2016.04.15

Жирийн иргэд л НӨАТ төлж байна

УИХ-ын нэгдсэн хуралдааны эхэнд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын зарим гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Төсөв санхүү татвартай холбоотой асуудлыг хэлэлцэх үед Ерөнхий сайд, Сангийн сайд энд байх ёстой. НӨАТ-ын хууль гэж бужигнуулан кассын машин нэртэй нууц хуйвалдааны бизнес цэцэглэж, ард түмнийг цөхрөөж ханахгүй байна.  

НӨАТ төлдөг хүн, НӨАТ-аас чөлөөлөгдөх хүн гэж хүмүүс хоёр хэсэгт хуваагдсан. ОУ-ын байгууллага, лоббичид НӨАТ-аас чөлөөлөгдөж харин жирийн иргэд НӨАТ төлж байна. Үүнийг цогцоор нь шийдвэрлэж бүгд НӨАТ-аа төлдөг болвол амар юм биш үү?

УИХ-ын Д.Тэрбишдагва “НӨАТ-ын тухай хууль хэрэгжээд нэг улирал болж байна. Өөрчлөлт оруулбал иж бүрнээр нь авч үзэхгүй бол болохгүй. Монгол улс нэг талаас орлогогүй улс болсон. Орлогогүй болчихоор улсын эдийн засаг яаж хөгжих вэ дээ. Тиймээс НӨАТ-ын тухай хуулийг иж бүрнээр шинэчилж, чөлөөлөх ёстой бол чөлөөлөх хэрэгтэй” гэлээ.

 Одоо чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.