УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан иргэний захидалд хариу бичлээ
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2016.03.04

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан иргэний захидалд хариу бичлээ

ЗАХИДАЛ

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн өндөр настан Б.Батмөнх

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан таныг байнга нутгийнхаа сонгогч иргэдтэй уулзаж мэдээлэл өгч иргэд сонгогчдынхоо сэтгэлийн үгийг төр засгийн сонорт  хүргэн ажиллаж байгаа явдалд малчид иргэд бид бүхэн туйлын баяртай байдаг. Ер нь өнөөгийн төр засгийн бодлого ямар чиглэлд байгааг иргэд малчид бид ойлгоход хэцүү байна. Малчдад чиглэсэн Монгол мал хөтөлбөр хаачсан бэ? Малчид бид аж амьдарлын хувьд уруудаж эхэллээ. Мах түүхий эдийн үнэ буурч малаа өсгөх нөхцөл үгүй болоход ч хүрч байна. Цаашид хөдөө аж ахуйн үйл ажиллагаа хөгжих үндэс суурь ч муудаж, малчдад хэрхэн амьдрах талаар ямар бодлого хэрэгжүүлж байгаа нь бүрхэг байна.

Өнөөдрийг хүртэл Монгол Улсын хөдөөний хэдэн малчид бид тэжээж өдийг хүргэсэн нь үнэн биз дээ. Учир нь  ийм болохоор малчдын амьдрал тэдний үйл ажиллагааг дэмжих цаг үеийн бодлого  хэрэгжихгүй нь Монгол улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг үгүйсгэх бодлого ч байж болохоор санагдаж байна. Ардчилсан нам урьд өмнө нь сонгуульд ялж нэг уруудуулсан. Энэ нь үндсэн хуулийг дордуулсан 7 заалт юм гэж боддог. Мөн одоо гарч ирээд ч Монгол улсын иргэд биднийг элгээр нь мөлхүүлэхэд хүрч байна. Өнөөдөр хотын ажилгүй хүмүүс битгий хэл хөдөөний бид ч хоосон хонох  цаг ирж байгааг төр засаг мэдэж аваасай гэж бодож байна.

Байгалийн баялаг уул уурхайн чиглэлийг тод санаж байна. Газар шороо үнэт баялгийг хайрлан хамгаалах үндэс суурь өнөөдрийн төр засгийн удирдлагуудын анхаарал нөхцөл хаашаа хандаж байна вэ? Монголын иргэд бид үүний талаар мэдэх арга байна уу? Энэ талаар УИХ-ын гишүүн та тайлбарлаж өгнө үү.

Хэтэрхий их улс төржсөн үйл ажиллагаа  хот хөдөөгүй тархаж иргэд сонгогч бидний  тархийг ихээхэн угааж байгааг нуугаад яах вэ? Ардчилал гэдгийг зөв ойлгох хүн үгүй болж байна. Эрхээ эдэлж чадаж байгаа бол үүргээ биелүүлдэг ардчиллыг бид хүсч байна.

Монголынхоо үр удамд ёс заншил оюун ухааныг зөв эерэг үзлийн үүднээс сургаж боловсруулдаг тйим сурган хүмүүжих боловсролыг бид уламжлал болгон суралцаж үндэс язгуураа хамгаалах нь улс үндэстний аюулгүй байдал тусгаар тогтнолын баталгаа болно гэдэгт ард иргэд бид бүрэн дүүрэн итгэж явдагаа  төр засгийн сонорт хүргэмээр байна. 

ЗАХИДЛЫН ХАРИУ

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаас Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн иргэн, өндөр настан Б.Батмөнхөд:

Тавлаг сайхан хаваржиж байна уу.  Танд гал Бичин жилийн мэнд дэвшүүлж, амар мэндийг тань айлтган мэндчилж байна. Таны зүгээс Малчдын өрхийн орлого багасч, түүхий эдийн үнэ ханш унаж,  мал аж ахуйг сэргээх үндэсний бодлого алдагдаж байгаа талаар үнэтэй санал ирүүлсэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

            Малчдын талаар төрөөс баримтлах бодлогын бичиг баримт, Монгол мал үндэсний хөтөлбөрийг батлан 2008-2012 онд хэрэгжүүлж жил бүрийн Улсын төсөв батлахад дээрх хөтөлбөрт зориулсан төсөв баталж, Малчдын ноос, арьс ширэнд урамшуулал олгож, мах, ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрүүдэд татаас өгч нөөцийн мах бэлдүүлдэг байсныг та санаж байгаа байх. Өнөөдөр муу хэлүүлдэг нөгөө ченжүүд хүртэл мал мах, түүхий эд авахаа байчихлаа. Малчдаа үндэсний үйлдвэрлэгч хэмээн зарлаж данс нээж, тамга тэмдэг олгож байсны тод гэрч малчдын авдранд хадгалаатай л байна. Яагаад энэ хөтөлбөрүүд зогсож, зарцуулсан өч төчнөөн хөрөнгө мөнгө, явдал суудал салхинд хийсч замхарсан бэ. Хамаг юмыг хямрал руу чихэж, хүмүүсийн толгойд хямралаас болж малын үнэ буурсан гэх тайлбартай миний хувьд санал нийлэхгүй байна. Энэ нь Төрийн залгамж бодлогоо тоодоггүй, нэг нам нь төрд гарч ирээд өмнөх засгийнхаа хийснийг зогсоож, шинэ хөтөлбөр ярьж цаг хугацаа, хөрөнгө хүч алддаг байдлаас үүдэлтэй. Үүнийг би хямрал бус төрийн бодлогын алдаа хэмээн үздэг.

