УИХ-ын ажлын хэсгийнхэн нийслэлд ажиллалаа
Хүн амын тал хувь нь амьдарч буй нийслэл хотын эрх зүйн харилцааг зохицуулах гол хуулинд оруулах өөрчлөлтийг парламентаар хэлэлцэж эхлээд байгаа. Нийслэлийг өөрийгөө тэтгэсэн эдийн засгийн чадавхитай болгож, бие даан хөгжих боломжийг бүрдүүлэх гол зорилгоор одоогийн мөрдөж буй хуулинд өөрчлөлт оруулахдаа чухам ямар асуудлыг анхаарах, цаашид үүсч болох харилцааг хэрхэн зохицуулах вэ гэдэгт дүгнэлт хийх үүднээс энэ хуулийг боловсруулах чиглэлээр ажиллаж буй УИХ-ын ажлын хэсгийнхэн нийслэлийн зарим дүүрэг, хороодод ажиллалаа.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар тэргүүтэй ажлын хэсгийнхэн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгоны үйл ажиллагааны онцлог, тулгамдаж буй асуудлууд, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны засаг захиргааны анхан шатны нэгжээс иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, хорооны эрх зүйн өнөөгийн байдалтай танилцсанаас гадна Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрынхантай уулзаж, энэ хуулийн шинэчилсэн найруулгын талаар санал солилцсон юм.