“Би нэр дэвшинэ, гэхдээ тойргоо сонгоогүй байна”
Орон сууцны худалдаа буурсантай холбоотой барилгын компаниуд зээлийн дарамтад ороод байгаа юм. Тиймээс энэ салбарын нөхцөл байдал болоод цаг үеийн зарим асуудлаар Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэтэй ярилцлаа.
Бартерийн солилцоо барилгынханд өгөөжөө өгсөн
-Барилгын салбар хүнд байдалтай байна. Яагаад ийм байдалд хүрсэн бэ?
-Барилгын салбарын ид үе нь 2012-2014 хооронд үргэлжилсэн. Тэр хугацаанд бүтээн байгуулалтын олон асуудал шийдэгдсэн. Тухайлбал ипотекийн зээл, цэвэрлэх байгууламжийн төсөл хөтөлбөр, гэр хорооллын дахин төлөвлөлт гэх мэтийг нэрлэж болно. Гэвч өнөөдөр нөхцөл байдал эсрэг тийш хазайсан. Энэ нь хэд хэдэн хүчин зүйлээр илэрч байна. Тухайлбал орон сууцны борлуулалт багасч, барилгын компаниуд банкны өрийн дарамтанд орж эхэллээ. Үүний шалтгааныг төрийн тогтворгүй байдал цэцийн дүгнэлт нөлөөлсөн болов уу гэж бодож байна.
Хоёрдугаарт төрийн бодлоготой холбоотой. Хамгийн эрэлттэй зүйлийн нэг болох түрээсийн орон сууц 2015 оны зургаадугаар сард батлагдсан ч өнөөдрийг хүртэл хүлээлтийн байдалтай байсан. Хэдийгээр гацааг нь гаргаж хэрэгжихээр болсон ч 929 айлаар хязгаарлагдахгүй цаашид тогтвортой хэрэгжих ёстой. Гуравдугаарт, манай аж ахуй нэгжүүд нийгэм, эдийн засгийн тооцоо судалгаагаа буруу хийсэнтэй холбоотой. Яагаад гэхээр найман хувийн зээл хэр удаан хугацаанд үргэлжлэх, ард иргэдийн хэдэн хувь нь орон сууцанд орох боломжтой байна гэх мэт зүйлийг судлах ёстой байсан. Дөрөвдүгээрт, орон сууцны үнэ хэт өндөр байгаагаас барилгын салбар хямарч байгаа юм.
-Орон сууцны үнэ өссөн нь барилгын салбар уруудах нэг шалтгаан болсон гэлээ. Тэгвэл бодит өртөг дунджаар хэд байвал зохих вэ?
-Манай яам энэ асуудал дээр ажиллаж байна. Яг тэд байх ёстой гээд хатуу заах нь зохимжгүй. Учир нь орон сууцны үнэд нөлөөлдөг зүйл бол газрын үнэлгээ, мөн шугам хоолойг хаанаас татаж байгаа зэргээс шалтгаалдаг. Гэхдээ Буянт-Ухаа төслийг харахад газар болон дэд бүтцийн үнийг шийдээд өгөх юм бол нэг мкв-ын үнэ 1 сая 100 мянгаас 1 сая 300 мянган төгрөг дотор байх боломжтой юм байна гэж үзэж болох юм.
-Барилга барьдаг компаниудаас гадна барилгын түүхий эд материал үйлдвэрлэдэг дотоодын компаниудын нөхцөл байдал ямар байна вэ?
-БХБ-ын яам импортыг орлох материал үйлдвэрлэж байгаа дотоодын компаниудаа дэмжих бодлого барьж байгаа. Тухайлбал татвар хураамжийг хөнгөлөх, чөлөөлөх боломжтой. Дээр нь аж ахуй нэгжүүд бартер хэлбэрээр хэн хэндээ ашигтайгаар солилцоо хийх ажлыг зохион байгуулсан. Энэ нь нэлээд үр дүнтэй байгаа. Цаашид бартерийн үйлчилгээг жил бүр зохион байгуулаад явбал зохимжтой байх.
-Түрээсийн орон сууц хөтөлбөрт нэлээд олон хүн бүртгүүллээ. Бүртгүүлсэн хүмүүс хэзээ байрандаа орох вэ?
-Түрээсийн орон сууц хөтөлбөр 1000 айлын орон сууц барьсан найман аймаг, нийслэлд Буянт-Ухаа хоёрдугаар хорооллоос хэрэгжинэ. Нийтдээ 929 айл хамрагдана. Эдгээрээс хөдөө орон нутагт 579, хотод 350 байх юм. Нийслэлд яагаад цөөхөн айл орж байна вэ гэж иргэд сонирхдог. Яагаад гэвэл Буянт-Ухаа хоёрдугаар хороололд баригдсан 30-50 мкв талбайтай орон сууцны тоо нь 350 ширхэг байгаа учраас ингэж тогтоосон. Одоогийн байдлаар таван аймагт нь айлуудаа оруулаад эхэлчихсэн. Нийслэлийн айл өрхийг тун удахгүй оруулж эхэлнэ.
