АН-ын дулаарлыг хэн залуурдах вэ?
Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа
2016.01.14

АН-ын дулаарлыг хэн залуурдах вэ?

Их улс төрд эрчүүд жин дарж байсан цаг саяхан. Гэвч дэлхий нийтээрээ шийдвэр гаргах шатанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь олон улсын байдал болон, аль ч орны төрийн төвшинд дулаарал, уян хатан агаар авчирна хэмээн үзэж, эл асуудлыг хуулиар баталгаажуулах болсон билээ. Монгол эмэгтэйчүүд цэнхэр гариг даяар хүссэн ч хүсээгүй ч өрнөн, амжилттай хэрэгжиж буй эл хандлагаас түрүүлж хөдөлсөн үү гэхээс хоцроогүй. 

Учир нь өнөөдрийг хүртэл зайлшгүй үгүйлэгдэж ирсэн төр болон гэр бүл, хувь иргэний хооронд улс үндэстнийг зангидан холбох ёстой гүүрийг барьж босгох зориг болоод сэтгэл чухам эмэгтэйчүүдээс л гардаг ажээ. Өнөөгийн парламент түүхэнд хамгийн олон эмэгтэй гишүүнтэй гэх тодотголыг үүрэг хариуцлагынх нь хамт үүрэх болсоор дөрөв дэх онтойгоо золгов. Гэвч парламентад бүсгүйчүүдийг л сонгочихвол тэртээ дээр залран байдаг төмөр нүүртэй төр өргөө гэрт нь ороод ирэх юм шиг бодож дотночлон хүлээсэн олон хүний хувьд шүүмжлэл дагуулахаас хол хэтрээгүй нь үнэн юм. 

Хэтэрхий жижиг асуудлаар хөөцөлдлөө, УИХ-ын танхимыг хэрүүлийн газар болголоо, эрэгтэй гишүүдийг хэл амаар доромжиллоо гэсэн шүүмжлэлүүд хэвлэлийн хуудсыг чимэх болсон нь ч бас бодит байдал. Нэг талаар энэ нь бүсгүйчүүд төрийн төвшинд бэлтгэгдээгүйг харуулж, нөгөө талаар төрд жижиг асуудал гэж байдаггүйг нотолсон нэгэн төрлийн “дулаарал” байлаа. Тодруулж хэлбэл, улс төрийн том утгаараа эмэгтэйчүүд яах аргагүй Монголын төрд дулаарал авчирсныг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Зайлшгүй хэлэх ёстой бас  нэг зүйл гэвэл нийгэмд одоо ч үгүйлэгдсээр буй, төрийн ой санамжинд үргэлжид байх учиртай хүн хийгээд сэтгэл судлал, гэр бүл судлал хэмээх нээлттэй хэрнээ хаалтай сэдвүүдийг эмэгтэй улстөрчид хөндөн гаргаж тавьсан нь үнэлүүштэй. Ийнхүү эмэгтэй улстөрчид нийтэд танигдахын хэрээр тэдний чансаа ч бас ялгаран харагдаж эхлэв.

Төр, гэр бүл хоёрын хооронд гүүр босгож буй тэднээс чадал чансаа, үр дүн шаардах эрх сонгогчдод бий. Магадгүй энэ утгаараа АН-ын дэргэдэх МАЭХ-ны ээлжит хурлыг олон нийт анхааран ширтэж байна. АН-ын эмэгтэйчүүдийн байгууллагаас олон олон бартаа саадыг туулан ялгарсаар ирсэн "дулаарлыг"  жинхэнэ утгаар нь төрийн төвшинд авчран залуурдах эрхмийг тодруулах ээлжит сонгууль энэхүү хурлын үеэр болох аж. Чухамдаа АН-ын эмэгтэйчүүдийн байгууллагыг хэн удирдах нь 2016 оны сонгуулийн дүнд том нөлөө үзүүлэхээс гадна эл намын бас  нэгэн дүр төрхийг илэрхийлэх учиртай.

Шуудхан хэлэхэд, АН зүүн хоймортоо эзэн болох эмэгтэйг ойрын хугацаанд тодруулах гэж буй юм. Уг албанд одоогийн байдлаар найман эмэгтэй нэр дэвшээд буйг албан ёсны цахим хуудсаас нь харж болно. Энүүхэндээ гэхэд нэр дэвшигчдийг УИХ -ын гишүүн болон, гишүүн бус хэмээн шударгаар хоёр хуваамаар санагдсаныг нуух юун. Учир нь парламентад намын нөхдийнхөө дэмжлэгээр суудал авчихаад, эрх мэдлийн үзүүрт хүрсэн хэр нь өнгөрч буй дөрвөн жилийг төдийлөн үр ашиггүй үдсэн улстөрч нэг бус байгааг дурдах нь зөв болов уу. Үүгээр ч барахгүй эмэгтэй улстөрчдийн нэр хүндэд хар сүүдэр дагуулсан гишүүд ч бас бий. Тэдний болчимгүй алдаанаас шалтгаалан өнөөх л улиг болсон “Улс төрд урт үстнүүд олшрох нь уруудахын тэмдэг" хэмээх аль өнгөрсөн зууны үеийн хатуурхал өс мэт өндийх хандлагатай болсныг дашрамд дурдъя. Энэ мэтийн шалгуур дундуур МАЭХ-ны дараагийн удирдлага тодрох гэж байгаа нь өрсөлдөөнийг илүү ач холбогдол талаас нь харах хэрэгтэйг сануулж байна. 

