Бараа, үйлчилгээгээ бартераар солилцох боломж нээлттэй боллоо
Барилгын салбарын аж ахуйн нэгж байгууллагууд болон хувь хүмүүс бараа материал болон бүтээгдэхүүн үйлчилгээгээ бартераар солицох боломжийг олгосон “Бартерийн Бирж 2016” арга хэмжээ Гандирс төвд нээлтээ хийлээ.
Орон сууц, барилгын материалын солилцооны уг биржийг Монголын Барилгын Үндэсний Ассоциациас зохион байгуулж, Барилга хот байгуулалтын яамнаас дэмжин ажиллаж байгаа юм.
Эдийн засгийн таагүй байдлаас шалтгаалан орон сууц, барилгын материалын борлуулалт буурснаас барилгын салбарын компаниудын үйл ажиллагаанд хүндхэн асуудлууд тулгарч байгааг шийдвэрлэх арга зам нь бүтээгдэхүүн солилцооны бирж болохыг тус ассоциациас анх удаа ийнхүү санаачлан зохион байгуулж байгаа юм.
Энэ нь зөвхөн Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн гишүүн байгууллагуудад дэмжлэг болоод зогсохгүй биржид хүрэлцэн ирж, оролцогчдын бүтээгдэхүүн үйлчилгээг солилцоогоор авч ашиглах хэн бүхэнд хэрэгтэй, ашигтай худалдаа болно гэдгийг зохион байгуулагчдын зүгээс мэдэгдэж байлаа. Барилгын материал, дэвшилтэт техник технологи, орон сууц, хөдөлөмөр аюулгүй ажиллагааны хэрэгсэл, тоног төхөөрөмж гээд олон талын бүтээгдэхүүнийг танилцуулан худалдаалах “Бартерийн Бирж 2016” арга хэмжээг нээж, МБҮА-ийн Ерөнхийлөгч Б.Нэмэхбаатар үг хэлж, нээлтийн ёслолд БХБ-ын Сайд З.Баянсэлэнгэ болон бусад газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцлоо.
МБҮА-ийн Ерөнхийлөгч Б.Нэмэхбаатар:
Улаанбаатар хотод явагдаж буй нийт бүтээн байгуулалтын 90 орчим хувийг гүйцэтгэдэг 150-160 байгууллага манай МБҮА-ийн гишүүнчлэлд байдаг. Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед бэлэн мөнгөний хомсдол гарч, компаниудын хооронд төлбөр тооцооны тал дээр хүндрэл гарч, зарим нь бартераар хоорондоо худалдаа хийх болсныг нэгтгэн зохион байгуулж, хямралын хүндрэлийг хамтдаа даван туулах гэсэн гишүүн компаниудын саналаар бартерийн биржийг зохион байгуулахаар болсон. Зарим компанид нь байр, заримд нь төрөл бүрийн барилгын материал байдгийг нэгтгэн ханган нийлүүлэлтийн нэгдсэн тогтолцоо, сантай болох, цаашлаад ХАА, Уул уурхайн бирж шиг нийлүүлэлтийн онлайн бирж байгуулахын эхлэл болгох үүднээс энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна.
Бэлэн байгаа орон сууцнуудаас авахуулаад барилгын бүх төрлийн материал, тоног төхөөрөмж, тэр ч байтугай хөдөө орон нутгаас байрны оронд мал болон мал аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүн нийлүүлж урт хугацааны төлбөр тооцоог хийх гээд янз бүрийн санал ирж байгаа. Тэгэхээр эдгээрийг хооронд нь уялдуулах, хооронд нь холбох нь энэ биржийн гол зорилго болж байгаа юм. Энэ нь цаашид байгуулагдах онлайн биржийн үндэс суурь болно.
БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ:
2016 онд тохиож буй Барилгын салбарын түүхт 90 жилийн ойн баяраа угтаж олон арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж байна. Өнөөдөр БХБЯ, МБҮА хамтран бартерийн биржийн үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болоод байна. Бартерийн биржийн ач холбогдол нь тухайн салбар дахь хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж буй гол асуудал болох бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний илүүдлийг хоорондоо солилцох үйл явцыг дэмжих, тэдгээрийг холбох, хамтран ажиллах боломжоор хангах явдал юм. Цаашлаад энэ бирж нь өргөжиж, мэдээллийн сантай болж, түүгээрээ дамжуулан аль компанид ямар бараа бүтээгдэхүүн, хэр хэмжээтэй байгаа зэргийг мэдээлж, худалдаа солилцоо хийх үйл ажиллагааг тогтмол явуулдаг болно гэдэгт итгэл дүүрэн байна. Ингээд оролцогчиддоо бүгдэд нь амжилт хүсье. “Бартерийн Бирж 2016” арга хэмжээ нь Гандирс төвд энэ сарын 23-ны өдрийг дуустал үргэлжилнэ.
Барилгын салбарт амжилттай маркетинг явуулахыг хүсэгчдэд зориулсан илтгэл тавина
Барилгын салбарын аж ахуйн нэгжүүдэд илүүдэл бүтээгдэхүүн, материал болон үйлчилгээгээ бартер солилцоогоор худалдаалах боломжийг бүрдүүлсэн “Бартерийн Бирж 2016” арга хэмжээнд “Барилгын салбарын маркетинг” сэдэвт илтгэлийг “Барилга Эм Эн” компанийн Судалгааны албаны дарга Б.Билэгтсайхан тавих гэж байна. Эдийн засгийн хямрал нүүрлэж, компаниудын хувьд санхүүгийн бэрхшээлийг даван туулахад хүндхэн байгаа энэ үед цагаа олсон, хамгийн хэрэгцээт агуулгыг багтаасан, бодит жишээнд тулгуурласан уг илтгэлийг сонсох боломж хэн бүхний өмнө нээлттэй.
Барилгын салбарын маркетингийг хэрхэн хийх, тэр дундаа орон сууцны төслийн маркетингийг явуулах, орон сууцны зах зээлийн судалгаа шинжилгээ, тоон баримт, худалдан авагчийн зан төлвийн байдал, маркетингийн идэвхжүүлэлтийн сувгаа оновчтой тодорхойлох, маркетинг-борлуулалтын төлөвлөгөөг хэрхэн гаргах гээд олон талын мэдлэг, мэдээллийг орон сууцны төслүүдийн бодит жишээнд тулгуурлан хүргэх юм.
Нарны эрчим хүч үүсгүүртэй хамгийн том шилэн фасадыг бүтээжээ
Цэвэр эрчим хүчний технологийг бүрэн нэвтрүүлсэн анхны сургууль Дани улсад үүд хаалгаа нээх гэж байна. Энэ нь нарны эрчим хүч үүсгүүр бүхий дэлхийн хамгийн том шилэн фасадыг ашиглаж буйгаараа онцлогтой юм. Копенгагены Олон улсын сургууль нь Дубайн хөрөнгө оруулалтын тэргүүлэгч компаниудын нэг болох Эмират Инсолэйр компанийн ивээн тэтгэлгээр ийнхүү нарны эрчим хүчийг өөрөө үүсгэх хүчин чадалтай шилэн фасадтай болох юм. Энэхүү дэвшилтэт технологи нь барилгын гадна фасаданд нарны эрчим хүчийг хуримтлуулан тус сургуулийн хэрэглээний цахилгааны тэн хагасыг хангах боломжтой аж.