Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг Японы парламентын гишүүдтэй уулзав
Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, эрх баригч Либерал ардчилсан намын Гадаад харилцааны газрын дарга Казүнори Танака тэргүүтэй төлөөлөгчидтэй өнөөдөр /2016.05.02/ уулзав.
Уулзалтын эхэнд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, эрх баригч Либерал ардчилсан намын Гадаад харилцааны газрын дарга КазүнориТанака цаг зав гарган, найрсаг дотноор хүлээн авч буйд Улсын Их Хурлын гишүүдэд талархал илэрхийлээд Хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахын төлөө өөрийн орны парламентдаа найрамдлын бүлэг ажиллуулж, идэвхизүтгэлтэй байгаад баяртай байгаагаа онцлон тэмдэглэв. Мөн тэрээр манай хоёр орны стратегийн түншлэл, салбар бүрийн хамтын ажиллагааны цар хүрээ улам бүр нэмэгдэж байна. Өнгөрсөн онд өндөр дээд хэмжээний харилцан айлчлалууд үүний тод илрэл хэмээн үзэж байна. Цаашид энэхүү уулзалт, хэлэлцээрийн давтамжийг нэмэгдүүлж, хоёр улсын парламентын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах нь чухал байна. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр амжилттай болбол манай хоёр улсын эдийн засагт олон эерэг үр дүнг үзүүлэх байх гэдэгт итгэлтэй буйгаа хэллээ.
Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг Монгол Улсад айлчлах урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баяртай байна хэмээгээд манай улс зах зээлийн эдийн засагт шилжих үед Японы Засгийн газраас бүхий л талаар дэмжлэг үзүүлж байсанд талархаж байдгаа илэрхийлэв. Япон Улс бол манай улсын стратегийн түнш бөгөөд энэ нь бидний хамтын ажиллагааны үнэ цэнэ юм. Монгол Улсын тхуайд анхлан Япон Улстай эдийн засаг, чөлөөт худалдааны хэлэлцээ хийсэн нь эдийн засгийн хувьд хамтран ажиллах таатай эрх зүйн орчныг бүрдүүлж чадсан гэж үзэж байна. 2004 оноос улс төрийн харилцаа өндөр төвшинд хөгжиж байгаа. Хоёр орны парламентын бүлгийн гишүүд олон төсөл, арга хэмжээг санаачлан хэрэгжүүлсэн. Үүнээс хоёр орны хамтын ажиллагааны түүхэнд тэмдэглүүштэй гурван төслийн онцлон тэмдэглэмээр байна. Жижиг дунд үйлдвэрлэлд зориулсан хоёр шатны зээл, Олон Улсын шинэ нисэх буудал, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр гурав юм гэдгийг дурдав.
Мөн талууд мал аж ахуйн бүтээгдэхүүний экспорт, уул уурхай салбарын хамтын ажиллагаа, аж үйлдвэрлэл, түүний технологийг нэвтрүүлэх, давхар татварын асуудлыг шийдвэрлэх, аялал жуулчлал хөгжүүлэх залуучуудын байгууллагуудын холбоо харилцааг бэхжүүлэх зэрэг өргөн хүрээнд ярилцаж, санал солилцлоо.
Уг уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Д.Ганбат, О.Баасанхүү, Л.Болд, Ц.Даваасүрэн, Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Ясүмаса Нагасака,Дайширо Ямагива, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү болон албаны бусад хүмүүс оролцсон юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.