Нийгэм, эдийн засгийн ужиг хямралыг аж үйлдвэржилт эмчилнэ
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Жаргалсайхантай ярилцлаа.
-Таньтай уулзсаных Монгол Улсын аж үйлдвэржилтийн салбарын хөгжил ямар түвшинд байна гэж асуумаар байна?
-Дэлхийн дундаж болон буурай хөгжилтэй улс орнуудын аж үйлдвэрийн салбартай харьцуулахад 3-4 дахин доогуур хөгжилтэй, үйлдвэрлэл технологийн хувьд хэт хоцрогдолд орсон. Өнөөдөр хэрэглээг шүтсэн, үрэлгэн эдийн засагтай нэн ядуу орны тоонд орж байгаа.
-Тэгвэл энэ байдлаас гаргах аж үйлдвэрийн яам байгуулагдсаны ач холбогдлыг хэрхэн үнэлж байна?
-1990 он хүртэл Монгол Улс дотоодын зах зээлийн эрэлт хэрэгцээнд үндэслэн үйлдвэржилтийн төлөвлөлт хийж, төлөвлөлтдөө суурилсан аж үйлдвэрийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэн олон зуун мянган хүнийг ажилтай, орлоготой байлгасан.Зах зээлийн нээлттэй, ардчилсан нийгэмд шилжсэн сүүлийн 25 жилийн дотор үндэсний аж үйлдвэрийн салбараа хөгжүүлэх нэгдсэн бодлого. төлөвлөлтгүйгээс манай улсын эдийн засгийн байнгын ужиг хямралын гол шалтгаан болсон.
Харин Шийдлийн Засгийн газар Аж үйлдвэрийн яамыг байгуулж, улс орныхоо үйлдвэржилтийн шинэ үзэл баримтлал гаргаж ирсэн нь нэн талархууштай. Аж үйлдвэрийн яам байгуулагдсанаас хойшхи богино хугацаанд төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, үйлдвэржилтийг дэмжих багц хуулиуд зэрэг хөгжлийн амин чухал баримт бичгийг УИХ- аар батлуулан ажиллаж байгаа нь үндэсний үйлдвэрлэгчдэд ажиллаж, хөдөлмөрлөх итгэл найдвар төрүүлээд байна.
Зөвхөн уул уурхай, мал аж ахуйн нам технологийн үйлдвэрлэлээс хамааралтай манай улсын эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэн, суурь аж үйлдвэрийн салбараа сэргээн босгох чиглэлээр үйлдвэржилтийн хууль эрх зүй, бизнесийн орчныг сайжруулах, энэ салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, салбарын удирдлага, зохицуулалт, хяналтын тогтолцоог бий болгох зэрэг маш олон ажлыг цаашид үргэлжлүүлэн хийнэ гэдэгт итгэлтэй байна.
-Ингэхэд. аж үйлдвэрийн салбараа хөгжүүлж Азийн бар болсон улс орнуудын туршлага жишээг нутагшуулах боломж хэр вэ?
Мэдээлэл технологи, хөрөнгө оруулалт, зах зээл даяаршин буй энэ цагийн алтан боломжийг ашиглан Монгол Улс өндөр технологийн суурь аж үйлдвэрийн салбараа богино хугацаанд хөгжүүлэх нөхцөл бүрдэж байгааг соргогоор мэдэрч, дотоодын зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан, импортыг орлох экспорт руу чиглэсэн аж үйлдвэрийн компаниудаа өсгөн бойжуулж, цаашид бүс нутаг болон дэлхийн аж үйлдвэрийн интеграци руу нэгдэх алхмыг хийх хэрэгтэй байна.
Азийн бар болсон улс орнуудын аж үйлдвэрийн салбараа хөгжүүлсэн амжилт нь дотоодын үйлдвэрлэгч компаниудаа өсгөн бойжуулах аж үйлдвэрийн хамгаалалтын бодлого, компаниудаа дэмжих аж үйлдвэрийн бодлого, мөн бие даалган экспорт руу чиглүүлэх бодлого зэрэг үйлдвэржилтийн хууль эрх зүй, бизнесийн орчны менежментийг хийж чадсанд оршиж байгаа юм. Тиймээс Монгол Улс энэ туршлагыг улс орныхоо нийгэм, эдийн засгийн онцлогт тохируулан нутагшуулах ёстой.
-Монгол Улсын зах зээлийг бага, аж үйлдвэрийн салбар хөгжих боломжгүй гэж ярьдаг. Энэ хэр бодитой вэ?
-Манайх уул уурхайд түшиглэсэн хэрэглээний, үрэлгэн эдийн засгийн бүтэцтэй ч манай зах зээлийн эрэлт хэрэгцээ, иргэдийн хэрэглээний түвшин сүүлийн 25 жилийн дотор эрс өссөн. Сүүлийн таван жилийн дунджаар жилд 5,4 тэрбум ам.долларын импорт хийж байгаа бөгөөд энэ том мөнгөн урсгалын ядаж 30 хувийг үндэсний аж үйлдвэрийн салбарт татах бодлого, үйлдвэржилтийн хууль эрх зүйн шинэчлэлт хийж чадвал кластерт орсон олон зуун үйлдвэр бий болж 50 мянган ажлын байр баталгаатай нэмэгдэх юм.
Монгол Улсын хувьд өндөр технологийн хөрвөх чадвартай импорт орлосон, экспорт руу чиглэсэн хүнд болон хөнгөн аж үйлдвэрийн шинэ салбараа хөл дээр нь баттай босгох хөгжлийн тууштай бодлогоо хэрэгжүүлэх арга механизм, тогтолцоог бий болгох шаардлагатай. Аж үйлдвэрийн салбараа хөгжүүлэх үндэсний хүсэл эрмэлзлэл, хөгжлийн төлөөх нэгдмэл бодлого нэн шаардлагатай байгаа энэ үед нэг зорилгод монголчууд нэгдэж чадвал энэ салбараа хөгжүүлж чадна.
-Улс орны хөгжлийн алс ирээдүйг харсан маш чухал шийдвэр хууль эрх зүйн баримтуудыг энэ УИХ, Засгийн газар гаргаад байна. Цаашид энэ чиглэлээр эрх зүйн шинэчлэлт хийх шаардлага юу?
-Аж үйлдвэрийн яам байгуулагдаж маш богино хугацаанд төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, үйлдвэржилтийг дэмжих багц хуулиуд зэрэг хөгжлийн чухал баримт бичгүүдийг УИХ-аар батлуулсан нь үндэсний үйлдвэрлэгчдийн итгэл найдварыг сэрээж байна.Зөвхөн уул уурхай, мал аж ахуйгаас хамааралтай манай улсын эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэн, суурь аж үйлдвэрийн салбараа сэргээн босгох чиглэлээр цаашид маш олон ажлуудыг эрч хүчтэй хийнэ гэдэгт итгэж байна.
Хууль эрх зүй, бизнесийн орчинг бүрдүүлэх, энэ салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, олон ажлыг шат дараалалтайгаар үргэлжлүүлэн хийнэ гэдэгт итгэж байгаа.