Өрх толгойлсон эцэг, эхчүүдийг дэмжих нь хэн нэгний биш нийгмийн захиалга
УИХ-ын гишүүн М.Энхболд, Д.Оюунхорол, С.Бямбацогт, А.Тлейхан, Б.Чойжилсүрэн нар Өрх толгойлсон ганц бие эцэг, эхийн нийгмийн халамжийн тухай хуулийн төслийг санаачлаад байгаа билээ. Уг хуулийн төсөлтэй холбоотой санал, бодлоо илэрхийлэхээр өрх толгойлсон ээжүүдийн төлөөлөл өчигдөр Төрийн ордонд цуглав. Өрх толгойлсон ээжүүдээс гадна ШШГЕГ, Халамж үйлчилгээний төв, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгуулагуудын төлөөлөл ч хэлэлцүүлэгт оролцсон юм.
Хэлэлцүүлгээр одоо хэрэгжиж буй Халамжийн тухай хуулийн болон санаачилгын шатанд байгаа хуулийн төслийн талаар санал бодлоо илэрхийллээ. Сүүлийн гурван жилийн дунджаар Монгол Улсад 80 гаруй мянган өрх толгойлсон эхчүүд байгаа нь нийт өрхийн 10 орчим хувийг эзэлж байгаа юм байна. Эднээс 18 хүртэлх насны хүүхэдтэй 40433 ээж байгаа бол 7971 аав байгаа аж. Тэдний 80 гаруй хувь нь тав хүртэл насны хүүхэдтэй байдаг гэнэ. Тиймээс бага насны хүүхэдтэй ганц бие хүмүүст хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал, орлогын эх үүсвэр багатай, олсон орлого нь гэр бүлийн хэрэгцээнд хүрэлцдэггүй нь хүүхдээ эрүүл өсгөн бойжуулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамруулахад бэрхшээл учруулах нь ойлгомжтой.
Түүнчлэн өрх толгойлсон болон ганц бие хүүхэдтэй эцэг, эх, тэдний хүүхдүүдэд өнчрөл, хагацал, гэр бүл салалт зэргээс учирсан сэтгэл санааны гүн хямралаа даван туулах, шинэ амьдралд дасан зохицоход нь туслах сэтгэл зүйн зөвлөгөө, бусад шаардлагатай үйлчилгээ хомс, хүртээмжгүй байдаг байна. Тиймээс өрх толгойлсон ганц бие ээжүүдийн амьжиргааг дэмжиж ядууралд орохоос урьдчилан сэргийлэх, эх хүүхдийн эрхийг хамгаалах зорилгоор гишүүд Өрх толгойлсон ганц бие эцэг, эхийн нийгмийн халамжийн тухай хуулийн төслийг санаачилж, Засгийн газраас санал авахаар хүргүүлээд байгаа аж.
Хуулийн төсөлд ганц бие эцэг эхэд үзүүлэх халамжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний мөнгийг ажилгүй, орлогогүй байгаа өрх толгойлсон эцэг, эхчүүдэд олгох, хүүхдээ сургуульд явуулдаг орлого багатай ээж, аавуудад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний урамшуулал дэмжлэгийг үзүүлэхээр тусгажээ. Түүнчлэн эрүүл мэнд, боловсролын үйлчилгээнд хамрагдахад нь төрөөс туслалцаа дэмжлэг үзүүлэх , өвчтэй байх үед нь эмийн тусламж дэмжлэгийг төрөөс үзүүлдэг байх зэргээр олон талын ач холбогдолтой зүйл заалт оруулж өгчээ.
Тодруулбал, мөнгөн тусламжийн тухайд хүүхэд асрах чөлөөтэй, эсхүл гурав хүртэл насны, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч ажилгүй байгаа өрх толгойлсон эцэг, эхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх буюу 192 мянган мөнгөн тэтгэмжийг сар бүр олгож, чөлөөтэй болон ажилгүй байсан тухайн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төр хариуцахаар тусгаад байна. Мөн хоёр буюу түүнээс дээш хүүхэдтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд орон сууцны халаалт, цахилгаан, ус, түлшний үнийн хөнгөлөлтөд зориулан амьжиргааны доод төвшний 50 хувьтай тэнцэх буюу ойролцоогоор 96 мянган төгрөгийн мөнгөн тусламжийг оршин суугаа газрын байршил, сууцны төрөл харгалзахгүйгээр улирал бүр олгохоор тусгаад байгаа юм. Хэлэлцүүлгийн үеэр хуулийн төслийг санаачлагч гишүүд байр сууриа илэрхийллээ.
