Баруун бүсийнхэн эрүүл мэндийн даатгалын асуудлаар зөвлөлдлөө
2009.09.07

Баруун бүсийнхэн эрүүл мэндийн даатгалын асуудлаар зөвлөлдлөө

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан /НББСШУ/ -ы байнгын хороо Азийн хөгжлийн банкны Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчлэх нь төслийн хүрээнд
Германы Техник хамтын ажиллагааны нийгэмлэг /ГТХАН/-ийн Эрүүл мэндийн даатгалын бие даасан шинжээчдийн багтай хамтран “Эрүүл мэндийн даатгал ба нийгмийн зөвшилцлийн асуудлаар баруун бүсийн сургалт, уулзалт зөвлөлгөөнийг 2009 оны 9 дүгээр сарын 02-03-нд Завхан аймгийн төв Улиастайд зохион байгууллаа. Уулзалт зөвлөгөөнд Завхан, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн газрын дарга нар, эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлийн дарга, гишүүд, Засаг даргын Тамгын газрын эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцов.

Уулзалт зөвлөлгөөнийг УИХ-ын НББСШУ-ы байнгын хорооны дарга Д.Оюунхорол нээж, Эрүүл мэндийн даатгалын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд сэдвээр итгэл тавьж хэлэлцүүллээ.

Илтгэлдээ “Монгол Улсад эрүүл мэндийн даатгал үүссэн цагааcаа эхлэн хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг голлон санхүүжүүлж ирсэн бөгөөд энэхүү үйлчилгээний төрөл багц даатгуулагчийн эрэлт хэрэгцээнд төдийлөн нийцдэггүй, тиймээс даатгалд итгэх иргэдийн итгэл буурч байна. Тодруулбал 2008 оны ЭМД-ын сангийн зардлын 82 хувийг хэвтэн эмчлүүлэхэд зарцуулжээ. Эндээс даатгуулагчид эмнэлэгт хэвтэхгүй л бол даатгал төлөх хэрэггүй гэсэн ташаа ойлголттой болж байна. Гэтэл ЭМД-ын сангаас санхүүжүүлж буй хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээний 60 орчим хувьд хүн амын өвчлөмтгий эмзэг хэсэг болох төрөөс даатгалын хураамжийг нь хариуцдаг 16 хүртэлх насны хүүхдүүд, тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэд, хүүхдээ 2 нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эхчүүд, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагддаг.
Төрөөс эмзэг бүлгийн даатгуулагчид төлж байгаа шимтгэлийн хэмжээ нь нэг даатгуулагчид сард 500 төгрөг байгаа нь тэдний тусламж үйлчилгээний зардлаас хэт бага учраас ЭМД-ын сангийн найдвартай байдал, салбарын санхүүжилтэд нөлөөлж, ЭМД-ын сангаас санхүүжүүлэх тусламж үйлчилгээний багцыг өргөсгөх боломжийг хязгаарладаг гэж үзэж байна.

Эрүүл мэндийн даатгалд хамрагдаж буй иргэд эмнэлэг, эмчээ өөрөө сонгож, хөнгөн шуурхай, чанартай үйлчилгээг авахыг чухалчилж байна” гэж УИХ-ын НББСШУ-ы байнгын хорооны дарга Д.Оюунхорол тэмдэглэлээ.
Сургалт уулзалтад оролцогчид илтгэлийн хүрээнд тулгамдаж байгаа асуудлуудаа илэн далангүй ярилцан, санал солилцсон нь тэднийг нэг нэгдсэн ойлголтод хүрэхэд чухал ач холбогдолтой болов.

Мөн сургалт уулзалтыг хамтран зохион байгуулагч ГТХАН-ийн Эрүүл мэндийн даатгалын шинэжээчдийн багийн ахлагч Ц. Цолмонгэрэл ”Эрүүл мэндийн даатгалд нийгмийн зөвшилцөл, хамтрагч талуудын гүйцэтгэж байгаа үүрэг, тулгамдсан асуудлууд”, Нийгмийн зөвшилцлийн олон улсын зөвлөх Файзал Жалал “ЭМД-ыг шинэчлэх зорилгоор нийгмийн зөвшилцлийг бэхжүүлэх нь” сэдэвтэй илтгэлийг хэлэлцүүллээ.

Завхан, Ховд , Говь-алтай , Баян-өлгий аймгуудын төлөөлөгчид аймгийнхаа ЭМ-ийн байгууллага болон Нийгмийн даатгалын байгууллагад тулгамдаж байгаа асуудал , одоогийн үйл ажиллагааны талаар товч танилцуулав. Аймгуудын төлөөлөгчид ЭМД-ын тогтолцоог шинэчлэх, оддогийн мөрдөж буй хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах цаг болсон гэдэгтэй санал нэг байлаа. Түүнчлэн уг шинэчлэлийг ЭМД-ын асуудлаар хамтрагч талуудын оролцоог хангах замаар хэрэгжүүлэхийг зөвлөж байв.

УИХ-ын НББСШУ-ы байнгын хорооны даргаас баруун бүсийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагын төлөөлөгчид ЭМ-ийн байгууллагын санхүүжилт хүрэлцдэггүй, хүний эрүүл мэндийг сахин хамгаалахаар тангараг өргөсөн эмч эмнэлгийн ажилтан, ажиллагсдын нийгмийн асуудал орхигдсон, цалин урамшуулал муутай зэрэг асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсч байлаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.