зорилгын хүрээнд санамж бичгүүдийг үзэглэнэ.
-Аж үйлдвэрийн яам байгуулагдаад багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд хийгдсэн ажлуудаа зөвлөгөөний үеэр дүгнэх үү?
-Аж үйлдвэрийн яам байгуулагдсанаас хойш жил гаруйн хугацаа өнгөрсөн байна. Мэдээж үйлдвэрлэгчдийн асуудал өмнө нь ч Монгол Улсад байсаар байсан. Гэхдээ салбар яам нь үүсгэн байгуулагдсанаараа үйлдвэрлэлийн асуудлуудыг цогц байдлаар харж, бодлого гаргаад хүнд, хөнгөн, жижиг, дунд, худалдааны асуудлуудыг цогцоор нь харсан яам байгуулагдсан.
Тэр утгаараа өнгөрсөн онд манлайлагч байсан үйлдвэрлэгчдийг тодруулж, шагнал гардуулна. Тодруулбал, тэргүүлэгч байж чадсан есөн үйлдвэрлэл эрхлэгчийг шалгаруулж, Аж үйлдвэрийн дээд шагнал гранпри гардуулах ёслолын арга хэмжээг зохион байгуулна. Түүнчлэн төрийн байгууллагуудын зүгээс үйлдвэрлэл эрхлэгчид рүү чиглэсэн ямар бодлого хэрэгжүүлж байгаа, одоо ямар боломж байгаа эсэх талаар гурван илтгэл тавих болно. Нэгдүгээрт, Аж үйлдвэрийн сайд “Аж үйлдвэрийн талаар баримталж буй бодлого, хэрэгжилт” сэдэвт илтгэл тавина. Богино хугацаанд батлуулж чадсан Чөлөөт бүсийн, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, Засгийн газрын төвшиний олон тогтоол гаргаж ажилласан.
Тиймээс эдгээр хуулиудын хэрэгжилтийг хэрхэн сайжруулах, 2016 онд ямар стратеги боловсруулан ажиллах талаар сайд мэдээлэл өгнө. Түүний дараа “Дотоодын үйлдвэрлэлийг төрийн худалдан авалтаар дэмжих боломж” гээд энэ онд төр ямар хэмжээний худалдан авалт хийх гэж байгаа, ямар бүтээгдэхүүнийг үйлдвэрлэл эрхлэгчид нийлүүлэх боломжтой зэрэг асуудлын талаар Сангийн сайд Б.Болор илтгэл тавих юм. Гурав дахь илтгэлийг БХ-ын сайд Ц.Цолмон танилцуулна.
-Батлан хамгаалахын салбарын байгууллагууд дотоодын үйлдвэрүүдээс хувцас худалдан авдаг болдог болсон. Энэ нь мөн Худалдан авалтын хуулийн хүрээнд хийгдэж байгаа ажил байх нь?
-Өнгөрсөн оны долдугаар сард Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль болон түүний дагалдах хуулиуд батлагдсаны дараа БХЯ-тай санамж бичиг зурсан байгаа. Батлан хамгаалахын салбар цэргийн хүчний байгууллагууд дүрэмт хувцас, хоол хүнснээс эхлээд олон төрлийн худалдан авалт хийдэг. Манай улсын том институт. Тиймээс үндэснийхээ үйлдвэрүүдийн урласан хувцас, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэх нь чухал гэдэг үүднээсээ Аж үйлдвэрийн болон Батлан хамгаалахын сайд нар санамж бичигт гарын үсэг зурсан.
Энэ хүрээнд санамж бичгийн биелэлт, үр дүн нь ямар байгаа, ганцхан яам үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэнээрээ ямар үр дүнд хүрсэн талаархи мэдээллийг Ц.Цолмон сайд зөвлөгөөнд оролцогчдод хүргэх юм. Энэ удаагийн зөвлөгөөнд 250 гаруй үйлдвэрлэл эрхлэгч, мэргэжлийн холбоод, төрийн байгууллагуудын төлөөллүүд оролцох төлөвлөгөөтэй байгаа. Тиймээс үйлдвэрлэл эрхлэгчид болоод мэргэжлийн холбоодуудын саналыг нь сонсох нь чухал. Цаашдаа хэрхэн ажиллах, талаараа талууд ярилцах болно. Ер нь хүнд үйлдвэрлэлийн салбарууд болоод суурь үйлдвэрлэлүүдээ цааш нь хөгжүүлэх шаардлагатай байгаа. Тиймээс үүнийг мэргэжлийн холбоодуудын зүгээс тайлбарлах буюу тэр талын мэдээллийг өгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Энэ хүрээнд энэ талын мэдээ мэдээллийг сонсох болно.