УИХ-ын гишүүн З.Нарантуяа, С.Эрдэнэ
2016.08.16

С.Эрдэнэ: Цалинг бууруулахын оронд дэд сайдуудын зардлаа танах хэрэгтэй

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар Засгийн газрын зүгээс улс орны эдийн засгийн байдалд хийж байгаа дүгнэлт, Сангийн сайд, Ерөнхий сайд, Монголбанкны Ерөнхийлөгч нарын хийсэн мэдэгдлүүд, мөн өмнөх ЗГ-ын үед хэрэгжүүлж эхэлсэн зарим “ Сайн” хөтөлбөрийг зогсоосонтой холбогдуулан өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Эдийн засагт үүссэн хямрал нь олон жилийн туршид үргэлжилсээр ирсэн манай эдийн засгийн буруу бүтцээс улбаатай.

Хямралд бага өртдөг, өртдөггүй эдийн засагтай болгоё гэвэл олон жилээр ужгирсан эдийн засгийн буруу бүтцээ зөв болгох нь хамгийн түрүүн засах, өөрчлөх гол ажил байсан.

Дан ганц уул уурхайгаас хамаарсан бүтцээ солонгоруулж, орлого олдог олон салбартай болохын тулд дэлхийн олон улсуудын жишгээр уул уурхайн уналтын энэ үед нам инфляцийн орчинг бүрдүүлэх, ингэж чадсан тохиолдолд түүн дээрээ суурилаад уул уурхайн бус салбараа дэмжих нь АН-ын хувьд монгол улсын эдийн засгийн урт хугацаанд эрүүлжүүлэх гол арга гэж  үзэж, хийж эхлүүлсэн.

Монгол улсын эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтайн зэрэгцээ эдийн засагтаа ямар ч хуримтлал хийлгүй, бүтцийн шинэчлэл хийж чадалгүй явж ирсэнээс инфляци буюу үнийн өсөлт үргэлж хоёр оронтой тоонд байдаг байсныг санах хэрэгтэй.

Тухайлбал 2010 онд 13 хувь, 2011 онд 10.2  хувь, 2012 онд 14 хувийн инфляцитай, үүний дотор иргэдийн өргөн хэрэглэдэг махны үнэ жил бүр дунджаар 30-40 хувиар өсдөг байсан.

Мөн 2013-2015 онд уул уурхайн бус салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхдээ хувийн секторын зээлийн санхүүжилтийг ашигласан. Энэ нь илүү хариуцлагатай, цаанаа барьцаа хөрөнгөтэй, авилгагүй зэрэг эерэг талтай байсан.

Энэ төрлийн хөрөнгө оруулалтыг зөвхөн улсын төсвөөр хийнэ гэвэл тэр нь ямар ч боломжгүй зүйл байсан. 

Нэгд, төсөвт хөрөнгө байхгүй. хоёрт, төсвөөс хийгдэх санхүүжилт цаанаа танил тал, тендер, авилгал дагуулдаг, хариуцлагагүй, үр ашиггүй байдгийн зэрэгцээ буцаж ирдэг мөнгө байдаггүй. Хэн танилтай нь төсвөөс мөнгө авдаг. Хэн хариуцлагатай, чадамжтай нь арилжааны банкнаас зээл авч чаддаг.

Иймээс хувийн салбарт банкны зээл олгох замаар уул уурхайн бус салбараа дэмжье, ажлын байраа хадгалъя, эдийн засгийн бүтцээ засъя гэсэн бодлого хэрэгжүүлж байснаа АН одоо ч зөв гэж үзэж байна” гэлээ.

-САЙН ХӨТӨЛБӨР УЛСЫН ТӨСӨВТ ЯМАР Ч ДАРАМТ УЧРУУЛАХГҮЙ-

Түүнчлэн “САЙН” гэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн зорилго нь уул уурхайн бус салбарыг дэмжихэд оршиж байсан гэв.

Өнөөдөр шинэ Засгийн газар  Хууль бусаар санхүүжүүлсэн, төсөвт тусгагдаагүй мөнгө гэж  үзэн эдгээр 4 хөтөлбөрүүдийг зогсоохоор шийдвэрлэсэн төдийгүй Төсвийн тухай хуулийн 6.4.2-ыг зөрчин Төв банкнаас арилжааны банкуудын авсан 553.8 тэрбум төгрөгийн зээлийг 2016 оны төсөвт тусгаж, тодотгол хийхээр төлөвлөж байгаа мэдээлэл байна. 

Арилжааны банкууд зээлдэгчээ өөрсдөө сонгож, хариуцлагаа өөрсдөө хүлээдэг. Банкны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар Банк төрийн хүлээх үүргийг хариуцахгүй, өөртөө тухайлан хүлээгээгүйгээс бусад тохиолдолд банкны хүлээх үүргийг төр хариуцахгүй хуулийн заалттай. Улсын төсөвт ямар ч дарамт учруулахгүй банк, иргэдийн хооронд бизнесийн зарчимд тулгуурлаж хэрэгжиж байгаа иргэдийн хамгийн ихээр хүсч байгаа эдгээр хөтөлбөрийг зогсоож байгааг бодлогын хувьд том алдаа гэж үзэж байна гэлээ.

-АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ БОДЛОГО ГЭЖ ХАРДАЖ БАЙНА-

Түүнчлэн “2016 оны төсвийн орлогыг төлөвлөхдөө 2015 оны гүйцэтгэлээс 7 хувиар нэмж төсөвлөсөн.

Учир нь 2015 оны 7 дугаар сард батлагдсан Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хууль 2016 оноос хэрэгжиж эхлэх, түүнчлэн 2015 онд батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих  тухай хууль  хэрэгжиж эхлэх тул 2016 онд татварын бааз суурь нэмэгдэнэ гэж тооцоолсон.

