МАХН, МАН нэгдэж биш эвсэн ажиллах ёстой
УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг огцруулах тогтоолыг УИХ хэлэлцэн баталлаа. Таны хувьд энэ асуудалд нэлээд шүүмжлэлтэй хандаж байна уу гэж харлаа. Чуулганаар хэлэлцэхэд эсэргүүцэж үг хэлсэн ганц гишүүн байлаа шүү дээ?
-Ээлжит бус чуулганы хуралдааны захирамжийг УИХ-ын дарга гаргахад эхний хэлэлцэх асуудал нь Үндсэн хуулийн цэцийн даргыг огцруулах тухай асуудал байсан. Араас нь 26 асуудал хэлэлцэхээр жагсаасан. Тэнд нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Байнга төвийг сахих асуудал, Татварын ерөнхий хууль гээд маш олон хууль байгаа. Тэр байтугай, Арбитрын тухай хуулийг миний бие ахалж байхад ажлын хэсгээс ч асуулгүй, байнгын хорооны шийдвэрийг ч сонсолгүй ээлжит бусаар хэлэлцэхээр оруулж ирсэн. Үүнийг нь гишүүд маш их дургүйцэж хүлээж авсан байгаа. Үндсэн хуулийн цэцийн даргыг огцруулах асуудлыг ч гишүүд шүүмжлэлтэй хүлээж авсан. Үндсэн хуулийн цэцийн гишүүн хууль зөрчсөн байна гээд Улсын дээд шүүх рүү явуулсан. Улсын дээд шүүх тодорхой саналгүй гэсэн хариу явуулснаас биш нийт гишүүд нь хуралдаж тогтоол гаргаагүй. Нийт гишүүд нь хуралдаж тогтоол гаргалгүйгээр зөвхөн Тамгын газрын нэг гишүүн нь санал ирүүлсэн төдий. Энэ нь өөрөө процессын алдаа. Ж.Амарсанаа даргыг өмөөрөөд байгаа юм байхгүй.
Би өөрөө анх С.Баярцогтыг огцруулахаар өргөн барих үед Цэцэд Засгийн газар мөнгө өгсөн гэх мэтээр асуудал үүсээд цаашаа явсан шүү дээ. Монгол Улсын бүх иргэдийг хууль дүрэмгүй юм шиг болгож ямар ч сайд нь дураараа аашилж болох нөхцөл байдлыг бий болгосон. Замбараагүй байдлыг үүсгээд байгаа учраас хариуцлага тооцох ёстой юу гэвэл тийм. Гэхдээ би хуульч хүн. Тэр хүн хууль зөрчлөө гэхээр би дагаж хууль зөрчөөд байж болохгүй. Энэ хүн зөрчдөг юм чинь би зөрчинө гэдэг ёсзүй надад байхгүй. Процессын хувьд алдаа гарсан гэдэгт гишүүд санал нэгдэж байсан. Гэтэл өчигдөр /өнгөрсөн пүрэв гараг/ АН-ынхан УИХ-ын танхимыг семинарын танхим болгосон. Энэ чинь Монгол Улсын Их хурлын танхим болохоос АН-ын Их хурлын танхим биш байхгүй юу. АН 76-уулаа УИХ-ын гишүүн байж болно. Гэхдээ тэд Монгол Улсын нэрийн өмнөөс ажиллах тангараг өргөдөг болохоос АН-ын нэрийн өмнөөс ажиллана гэж тангараг өргөөгүй.
Намын дарга нь УИХ-ыг даргалж буйн нэг том алдаа. Намынхаа пиарыг хийж байна. Тухайлбал, Ж.Батзандан гишүүний ярианаас би нэг “аймшигтай” зүйл ойлгож авлаа. Ж.Батзандан гишүүн МАХН бол “алуурчдын нам” гэж хэлсэн. Миний аав, Ч.Сайханбилэг, С.Баярцогтын аав, З.Энхболдын хадам аав гээд бүгд МАХН-д хариуцлагатай ажил хийж явсан хүмүүс. Тэд бүгд алуурчид юм байна гэж ойлгосон. Өөрийнх нь ах нь алуурчдын намаас албан тушаал аваад Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга хийгээд явж байгаа шүү дээ. Ийм болтол улс төр хийж ард түмнийг талцуулж байгаад хувьдаа харамсч байгаа.