Д.Оюунхорол: Хүнээ дээдэлсэн төрийн бодлого зайлшгүй хэрэгтэй
/УИХ-ын гишүүн/
-УИХ-аар хэлэлцүүлэхээр өрх толгойлсон эцэг, эхчүүдийг дэмжих нийгмийн халамжийн тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулж, Засгийн газраас санал авахаар өргөн барьсан. Хуулийг боловсруулахдаа бид иргэд юу хүсч, ямар хууль зүйн зохицуулалт бий болгохыг хүсч байгаа талаарх судалгааг олон талаас нь хийсэн. Уг хуулийн төслийг боловсруулах гэж гурван жил судласан.
Мөн энэ хуулийг хэлэлцүүлэхийн өмнө Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилж, хүүхэд төрсөн цагаасаа эхлэн өмчийн эзэн байх, өмчийг хамгаалах хуулийг хамтад нь өргөн барьсан байсан. Энэ хуулийн төсөл байнгын хорооны шатанд хэлэлцүүлэгт явж байгаа. Өнөөдөр өрх толгойлсон ээжийн тоо 80 мянга, аавын тоо 8000 гаруй болсон байна. Энэ хүмүүсийн ихэнх нь хөдөлмөрийн насны ажилгүй, орлогогүй ээж, аав нар байгаа юм. Нийгмийн халамжаас ямар нэг дэмжлэг туслалцаа авдаггүй. Зарим нэг нь хөдөө, аймагт ээж, аавынхаа тэтгэврийн мөнгөөр үр хүүхдээ, гэр бүлээ тэжээж амьдарч байна. Монгол Улсын төрөөс хүнээ дэмжсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх Үндсэн хуулийн заалттай. Тиймээс энэ хуулийг хэрэгжүүлж, гаргах шаардлагатай байна.
Дэлхийн олон улс оронд өрх толгойлсон ээж, аавуудыг дэмжсэн нийгмийн халамжийн хууль хэрэгжиж байна. Дэлхийн нийтээр хүний хөгжлийг дэмжсэн бодлого явуулж эхэлсэн. Тиймээс ч бид энэхүү хуулийг УИХ-аас хэлэлцээсэй гэж хүсч байна. Энэ бол ямар нэг улс төр биш. Хэн нэгний захиалга бус нийгмийн захиалга юм. Монгол Улсын нийт өрхийн 10 хувийн асуудлыг шийдвэрлэх цаг болсон. Эдийн засаг хүнд байна гээд халамжийн бодлогыг бүхэлд нь орхигдуулж байгаа. Тиймээс цөөхөн хүн амтай бидний хувьд хүнээ дээдэлсэн төрийн бодлого зайлшгүй хэрэгтэй байна. Бид эхний байдлаар маш бага асуудлыг шийдчихээсэй гэж хүсч байна. Ямар ч орлогогүй байгаа ажил хөдөлмөр эрхэлдэггүй өрх толгойлсон аав, ээжид сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэхүйц хэмжээний мөнгө олгохыг хүсч байгаа юм. Зорилтот бүлэгт чиглүүлээд олгоё.
Салсан гэр бүлүүдийн 85 хувь нь хүүхдийн тэтгэлгээ авч чаддаггүй
Хэлэлцүүлгийн үеэр өрх толгойлсон эхчүүдэд тулгамдсан олон асуудлын талаар ярилцлаа. Тухайлбал, гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоох зохицуулалт байдаг ч энэ талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн биелэлт 10-15 хувьтай байдаг аж. Өөрөөр хэлбэл, салсан гэр бүлүүдийн 85 хувь нь хүүхдийн тэтгэлгээ авч чаддаггүй юм байна. Энэ тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын албаны дарга, дэд хурандаа Б.Батболд “Улсын хэмжээнд жилд дунджаар 2000-3000 гэр бүлээ цуцлуулсан шүүхийн шийдвэр ирдэг бол нийслэлийн хэмжээнд энэ тоо 2000 гаруй байдаг. Гэр бүлийн тухай хуулиар хүүхдэд олгох тэтгэлгийг 0-11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод төвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ амьжиргааны доод төвшний хэмжээгээр тус тус олгож байхаар заасан байдаг.