Малынхаа махыг хоёр хөрш оронд экспортлоно, гэрээ хэлэлцээр хийлээ л гэдэг. Саяхандаа саяхан малдаа тод шар ээмэг зүүгээд л, хөдөө аж ахуйн биржийн тухай гээд нэг хууль баталсан. Сүрхий сайхан болно гэж их ч сурталчилсан даа. Уул нь тэр хууль хэрэгжсэн бол хаанахын хэний мал вэ, тарилга вакцинд хамрагдсан уу гээд бүх мэдээлэл бий болж, хойд урд хөршдөө энэ бол эрүүл цэвэр Монгол малын мах гээд нүүр бардам үзүүлэх баримттай болчих байсан. Энэ мэтчилэн мал аж ахуйн салбарт буруу бодлогын улмаас богино хугацаанд буруу тийшээ эргэсэн нөхцөл байдлыг засах, малчдынхаа орлогыг нэмэгдүүлэх  гарц гаргалгаа, боломж бололцоо байна уу гэвэл байна. Наад зах нь Малын гаралтай түүхий эдийг зөвхөн хагас болон бүрэн боловсруулсан бүтээгдэхүүн болгож экспортлоно. Боловсруулаагүй түүхий эдийг хилээр гаргахад гаалийн өндөр  татвар тогтоох тухай хачин тогтоолоо цуцалчих хэрэгтэй. Манай улсад тэр их арьс шир, ноос ноолуурыг боловсруулж, бүтээгдэхүүн болгодог үйлдвэр нь хуруу дарам цөөхөн.

Бүгдийг нь боловсруулах тийм чадал ч байхгүй. Хэрэв ээ энэхүү тогтоол хүчингүй болчихвол ноос, ноолуур, арьс ширний үнэ ханш буцаад өсөх боломж бий.  Малчдынхаа тэтгэврийн насыг наашлуулж эмэгтэй 55, эрэгтэй 50 насандаа тэтгэвэрт гарч, ажилласан нэг жилийг нөхөн тооцох тухай хуулийг өргөн барьж батлууллаа. Малчдын банкны зээлийн хүү буурлаа гээд малчдын амьдралд нөлөөлөх зөв хуулиуд батлагдан гарч байна. Малын тоо ихсэх тусам бэлчээрийн даац хэтэрч байгаа нь бодит үнэн боловч мал үнэгүйдэх тусам малаа олон болгож оюутныхаа төлбөрийг төлөхөөс өөр аргагүй байдалд хүрч байна. Нэгэн малчнаас энэ их хонь танай малуу гэж асууж л дээ. Тэгтэл малчин хариуд нь мал нь хотод сурч байгаа. Энэ бол төлбөр нь байгаа юм гэж хариулсан шог яриа хүртэл гарсан байна билээ.

Наад зах нь өөрөө худаг ус гаргаж бэлчээрээ усжуулсан, залуу үеээ мал маллах арга ухаанд сургаж, малжуулж, туслах малчнаар ажиллуулж байгаа малчдад төрөөс урамшуулал олгох хэрэгтэй. Сум бүрт жил бүр очдог сум хөгжүүлэх сангийн мөнгө гэж малчдад огт очдоггүй тухайн сумын хэсэг нөхдүүдийн танил тал, ах дүү,  найз нөхдийн хүрээнд зээл нэрээр олгогддог үрэлгэн төсвийг цэгцлэх цаг нь болсон. Сум хөгжүүлэх сангийн суманд очиж байгаа мөнгө сүүлийн 4 жилээр тооцоход лав тэрбумд дөхөж байгаа ч хөдөөг гийгүүлчэхсэн зүйл үнэхээр алга. Энэ зээлээр амьдрал минь дээшилсэн шүү гээд ярих хүн ч тун цөөн байна. Хэрэв зээ энэ хөрөнгийг төвлөрүүллээ гэж бодоход 330 тэрбум орчим болно. Гурван жилийн дотор бүх малаа эрүүлжүүлээд авах боломж бүрдэнэ.

Энэ мөнгөөр 330 ширхэг арьс шир, ноос ноолуурыг хагас боловсруулах үйлдвэр өлхөн барих боломж бүрдэнэ. Хямрал гэж итгэл алдран нурмайлгүй, харин ч хямралыг  боломж болгох хэрэгтэй. Таны ирүүлсэн малчдын талаар болон бусад саналуудыг  УИХ, Засгийн газрын түвшинд илэрхийлж, малчдынхаа тулгамдсан асуудлыг оновчтой, амьдралд нийцтэйгээр шийдвэрлэх, хууль эрх зүйн орчинд тусгах талаар идэвхтэй ажиллах болно. Танд болон танай гэр бүлд эрүүл энх, сайн сайхныг хүсч, төл бүрэн тавтай сайхан хаваржихын ерөөл дэвшүүлье.

Хүндэтгэсэн,

Улсын Их Хурлын гишүүн Лувсанцэрэнгийн Энх-Амгалан.