Тэдний дунд УИХ-ын гишүүн хоёр эмэгтэй нэр дэвшжээ. С.Эрдэнийн хүн хэмээх тодотголыг өнөөг хүртэл зүүж яваа С.Одонтуяаг парламентийн сонгуульт хугацаанд амласантайгаа адил ихийг амжуулсан гэж хэлэхэд хэцүү. УИХ-д анх удаагаа хууль батлалцаж буй тэрээр одоо хүртэл С.Эрдэнийн нөлөөн дор байсаар байгааг олон тохиолдлоос ажиглаж болно. Нөгөө талаар С.Одонтуяа улстөрчийн хувьд энэ дөрвөн жилд өсч өндийсөнгүй. Харин Л.Эрдэнэчимэгийн хувьд унадаг унаагаараа гайхуулахаас эхлээд, эгэл амьдралаас тасарсан тансаг бизнес эмэгтэйн хэв маягаар өөрийгөө илэрхийлсээр ирэв. Үүнээс гадна гай болж нийтэд дэлгэгдсэн туулай ганзагалсан зураг сэлтээсээ болж сошиал ертөнцийнхөнд тэнэгээрээ дуудуулах болсон нь яах аргагүй түүний алдаа байлаа. Хэдийгээр Тавантолгойн ажлын хэсгийг ахалсан боловч Л.Эрдэнэчимэгийн нэр хүнд дээшилсэн нь үгүй. Мордохын хазгай гэгчээр УИХ-ын гишүүн болмогцоо хийсэн хувь хүний болчимгүй алдаанууд нь одоо ч түүний нэр хүнд, нөлөөг сүүдэрлэсээр байгааг яалтай.

Тэгээд ч УИХ-ын гишүүнээр МАЭХ-г удирдуулах нь давхар дээлийн хувилбарыг өөр байдлаар давтаж буй хэрэг бөгөөд сонгууль хаяанд ирчихээд байхад энэ нь үр дүн, үүрэх ачаалал талаасаа төдийлөн ач холбогдолтой сонголт биш юм. Зориуд дурдахыг хүсч буй бас нэг ялгаа байгаа нь УИХ-д суудал эзэлж, асуудал хэлэлцээд суугаа эмэгтэй гишүүдээс илүү парламентийн гадна байгаа хэрнээ АН-ыг төлөөлөн нийгэмд наалдсан олон нээлттэй үйл ажиллагаа явуулсаар ирсэн бүсгүйчүүд хүссэн ч, хүсээгүй ч жингийн туухай, үнэний шалгуурыг зөв тийш нь хэлбэлзүүлэх болсон явдал юм. Тэдний нэг нь Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын албаа сонгуульд өрсөлдөнө гэдгээ зарлан ил тод хүлээлгэн өгсөн И.Нарантуяа юм.

Энэхүү шийдвэртэй алхмаараа анхаарлын эхний шугаманд орж ирсэн И.Нарантуяаг улс төрд хөтөлсөн хүн нь Б.Дэлгэрмаа. Өөрийн үүсгэн байгуулсан "Гэр бүл шиидэл" төрийн бус байгууллагаараа дамжуулан эрчимтэй үйл ажиллагаа явуулж ирсэн И.Нарантуяа Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга байх үедээ "Хүүхдээ сонсъё" аян өрнүүлэн, бусдын халамжинд болон асрамжийн төвд амьдарч буй хүүхдүүдийг бүртгэлтэй болгох ажлыг амжилттай хэрэгжүүлжээ. Түүнчлэн хүүхдийн нэвтрүүлгийнхээ цаг, чанарыг нэмэгдүүлэн, өсвөр насныхныг бусад орны соёлын довтолгооноос хамгаалах тал дээр дөрөв дэх засаглалынхныг нэгтгэж чаджээ. И.Нарантуяагийн бас нэг нэмэх оноо бол энэ эмэгтэй аль нэг фракц дагаж аахилдаггүй. Нэг үгээр хэлбэл, “өргөгч крангүй” нэгэн. 

