Хариуцлагагүй байдлын үлгэр жишээ нь УИХ
УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
-"Хэнд хариуцлага тооцох гээд байна вэ? Нэгэнтээ сонгогдсон хүмүүст хэн хариуцлага тооцох вэ? Энэ нь сонгох эрхэд харшилж, Үндсэн хуульд зөрчилдөх юм биш үү? Сонгогдсон гэхээр ард түмэн сонгоно гэж ойлгож байгаа. Гэтэл ард түмэнд хариуцлага тооцох юм уу".
УИХ-ын гишүүн Л.Болд
-"Хариуцлагагүй байдлын үлгэр жишээ нь УИХ. Өнөөдрийн ирцийг хар. Байнгын хороо, чуулганы хуралдаан цагтаа эхэлдэггүй. Үүний цаана хариуцлага байхгүй учраас хурлаа тасалж байна. Гишүүнийхээ үүргийг биелүүлээгүй бол дахиж нэр дэвшихгүй байх, намаасаа хариуцлага хүлээх, цалингаасаа хасуулах хариуцлага баймаар байна. Тэгэхгүй бол хариуцлагагүй байдал улам лавширна".
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва
-"Дээрээ суудлаа олохгүй бол доороо суудлаа олохгүй. Дээрээсээ хариуцлага эхлэх ёстой. Эрх ямба л эдэлж байгаа бол хариуцлага хүлээх ёстой. Тэгэхдээ Ерөнхийлөгч ч УИХ-ын гишүүний нэгэн адил ард түмнээсээ сонгогдсон учраас хуулийн тэгш зарчим үйлчлэх ёстой. Хоёр өөр зарчимтай төслийг яагаад санаачлав. Олон улсын туршлагаас судалсан бол аль улсад ийм зарчим байна.
УИХ-ын Тамгын газраас энэхүү хуулийн төсөлд хийсэн судалгаагаар УИХ-ын гишүүнийг сонгогчийн саналаар эргүүлэн татах нь парламент дахь хүчний харьцааг ёс бусаар өөрчлөх эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарчээ. Энэ эрсдэлийг яаж тооцож байна вэ. Өөрийн орны онцлогийг хэр судалсан юм. Улс орныг тогтворгүй байдал руу чирчих юм биш биз.
Энэ хууль хоёр том намд халгаатай, ялангуяа олон жил төрийн алба хашсан хүмүүст халгаатай гэж би үзэж байна. Шинэ залуу улс төрийн нам, шинэ залуу улстөрчид ашигтай. Бодлогынхоо хувьд хэр зөв юм бэ"?
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
"Хариуцлагын асуудал бол хойшлуулашгүй асуудал гэдэгтэй санал нэг байна. Өнөөдөр УИХ-ыг ямар бүрэлдэхүүн бүрэлдүүлж байгаа билээ. 1996 оноос эхэлсэн, УИХ-д сонгогддог улсууд эрх ашгийнхаа эрэмбыг зааглаад ажиллаж байгаа хүмүүс, эрх мэдлээр дамжуулж пүүс компаниа өргөжүүлэх, эд хөрөнгөө нэмэх, гаргаж байгаа шийдвэрийг энэ чиглэлд гаргуулдаг хүмүүс энд олон. Төрийн албан тушаалд хариуцлага тооцох гэхээр тооцож болохгүй өчнөөн хаалт бий.
Өнөөдөр Эрүүл мэндийн сайд байхгүй хичнээн сар явлаа. УИХ-ын гишүүд нь төрийн өндөр албан тушаалтан гэдэгтээ хэт итгэчихсэн байна. Гэтэл гишүүд хэдийн халдашгүй эрхтэй ч хязгааргүй Халдашгүй байдал гэж байхгүй байх.
Хуульд ёс суртахууны харицлага хүлээсэн бол Улс төрийн хариуцлага хүлээхгүй гэсэн заалт байна. Хуультай танилцвал нэлээд хэдэн ийм заалт байна".
