ШУ-ны гавьяат зүтгэлтэн Б.Даш-Ёндон
2016.03.11

ШУ-ны гавьяат зүтгэлтэн Б.Даш-Ёндонгийн 70 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Шинжлэх ухааны гавьяат доктор профессор Бүдрагчаагийн Даш-Ёндонгийн бүтээлүүд Монголын нийгэмд томоохон байр суурь эзэлсэн. Монгол Улсад философийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд түүний олон олон бүтээлүүд цаглашгүй үнэтэй хувь нэмэр оруулсан гэж Даш-Ёндон гуайтай олон жил хамт ажилласан журмын нөхөд нь, шавь нар нь, үе үеийн эрдэмтэн судлаачид үзэж байна. Энэ салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэж, мэдлэг, авьяас чадлаа зориулж, философийн ухааны 100 гаруй бүтээл туурвижээ. Өнөөдөр ч бүтээлээ туурвисаар байгаан дээр дэлхийн агуу их философичдын бүтээлийг орчуулж, Монголын уншигчиддаа танилцуулсан. Тухайлбал, Аристотелийн гүн ухааны найман бүтээлийг бүгдийг нь орчуулсан байдаг.

70 насны ой нь тохиож байгаа Даш-Ёндон гуайг шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн гэдгээс нь илүүтэйгээр хүний сайхан шинж бүрдсэн, энгүй их эрдэм мэдлэгтэй ч эгэл даруухан хүн гэдгээр нь хамт олон нь, журмын нөхөд нь хүндэлдэг. Жинтэй олон бүтээл туурвиж, шинжлэх ухааны болон улс төрийн салбарт олон жил зүтгэсэн ч албан тушаалд санаархаж, хувийн эрх ашгаа дээгүүрт тавьж яваагүй түүнийг эрдэмтэй хүн даруу гэдэг үгийн  амьд жишээ гэх хүн олон байсан юм.

Монгол Улсын философийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд асар их хувь нэмрээ оруулсан Бүдрагчаагийн Даш-Ёндон гуайг өнөөдөр шинжлэх ухааны академийн дээд шагнал Хубилай хааны одонгоор шагналаа. Гэсэн ч тэрээр амжилт бүтээлийнхээ талаар бидэнд даруухан хуучилсан юм.

Даш-Ёндон гуайн бүтээлийн гол сэдэв нь Монголчуудын сэтгэлгээ рүү чиглэсэн байдаг байна. Тиймээс түүний 70 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал “Монголчуудын сэтгэлгээний өөрчлөлт асуудал ба хандлага” гэсэн сэдвийн дор явагдлаа.