-Х.Тэмүүжин гишүүний батлуулсан хуулийг ёсчлоогүй байхад Ж.Амарсанаа дарга маргаан үүсгэж, хууль зөрчсөн юм биш үү?
-Тэр асуудал хамаагүй. Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбатыг хууль зөрчсөн гээд АТГ-аас надад бичиг ирж байсан. Тэр үед нь би АН-ынхантай уулзсан. Хууль зөрчсөн гэж байна. УИХ-аас наад нөхрийг чинь томилсон бол эргүүлж татаач гэхэд шүүхээр шийдэхээс өөр аргагүй юм билээ гэдэг хариулт өгсөн. Би АТГ руу албан бичиг өгөөд “Та нар нэгэнт хууль зөрчсөн гэж үзсэн бол бидний гаргасан энэ бичиг үнэн болохыг баталж өгнө үү гээд шүүхэд хандаач. Шүүх тогтоол гаргангуут надад өгчих. Би өргөн барихад бэлэн байна” гэж хэлж байсан. Түүнтэй л адилхан зүйл. Би хэлээд байгаа. Ж.Амарсанаа гэдэг хувь хүн надад хамаагүй. Сайнаар ч муугаар ч ярихгүй. Процессын алдаа байсан байж болно. Гэхдээ бид хууль хэрэгжүүлнэ, хууль боловсруулна гэж тангараг өргөсөн атлаа хууль хэрэгжүүлээгүй хүний эсрэг хууль зөрчиж “байлдаж” болохгүй байхгүй юу. Буруу жишиг тогтоож цаашаа явж болохгүй.
-Хэрвээ “Шударга ёс” эвслийн гишүүд орж ирээгүй бол ирц бүрдэхгүй, ээлжит бусаар ингэж хүч түрэхгүй л байсан. Танай гишүүд яагаад ороод ирэв?
-Эрхзүйн чадамжгүй хүнийг бүлгийн даргаар томилсны гайгаа л амсч байна. Би удаа дараа хэлсэн. Давхар дээлтэй хүн бүлгийн дарга хийж болохгүй гэж. Намайг хэвлэл мэдээллийн хэрэгслээр О.Баасанхүү албан тушаалын донтой гэж хүртэл бичиж л байсан. Хэн дарга байх нь чухал биш. Асуудал нь энэ төрд бүлэг гэж байгаа бол бүлгийнхээ төлөө л гэж явах ёстой юм. Энэ бүхнийг яагаад яриад байна вэ гэхээр УИХ-д муухай жишиг тогтох гээд байна. Учир нь УИХ-ын танхим аль нэг нам эвслийн хурлын танхим байж болохгүй. Аль нэг бүлэглэлийн танхим биш. Энэ бол Монгол Улсын иргэдийн төлөөллийн танхим байх ёстой юм. Иргэд энд үгээ хэлэх ёстой. Хүчтэй нь хүчгүйгээ барьж иддэг жишиг тогтож болохгүй. Манай бүлгийн гурван гишүүн орсон. Би хувьдаа Л.Цог даргатай ойрхон байсан. Л.Цог даргаас “Та яагаад хуралд орчихов” гэж асуухад “Би Ж.Амарсанаа даргыг огцруулахыг дэмжиж байгаа. Харин бусад 26 асуудлыг хэлэлцэхгүй гэж надад амласан учраас би орсон” гэж хэлсэн. Би ч хувьдаа бусад 26 асуудлыг хэлэлцэхгүй бол хуралд суухад татгалзах юм байхгүй байсан. Гэхдээ хууль зөрчсөн процесс байгаа учраас дэмжээгүй юм. Өөрийнхөө эрх ашгийг нэгдүгээрт тавьж, бусдын эрх ашгийг хоёрдугаарт тавьдаг төр байж болохгүй.
-УИХ ээлжит бус зарлаж хууль хэлэлцдэг шүү дээ. Яагаад эсэргүүцсэн хэрэг вэ. Тэр 26 асуудал тийм ноцтой гэж үү?
-Зургаан хоногийн хугацаанд 26 хуулийг кнопдож яах юм бэ. Надад нэг зураг байдаг юм. Нэрийг нь хэлээд яахав. Нэр хүндэд халдсан болох байх. Нэг эмэгтэй гишүүн гурван ширээний хажууд зогсч байгаад бүх кнопыг дарсан. 10 секундын хугацаанд кноп дарах ёстой учраас гурван ширээний есөн кнопыг 10 секундын хугацаанд дарах гэж явж байгаад бүдрээд уначихсан. Би зургийг нь авсан л даа. Та инээж л байна. Гэхдээ энэ чинь эмгэнэл байхгүй юу. Битүүнээр 34 хууль баталсан. Тэнд ердөө 14 хүн сууж байсныг та харсан л байх.