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
-"Зарчмын хувд нь энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Ардчилсан нийгмээр 26 жил явлаа, хариуцлагын асуудлыг УИХ өөрсдөөсөө эхлүүлэх ёстой. Хариуцлага ярих цаг нь болсон, хариуцлага буураад байгаа цаад шалтгаан нь хуулиа хэрэгжүүлдэггүй, хэлсэндээ хүрдэггүй, бодлого нь савлаж байдаг гээд яриад байвал олон шалтгаан бий. Үүнээс болж, ард түмний төрдөө итгэх итгэл суларч байгаа. Хариуцлагын хэрэгжилт бол хуулиа хэрэгжүүлэхээс эхэлнэ. Хууль нь хэнээс эхэлж хэрэгждэггүй вэ гэхээр мөнгө эрх мэдэлтэй хүмүүсээс эхэлж хэрэгждэггүй. Хүчтэй төртэй байя гэвэл хуулиа биелүүлдэг болох ёстой. Хариуцлагаас айх шаардлагагүй. Төрийн өндөр албан тушаалтанд зайлшгүй байх ёстой.
Ардчиллын дээд хэлбэр Монголд байгаа. Эх орноороо бахархдаг. Гэхдээ хууль, дүрмээ биелүүлж амьдрах ёстой. Үндсэн хуулийн өөрчлөлт яригдах ёстой".
УИХ-ын гишүүн Д.Батцогт
-"Монголд хариуцлага байхгүй болсон. Ерөнхийлөгчөөсөө эхлээд УИХ, Засгийн газар хариуцлагатай болъё гэх нь туйлын зөв. Сүүлийн үед УИХ-ын нэр хүнд хавтгайдаа унаж байгаа нь бидэнтэй л холбоотой. УИХ-ын гишүүн нь баримт нотолгоогүйгээр ярьдаг. Энэ нь УИХ гэх том институцийн нэр хүндийг унагахад нөлөөлдөг. УИХ-ын гишүүнийг эргүүлэн татдаг болох ёстой гэдгийг дэмжинэ, гэхдээ яаж вэ гэдэг дээр тоолуур гүйх ёстой. Гэхдээ хатуу намын гишүүнчлэлээр хуваагдчихсан байхад 30 хувийн саналаар гарч ирж, байгаа УИХ-ын гишүүнийг сонгогчийн 15 хувийн саналаар эргүүлэн татна гэвэл осолтой. 1000 сонгогчтой баг байлаа гэхэд тэдний 15 хувиар УИХ-ын гишүүнийг эргүүлэн татна гэвэл хэн ч хаанаас 15 хувийн санал гаргаад ирнэ. Энийг эргэж харах шаардлага байна".
УИХ-ын гишүүн А.Бакей
"Манай нийгэмд яах аргагүй хариуцлагын зуд нүүрлэж байна. Энэ бол ганц нэг хоног эсвэл дөрвөн жилийн дотор бий болсон асуудал биш. Хариуцлагын зудын хор хохирлыг ард түмэн үүрч байна. Яагаад гэвэл хариуцлагатай холбоотой хууль тогтоомж дарга, сайд, гишүүдэд үйлчилдэггүй. Жирийн иргэдэд л үйлчилдэг. Тиймээс хариуцлага төлөвшүүлэх асуудлыг ард түмэн хүсч байна. Бид энэ асуудалд бодитой нухацтай хандах ёстой.
Хариуцлага, ардчилал хоёрыг сөргүүлэн тавьдаг асуудал их байна. Хариуцлага ярихаар улстөр, ардчилал ярьдаг. Хариуцлагагүй ардчилал гэж байж болохгүй, ардчилалгүй хариуцлага гэдэг утга учиргүй".
Гишүүдийн олонх нь уг асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэнээр үдээс өмнөх хуралдаан өндөрлөсөн юм.