Гэтэл Сангийн сайд эсрэгээр төсвийн орлогыг 1,8 их наяд төгрөгөөр тасалдахаар байгаа тул бууруулж тодотгол хийх хэрэгтэй гэсэн мэдэгдлийг хийлээ. Үүнээс харахад аж ахуйн нэгжүүдээс татвар авахгүй гэж байгаа юм байна.

Монгол Улсын татварын орлогын 99 хувийг 20-хон аж ахуйн нэгж төлдөг. Тэдгээр аж ахуйн нэгжүүдийг татвараас чөлөөлөх бодлого гэж хардаж байна.

Ялангуяа татварын бус орлогыг 650 гаруй тэрбум төгрөгөөр бууруулж, орлогод төвлөрүүлэх боломжтой навигацийн, газрын тосны, төсөвт байгууллагын өөрийн орлого зэргийг төвлөрүүлэх арга хэмжээ авахын оронд тодотгох тухай ярьж байгаа нь буруу.

2016 оны тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг механикаар өсгөж харуулах, улмаар төсвийн алдагдлыг 5.1 их наяд төгрөгт хүрлээ гэж зарлах нь  зарчмын хувьд эдийн засгийн хүндрэлийг шийдвэрлэж байгаа шийдэл зөвхөн АН-ыг буруутгаж, ард иргэдэд худал мэдээлэл өгөх үйлдэл гэж харагдаж байна.

САЙН хөтөлбөрөөс болж төсвийн зардал зайлшгүй нэмэгдэх болж өссөн мэтээр, өмнөх УИХ-ын баталсан хуулиудыг хэрэгжүүлэхэд нэмэлт санхүүжилт хэрэгтэй боллоо, бодлого нь буруу байлаа гэх мэтээр гүтгэж, төсвийн санхүүжилтын хүндрэлийг АН-ын шийдвэрлэж байсан аргаас өөр аргаар шийдвэрлэж чадахгүй байгаагаа нуух, “арьсаа хамгаалах гэсэн” мэдээлэл хийлээ гэж үзэж  байна.

Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч нарын хариуцлагагүй мэдэгдлээс улбаалж, боломжийг хязгаарлагдмал болгож байгаад харамсаж байна.

Эдгээр мэдээллүүд нийгэмд, иргэдэд, хувийн хэвшилд, хөрөнгө оруулагчдад “Монгол улс дефолт зарлахад ойрхон байна, бидэнд чадал байхгүй” гэсэн Монгол төрийн залгамж чанар, бодлогын үргэлжлэл байдаггүй мэт ойлголт өгсөн нэн сөрөг мессеж боллоо гэж үзэж байна.

Эдийн засгийн хүндрэлтэй байдлаас зөв замаар гарахыг эрмэлзэх бус, харин өмнөхөө үгүйсгэх, харлуулах явцуу сонирхол бүхий мэдэгдэл байсан.

Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдэгдлийн дараах 24 цагийн дотор Чингис бондын өгөөж 5.42-оос 5.71 болж 5.4 хувиар муудаж, үнэ нь 98.26-гаас 97.87 болж буурсан бол Сангийн сайдын мэдэгдлийн дараах 24 цагийн дотор бондын өгөөж 5.93-аас 8.41 болж 42 хувиар муудаж, бондын үнэ 97.62-оос 94.50 болтлоо буурсан.

Эдгээр мэдэгдэл гарснаас хойш төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2050-иас 2230 болж 180 гаруй төгрөгөөр огцом сулраад байгаа нь бодит үнэн” гэлээ.

-ДЭД САЙДУУДЫН ЗАРДЛААС ЭХЭЛЖ ТАНАХ НЬ ЗҮЙТЭЙ-

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хийсэн мэдэгдэлдээ “Төрийн албан хаагчдад цалингийн бууралт хийнэ.

Засгийн газрын зүгээс иргэдийг аль болох ажилтай байлгахыг хичээнэ. Эдийн засаг хүндэрсэн үед иргэд ажилгүй болох тусам хүнд дарамт үүсдэг. Тиймээс иргэдээ ажилтай байлгаж, тодорхой салбарууд дээр цалин бууруулах арга хэмжээг хийхээс өөр аргагүй байна.Цалингийн түвшин бага төрийн албан хаагчид дээр бууралт хийхгүй байхаар баримталж байгаа” гэсэн.

Энэ талаар С.Эрдэнэ “Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2-т заасан “Төрийн албаны зардлыг бууруулах арга хэмжээ авч төсвийн санхүүжилтийг хорогдуулах нь төрөөс олгож байгаа төрийн албан хаагчдад олгох төлбөрийг түр буюу бүрмөсөн зогсоох, тэдний цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг бууруулах үндэслэл болохгүй”. гэсэн заалтыг ноцтой зөрчихөөр байна.

Мөн 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд олонхи болсон Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрийн 1.4.7-т заасан “Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлэн, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар өрхийн дундаж орлогыг өсгөх бодлого баримтлана” заалтыг зөрчиж байгаа тул ард түмэнд амалсан мөрийн хөтөлбөрөө биелүүлэх ёстой гэж үзэж байна.

Өнөөдөр Монгол Улсад 180.000 гаруй төрийн албан хаагчид, тэдний ард тэдгээрийн гэр бүл, үр хүүхэд амьдарч байна.

Ерөнхий сайд тэвчиж болохгүй төрийн албан хаагчдын цалинг бууруулахын оронд тэвчиж болох дэд сайдуудын зардал, том жийп машин, Ерөнхий сайдын өрөөний засвар зэрэг зардлуудаас эхэлж танах нь зөв юм” гэлээ.