“За кнопоо дараарай болсон уу. За болчихлоо” ингэж л хууль баталж байна шүү дээ. Ийм төр байж болохгүй ээ. АНУ-д Дээд шүүхийн шүүгч нь нас барахад Б.Обама жилийн дараа дахин сонгогдохгүй учраас дараагийн Дээд шүүхийн шүүгчийг томилох ёсзүйн эрхгүй гэж хэлсэн байдаг. Тэгвэл гурван сарын дараа халаагаа өгөх Их хурлын 20 гаруйхан хүн суучихаад Монголын төрийн өмнөөс хуулийг бөөндөж кнопдох эрхгүй. Хуулийн ард маш олон асуудал байдаг. Тухайлбал, Арбитрын хууль гэдэг чинь олон улсын худалдааны шүүх гэсэн үг. Бид байнга л Хонконг зэрэг улсуудад шүүхийн зардал төлөөд байгаа. Яагаад өөрийнхөө улсад төлж болохгүй байгаа юм. Тэрэнд тодорхой заалт орчих вий гэдгээс айгаад ээлжит бусаар чимээгүйхэн батлах гээд байна шүү дээ.
-МАХН-ын гишүүд намын даргыгаа Шадар сайдаар суулгах гэж л шантааж хийсэн хэрэг юм биш үү?
-Монголчуудыг тэнэг гэж бодож иймэрхүү зүйл ярьж болно л доо. Гэхдээ тэрэн шиг худлаа зүйл байхгүй. Арваннэгдүгээр сарын 05-нд Эрүүл мэндийн сайд чөлөөлөгдсөн. Одоо хоёрдугаар сар дуусах гэж байна. Гурван сар гаруйн хугацаа өнгөрчихлөө. Хуулиараа дараагийн сайдын асуудлыг сарын дотор Ерөнхий сайд оруулж ирэх ёстой ч одоо хэдэн сар өнгөрчихөөд байна. Биднээс хуулийн хугацаандаа асуусан. Та бүхэн Г.Шийлэгдамба сайдын оронд хэнийг суулгах вэ гэж асуусан. Бид нам учраас хурлаа хийгээд хэнийг ч санал болгож болно.
Бид өөрсдийнхөө квотод өөрийнхөө хүнийг л санал болгосон. Таалагдаж болно, таалагдахгүй ч байж болно. Шийдвэрийг бид гаргадаггүй. Бид хүнээ л санал болгосон. Гэтэл гурван сар гаруй хугацаанд уясан асуудлаар өнөөдөр МАХН-ыг ингэж доромжилж болохгүй. Биднээс асуусан уу гэвэл асуусан. Бид байр сууриа л хамгаалсан. Тэр нь хурал гацаах шалтгаан болсон гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй. Гурван сар хагас ажлаа хийгээгүй Ерөнхий сайдын хариуцлагыг биднээс нэхэж болохгүй.
Та өөрийгөө Ерөнхий сайд гэж төсөөлөөд үз. Гурван сарын өмнө та надаас хэнийг сайдаар томилох вэ гэж асуусан гэж бодъё. Би таны огт таалагдахгүй хүнийг санал болгосон байж болно. Тэгвэл та долоо хоногийн хугацаанд наад хүн чинь таалагдахгүй байна гээд буцаахгүй яасан юм. Хоёрдугаар сарын 1-нд яахаараа АТГ-аас асуудаг юм. АТГ-ын бичгийг би харсан. 263.2 гэдэг үг байна лээ. 2009 онд 263.2 гэдэг заалт Өршөөлийн хуульд орчихсон. Хоёрдугаарт, АТГ ял шийтгэлтэй эсэхээр дүгнэлт гаргадаг байгууллага биш. Цагдаагийн байгууллага гаргадаг биз дээ. Бид чинь эрхзүйт төрд амьдраад байгаа юм уу, эсвэл эрх мэдлийн төрд амьдраад байгаа юм уу. Бүх хүн айдастай байна шүү дээ.
