Хотоор “ЗАНИМАЛДСАН” гишүүн
УИХ-ын сонгууль хаяанд ирээд байна. Гурван жил гаруйн хугацаанд улстөрчид имижээ бүрдүүлж амжсан. Тэдний хэн нь сайн нэр олохоор шоудаж, сайхан ярьж, хэн нь чимээгүйхэн ч үр дүнтэй ажиллаж байгааг ард түмэн ялгаж салгаж буй. Хэдхэн сарын дараа тэдэнд, намд нь сонгогчид дүнгээ тавина. Амласан төрийн хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлснийг нь шүүнэ. Энэ шүүлтэд хувь оруулж, бид УИХ-ын 76 гишүүнийг “сонжих” болно.
Энэ парламентад бүрэн эрхээ хамгийн сүүлд баталгаажуулсан хоёр гишүүний нэг нь Д.Сумъяабазар. Чөлөөт бөхөөр тив, дэлхийд Монголынхоо нэрийг цуурайтуулсан олон улсын хэмжээний мастер, үндэсний бөхөөр бол ард түмэндээ хайрлагдсан аварга 2012 онд МАН-аас нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн билээ. Гурван мандаттай тус дүүрэгт дахин санал хураалт явуулж, тэрбээр сонгогдсон ч улс төрийн нөхцөл байдлын улмаас тангараг өргөх тов нь хойшилсоор 2013 оны тавдугаар сарын 10-нд сая нэг албан ёсоор УИХ-ын гишүүн болсон. Бусдаасаа бараг жилийн дараа УИХ-ын босгыг давсан энэ эрхэм өнгөрсөн хугацаанд хэрхэн ажилласан бол.
Тэр 2008-2012 онд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан, хууль тогтоох талаар бэлтгэлээ базааж, шат дамжлагаа давчихсан гэсэн үг. Нийслэлийн ИТХ-д Сонгинохайрхан дүүргийг төлөөлж байсан юм. Хотын хамгийн олон хүн амтай, гэр хороолол ихтэй дүүргийн иргэдийг тэрбээр эдүгээ УИХ-д төлөөлж буй. Мөн МАН-ын нийслэл хариуцсан нарийн бичгийн дарга. Нэг ёсондоо хотын асуудлаар “занималдсан” гишүүн аж. 2008 онд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч болсноосоо хойш Улаанбаатар хотын төлөвлөлт, хөгжилтэй холбоотой хууль эрх зүйн орчныг сайжруулах зорилт тавьсан гэнэ.
Хууль тогтоогч болоод энэ чиглэлдээ нэлээд анхаарч ажиллаж буйг нь уншигчид анзаарч буй байх. Гэр хорооллыг дахин төлөвлөхийг эрхэм гишүүн дэмжиж буй ч энэ ажлыг хийхдээ иргэдийн эрхийг зөрчихгүй, газрыг баталгаатай болгох ёстой гэсэн байр суурь илэрхийлдэг. Улстөрч бүр шахам нэг нэг сэдэв сонгож, мэргэшин, түүгээрээ имижээ бүрдүүлдэг болчихсон цаг. Гол нь ингэж “мэргэшсэний” хэргийг гаргаж, бодит ажил хийх учиртай. Түүний хувьд ийм сэдэв нь дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх, зөв зүйтэй хийх асуудал юм. Нийслэлийн ИТХ-ын гишүүн байсан, гэр хороолол ихтэй дүүргийг төлөөлдөг учраас агаарын бохирдлын эсрэг санаа тавьж, энэ сэдвээр асуулга тавихаас ажлаа эхэлж байжээ.
Мөн Сонгуулийн хуулийн төслийг санаачлагчдын нэг болсон. МАН-ын гишүүдийн өргөн барьсан уг төсөлд сонгуулийн саналыг гараар давхар тоолох зэрэг найман санал тусгасан юм. Хэлэлцүүлгийн явцад уг төслийг АН-ынхны санаачилсантай нэгтгэж, баталсан билээ. Үүнээс гадна эрүүл мэндийн салбарыг шинэчлэхэд чиглэсэн Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төслийг санаачилжээ. Уг төслийг УИХ эдүгээ хэлэлцэж буй. Орон нутгийн эрх мэдэл, санхүүгийн хувьд бие даасан байдлыг нэмэгдүүлэх зорилгоор Татварын, Нийслэлийн эрх зүйн байддын тухай хуульд өөрчлөлт оруулахаар саналаа Засгийн газарт хүргүүлсэн байна. Орон нутгийн анхан шатны үйлчилгээг иргэдэд хүргэдэг гол хүмүүс нь хэсгийн ахлагч нар байдаг. Тиймээс тэдний статусыг төрийн албан хаагч болгон өөрчлөх, нийгмийн асуудал, цалин урамшууллыг шийдэх зорилгоор Засгийн газрын холбогдох тогтоолд өөрчлөлт оруулахаар ажиллаж буй гэнэ.
Дүүрэгтээ бол тэр байнга ажилладаг, сонгогчдодоо “олдоцтой” гишүүн юм билээ. Сонгинохайрхан дүүрэгт улсын төсвийн хөрөнгөөр барих цэцэрлэг, сургуулийн санхүүжилтийг шийдвэрлэхэд сонгогдсон гишүүний хувиар багагүй санаачилга гаргаж ажилласан аж. Тухайлбал, 24 дүгээр хорооны 640 хүүхдийн суудалтай, 124 дүгээр сургуулийн 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдэх талаар ажиллаж, мөнгө тусгуулснаар долоон жилийн турш хүлээгдсэн барилга ашиглалтад орж 3-5 км холоос сургуульдаа явдаг хүүхдүүд гэрийнхээ ойр сурч эхэлжээ. Нэг жил алдаж гишүүний бүрэн эрхээ баталгаажуулсан ч энэ мэтээр нөхөж, шаргуу ажилласан байна. Ямар ч байсан сонгогчдоос нь элдэв гомдол гаргасан гэж сонсогдоогүй.
УИХ дахь бөх гишүүдийн тоог нэгээр нэмсэн энэ эрхэм ШУТИС-ийг бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн аж. 2005 оноос хойш спортоос гадна банк санхүүгийн салбарт хүч үзэж яваа бизнесмэн. Түүнийг намын удирддагууд нь “Холын хараатай, чамбай залуу” хэмээн үнэлдэг гэх юм билээ. Ямартай ч их спортоос олж авсан нэр хүндээ улс төрийн салбарт сэвтүүлэлгүй, идсэн уусан гэх асуудалд ороолдоогүй яваа гишүүдийн нэг.