-Орон сууцны зээл авах хүсэлтэй иргэдэд арилжааны банкууд зээлээ олгохгүй байгаа гэх юм. Зээл хүсэгчдэд олон янзын бэрхшээлтэй асуудал тулгарч байгааг хүмүүс хэлж байгаа. Ипотекийн зээлийг амжилттай хэрэгжүүлэх боломж хэр байна вэ?
-Цэцийн дүгнэлттэй холбоотой асуудлыг шийдсэн. Одоогоор тав болон найман хувийн зээл олгогдоод эхэлчихсэн. Харин найман хувийн зээлтэй айлуудын аль хэсэг нь таван хувь руу шилжих вэ гэдгийг нарийн тусгаж журмаа өөрчлөх шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл шинэ сууршлын бүс, алслагдсан гурван дүүрэг, хөдөө орон нутагт орон сууц авсан иргэд таван хувьд шилжих санал тавьдаг. Гэсэн ч журамд өөрчлөлт оруулахгүй бол асуудал үүсээд байгаа юм. Тиймээс газарзүйн байршлаар нь ангилж энэ хэсэг шинэ сууршлын бүсэд хамаарна, энэ хэсгийг гэр хорооллын дахин төлөвлөлтөнд хамаарна гэж тодорхой заагаад ЗГХЭГ-т өгөхөөр ажиллаж байна.
Бид сандал, суудлаас өөр зүйл ярьдаг
-Л.Цог гишүүн “Шударга ёс” эвслийн бүлгээс гарсан. Түүгээр ч барахгүй намаасаа гарахаар төлөвлөөд байгаа тухайгаа дурдсан. Энэ асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Намайг өвчтэй байх хойгуур эвслийн хоёр гишүүн гарах шийдвэр гаргасан байсан. Г.Уянга гишүүн өөр намын дарга болоод явчихлаа. Харин Л.Цог гишүүнтэй биечлэн уулзаагүй. Иймд хэлж мэдэхгүй байна.
-УИХ-д суудалтай зарим гишүүд танай бүлгийг сандал суудлын асуудлаас өөр асуудал ярьдаггүй гэж шүүмжилж байсан.
-Засгийн газрыг түшилцээд явж байгаа нам эвслийн дунд яригдах ёстой зүйл. Гэхдээ дандаа ийм юм яриад сууж байдаг гэвэл өрөөсгөл ойлголт. Бид долоо хоног бүрийн даваа гаригт хэлэлцэх асуудалтай холбоотой бүлгийн гишүүдийн саналыг авч, ярилцдаг.
-Эвслийн дарга болон дэд даргын асуудлыг хэзээ шийдэх вэ?
-Тун удахгүй шийдэгдэнэ. Эвсэл хоёр намаас бүрдэж байгаа учраас хэн ч нэр дэвших эрхтэй. Үүний дараа бүлэг хуралдаад асуудлаа шийдээд явна. Түүнээс маргаантай байгаа зүйл огтхон ч байхгүй.
-“Шударга ёс” эвсэл нэг удирдлага дор, нэг ойлголттой ажиллаж чадаж байна уу. Зарим гишүүд бүлгээсээ эсрэг ажиллагаа явуулах нь ихссэн шүү дээ?
-Н.Энхбаяр даргыг нийгмийн зарим хэсэг шүүмжилж байгаа бол дэмжигчид нь түүнээс олон бий. Гэвч энэ хүн рүү дайрсан, урвасан, шарвасан нөхөд байсаар л байна. Энэ бол улстөрийн намын хувьд байдаг л асуудал. Зарим зүйл дээр МАХН-ыг сонгуульд оролцуулахгүй байлгах гэсэн өрсөлдөгчдийн хийж буй “пи ар” гэж би хардаг юм.
-Та хаана нэр дэвших вэ?
-МАХН-ын нэр дээр УИХ болон Засгийн газрыг төлөөлж сууж байгаагийн хувьд намдаа нэг ч гэсэн суудал авахаар өрсөлдөнө. Гэхдээ одоогоор тойргоо товлоогүй байна.
-МАХН, МАН хоёр намын эвсэх тухай асуудал юу болж байна вэ?
-Одоогоор ажлын хэсэг байгуулаад явж байна. Хугацаа бага үлдсэн болохоор удахгүй шийдэлд хүрэх байх.