Хэнд ч өргүй хэмээн тодотгож болно. Өртэй хүн хэрхэн төр барьдгийг бид Р.Бурмаа сайдын удаа дараа гаргаж буй бодлогогүй алдаанаас хангалттай харсан. Энэ мэтийн учир шалтгааны улмаар И.Нарантуяаг хамгийн их дэмжлэг хүлээх магадлалтай хэмээн үзэж буй аж. Түүний талаар АН-ын дарга З.Энхболд "Төрд байх ёстой эмэгтэй" хэмээн тодотгосон нь эдүгээ салхи  мэт газар авч буйг бодоход үнэнд ойрхон үнэлгээ бололтой. МАЭХ-ны даргад өрсөлдөж буй дараагийн хүн бол Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа. Түүнийг өнөөгийн эрх баригчдын хүүхэлдэй гэлцдэг. Үнэн худлыг хэн мэдлээ, ямартаа ч МҮДН гаралтай. Хүүхэлдэй нь үнэн бол АН дахь эмэгтэйчүүдийн байгууллага цаашдаа бас л хэдхэн хүний ашиг сонирхлын хүрээнээс гарч чадахгүй   гэсэн үг. Л.Нармандахын хувьд Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч хэрнээ ИТХ-ын гишүүн гэж байгаа.

Зэрэгцүүлэн хашиж буй албан тушаалаас нь харахад, ашиг сонирхлын зөрчил анзаарагдаж байгааг хэлэхгүй өнгөрөх аргагүй. Г.Хажидмаа, Г.Байгалмаа нарын хувьд энэ албан тушаалд балчирдана хэмээн олонх гишүүд нь үзэж буй гэнэ. Арга ч үгүй биз. АН-ын нөлөө бүхий гишүүдийн нэг, эрчүүдтэй ч эн тэнцүү өрсөлдөн асуудал хэлэлцдэг Б.Дэлгэрмаагийн хашиж байсан, өдгөө Ц.Оюунгэрэл ахалж буй албан тушаалд орон нутгийн байгууллагын гишүүн төдий хүн тохирохгүй гэсэн шалгуур байх нь дамжиггүй. Тэгээд ч Г.Байгалмаа МоАХ-ын Х.Баттулгын хүн гэж явдаг. Бас л овоглох эзэнтэй, бусдын нөлөөний улстөрч хэмээн ойлгож болно. Тиймдээ ч дэд сайд хүртэл дөрөөлөөд амжсан гэдэг. Б.Ургамалцэцэг хэмээх эмэгтэйн нэр улстөрд сонсогдох болоод удаагүй байна.

Н.Алтанхуягийн хүн гэх түүнийг МАЭХ-г улс төрийн шуурганд уруудуулчихаж мэднэ гэх болгоомжлол байдаг бөгөөд зарим нөлөөтэй гишүүд энэ талаар ил тод ярьсан нь ч бий гэлцэх. Юутай ч өрсөлдөгчдийн товч намтраас харахад, улс төр дэх эмэгтэйчүүдийн боловсрол, мэдлэг үнэхээр өндөр төвшинд гарсныг үнэлэхэд таатай. Гэвч амьдралын туршлага, сонгуульд өрсөлдөж ирсэн намтар зэргийг харгалзах нь зүйтэй. Мөн эцэг байгууллагатайгаа зохицож ажиллах чадвар, боломжийг нь ч бас тооцоолох шаардлага бий. Эл шаардлагад бүх талаар тэнцэх хүн нь И.Нарантуяа гэх хандлага өдгөө нэлээдгүй дэмжлэг хүлээх янзтай. МАЭХ-ны даргаар сонгогдох хүн АН-ын дулаарлыг төрд залуурдан авчрах хэмжээний бодлого зангидагч байх учиртай.

Дэлхий нийтээрээ улс төр дэх дулаарал, уян хатан байдлыг эмэгтэйчүүдээс хүлээж буй энэ үед МАЭХ-г удирдах эрхэм чухам хийсэн ажил, амжуулсан алхам, гэр бүл, хүүхдийн орчинд хүрч чадсан байдлаараа жинхэнэ бүсгүй хүн байгаасай гэж би хувьдаа хүснэ. Монгол эмэгтэйчүүдийн улс төр дэх цаашдын замнал, карьер МАЭХ-ны эдүгээ сонгогдох удирдлагаас ихээхэн шалтгаалах эгзэгтэй цаг үед зөв хийгээд итгэлтэй сонголт хийнэ хэмээн найдаж буйгаа нуух юун. Хэдийгээр өнгөц харахад нэг л албан тушаал, нэг л хүний тухай яригдаж буй мэт боловч үнэн хэрэгтээ Монголын бүх эмэгтэйчүүд, ээжүүдийн эрх ашиг төржсөн утгаараа эл сонголтын цаана буй билээ.