-АТГ-аас тэгээд яагаад асуусан юм бол?
-Үгүй яахав, албан тушаалын ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг л лавласан хэрэг. Ашиг сонирхлын зөрчил гэж юуг ойлгох вэ гэхээр, энэ албанд нь эхнэр, үр хүүхдүүд нь ажилладаг уу гэдгийг лавладаг. Энэ албан тушаалд ажиллаж байхдаа өмнө нь мөнгө төгрөг идэж уусан уу гэдэгт л хариулдаг. Бид төрийн албанд зөндөө ажилладаг. Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг томилохдоо Ерөнхий сайд АТГ-ынхнаас асуусан. Энэ хүн ашиг сонирхлын зөрчилтэй юу гэж асуусан байдаг. АТГ-аас зөрчилтэй гэж гаргахад энэ бичиг хамаагүй ээ гээд томилчихсон шүү дээ. Ийм жишээ олон байгаа. Хамгийн сонирхолтой нь 67 настай хүнийг Засгийн газар төрийн албанд ажиллуулж байна. Төрийн албаны тухай хуулиар 65 хүртэлх настай хүнийг ажиллуулж болно гэж байхад хууль зөрчөөд л томилгоо хийчихсэн. Бид хуульгүй улс болчихсон юм уу. Төрийн нарийн бичгийн даргаар ажиллачих чадвартай залуус Монголд зөндөө байна. Миний таньдаг найз нөхөд дотор байгаа. Миний танихгүй мундаг залуус ч олон байгаа. Хуульд нийцүүлж ажиллана гэж тангараг өргөчихөөд, тангарагаас няцсан Ерөнхий сайд, УИХ-ын дарга, түүнийгээ улс төрөөр халхалж явааг би эсэргүүцээд байгаа юм.
-АТГ-аас дахиад Н.Энхбаяр даргыг шалгаад эхэлчихэж. Үндэслэлийг нь та харав уу?
-Яагаад шалгасныг АТГ-аас өөрсдөөс нь асуу. Би үндэслэлийг нь харсан. 263.2 гэдэг Өршөөлд хамрагдчихсан заалт байна лээ. Өршөөлд хамрагдсан заалтаар хүнийг яллачихсан. Хуулиараа мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хүчингүй болгох ёстой. Ийм л нийгэмд бид амьдарч байна. Ерөнхийлөгч тэр хүнийг уучилсан. Иргэн Батаа, Дулмааг уучилсны дараа тухайн иргэн дахиад нэг асуудал үүсгэвэл өмнөх уучилсан хэргийг ярьдаггүй. Монгол Улс айдастай, иргэд нь хуульгүй орчинд амьдарч байгаа учраас ард түмэн бухимдалтай байгаа шүү. Би ганцаардаж байна. Юугаар ганцаардаж байна гэхээр, ард түмнийг тэнэг гэж боддог учраас ард түмнийг төлөөлж байгаа намайг буруутгах, ганцаардуулах гэж оролдох, эрх мэдлээр далайлгах гэж оролддог учраас. Ард түмэн олуулаа шүү. Хариуг нь өгнө өө. Гуравхан сарын дараа шийдэх гэж байхад улайрч байна. Тэр хүн жагсаалтын эхэнд бичигдэнэ. Мэдээж УИХ-ын гишүүн болох нь тодорхой байгаа л даа.
-Та намынхаа үйл ажиллагаанд хэр идэвхтэй байна. МАХН, МАН хоёр баяраа хамтарч тэмдэглэхээр боллоо. Энэ үйл явдлыг хэрхэн дүгнэв. Нэгдэх ажил эхэлж байна уу?
-Би МАХН, МАН хоёр сонгуульд эвсч ороосой гэж хүсдэг. Нам амьд байгаа юм чинь шүүмжилнэ, буруутгана, бас дэмжинэ. Идэвхтэй үедээ идэвхтэй л оролцоно. Нэгдэж болохгүй. Эвсэх ёстой. Бид АН-ын дарангуйллын эсрэг хамтдаа бат зогсох ёстой. Яагаад гэвэл бид хамгийн их мэдээлэлтэй байгаа. Ам.доллар яагаад 2029 хүрчихэв. Та хүн шиг амьдарч байна уу, улс шиг хөгжиж байна уу гээд ярьвал асуудал их бий. Хамтарч баяраа тэмдэглэхийг дэмжиж байгаа.