Хэдийгээр хуулийн дагуу хүүхдийн тэтгэмж өгөх шүүхийн шийдвэр гардаг ч одоогийн байдлаар тогтмол төлөгдөж байгаа 5648 шүүхийн шийдвэр, тогтмол тэтгэлгээ авч байгаа 5745 хүүхэд, хуримтлал үүссэн 4741, шүүхийн шийдвэр гарснаас хойш 10 жил болсон 914, төлбөрийн чадваргүй 2208 тэтгэлэг төлөгч, оршин суугаа хаяг тодорхойгүй 1548 тэтгэлэг төлөгч, хорих ял эдэлж байгаа 71 тэтгэлэг төлөгч, бусад шалтгаантай буюу хаана байгаа нь мэдэгдэхгүй, олдохгүй, олоод очсон ч хаалгаа тайлж өгдөггүй зэрэг шалтгаантай 5069 шүүхийн шийдвэр байна. Ер нь аавуудаас хүүхдийн тэтгэмжийг нь гаргуулахад маш олон бэрхшээл тулгардаг. Тиймээс бид энэ хуульд шийдвэр гүйцэтгэгчийн эрх, үүргийн нэмэгдүүлэх чиглэлийн заалтыг түлхүү тусгаасай гэж хүсч байна.
Яагаад гэвэл шийдвэр гүйцэтгэгчийн шаардлагыг тэтгэмж олгогч огт биелүүлдэггүй. Бид цагдаа шиг албадан ирүүлэх эрх зүйн чадамжгүй учир маш олон чирэгдэл үүсдэг” гэв. Үүнээс үзэхэд Гэр бүлийн тухай хуулийн дээрх заалт амьдралд бодитой хэрэгжихгүй байгааг энэ тоо харуулж байна. Энэ нь ганц, бие эцэг, эхчүүдийн олонхыг эзэлж буй ээжүүдийн хувьд үр хүүхдээ өсгөх хүнд ачааг ганцаараа үүрдэг гэж тодорхойлж болохоор байгаа юм. Түүнчлэн хүүхдийн тэтгэлгээ өгөхгүй байгаа эцэ, эхэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг ч амьдрал дээр ганц ч хүнд хариуцлага хүлээлгэсэн тохиолдол байдаггүй юм байна.
Халамжийн хуулийн заалтыг арай зөөллөж өгөөсэй гэв
Хэлэлцүүлэгт оролцож байгаа өрх толгойлсон эхчүүд одоогийн хэрэгжиж байгаа Халамжийн хууль амьдралд нийцэхгүй байгаа талаар ярьж байлаа. Энэ талаар хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон ээж Б.Даваасүрэн ”Одоогийн Халамжийн хуульд гурав болон түүнээс дээш хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхэд халамж үзүүлнэ гэж заасан байдаг. Яг амьдрал дээр гурваас дээш хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй байна гэдэг боломжгүй. Ихэнхдээ 1-2 хүүхэдтэй байдаг. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй халамжид хамрагддаг ганц бие эцэг, эхийн тоо цөөн байгаа. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ганц бие эцэг, эхэд хүүхдийг нь 14 нас хүртэл л халамжийн мөнгө өгдөг.
Гэтэл хүүхэд өсөх тусам л хэрэглээ нь ихэсч, мөнгө илүү их хэрэгтэй болно. Одоогийн хуулийн эдгээр заалтыг арай зөөллөж, энэ хуульд тусгаж өгөөсэй гэж хүсч байна. Жирийн эрүүл саруул хүн ганцаараа хүүхдээ өсгөхөд ямар хүнд байдаг билээ. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй ганц бие эцэг, эх хүүхдээ өсгөхөд бүүр ч олон асуудал бэрхшээл гардаг. Мэдээж хөгжлийн бэрхшээл эцэг, эхтэйн улмаас бидний хүүхдүүд бусад хүүхдийн адил өсч, хөгжиж чадахгүй, тоглож наадах эрх нь хязгаарлагдаж байна. Жирийн хүүхдүүд хичээлээ тараад, гарч орж, чөлөөтэй тоглож нааддаг. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй эцэг, эхтэй хүүхдүүд чөлөөт цагаараа аав, ээжээ асарна, гэрийн ажлаа давхар хийнэ гэхчилэн асуудал их бий” хэмээв.