Ж.Сүхбаатар: Төр дотроосоо шатаж, хүчин чадал доройтож байна
2010.06.23

Ж.Сүхбаатар: Төр дотроосоо шатаж, хүчин чадал доройтож байна

УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төсөл, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржтой хийсэн маргааных нь талаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатартай ярилцлаа.

-УИХ-д Сонгуулийн хоёр ч хуулийн төслийг өргөн барьсан. Гэвч Тавантолгой, төмөр зам, төсвийн тодотгол зэрэг цаг үеийн асуудлаас болж түр хойш тавьчихав уу эсвэл хэлэлцээд л байна уу?

-УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын болон Л .Болдын нарын өргөн барьсан Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгын хоёр төслийг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр байнгын хороонд шилжүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын хорооныхон өнгөрсөн долоо хоногт хоёр төслийг нэгтгэх санал тавьсныг төсөл санаачлагчид дэмжсэн учир Н.Энхболдоор ахлуулсан ажлын .хэсэг байгуулагдсан. Мөн МАХН-ын Удирдах зөвлөлөөс Сонгуулийн хуулиар ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Бид өнгөрсөн долоо хоногт хоёр намын бүлгээс сонгуулийн хуулийн чиглэлээр ажиллаж байгаа гишүүд ямар зүйлд санал зөрөлдөж байгаа, ямар асуудлыг шийдэх зэрэг ажлын зургаа гаргаж ярилцсан. Одоо ажлын хэсэг сонгуулийн систем, зохион байгуулалт үйл ажиллагаа зэрэг асуудлыг хумих, чимхлүүр ажлууд байна.

-МАХН-ын Удирдах зөвлөлөөс 26\50 гэсэн бас нэг хувилбарыг санал болгосон. Тэгэхээр дахин нэг сонгуулийн хуулийн төсөл нэмэгдсэн гэсэн үг. Үүнийг хэлэлцэнэ гэж ойлгож болох уу?

-Удирдах зөвлөлийн санал хуулийн хувилбар биш. Сонгуулийн хуульд байгаа нэг л асуудал. Пропорциональ, мажоритари буюу олонхийг төлөөлөх, хувь тэнцүүлэх систем байх уу эсвэл хослуулах уу гэдэгт санал өгсөн хэрэг. Сонгуулийн хуулийг УИХ хэлэлцэн шийдвэрлэдэг ч улс төрийн намууд байр сууриа илэрхийлэх эрхтэй. Сонгуулийн систем УИХ-д суудалтай төдийгүй бусад намуудын сонирхол татаж байна. Бусад нам энэ талаар хэрхэн ажиллаж байгааг мэдэхгүй. Тэгэхээр дан ганц МАХН-ын бүлгээс шийдэх асуудал биш. Тиймээс олон талын байр суурь, шалтгаан үндэслэлийг сонсч нэгдсэн шийдлийг гаргах юм. Хэдийгээр пропорциональ тогтолцоотой байх гэдэгт санал нэгдсэн ч хосолмол байх уу, ингэсэн тохиолдолд ямар хувилбартай хослох зэргийг ярьж байна. 26\50 гэдэг хувилбарыг санал төдий өгсөн ч гэлээ үүнийг дэмжиж байгаа гишүүд цөөнгүй байна. Тэгэхээр энэ саналыг бусад намуудын байр суурийг ч ярина. Миний бодлоор Д.Лүндээжанцан нарын санаачилсан төсөлд суурилаад харилцан буулт хийж ойлголцсон саналуудаа оруулаад хэлэлцүүлэх байх.

-Сонгуулийн хуулийг хэлэлцэх хугацаа бага байна. Гэтэл одоо болтол бэлтгэх шатандаа байгаа болохоор хаврын чуулганаар батлуулж амжих уу?

-Боловсруулсан бэлэн төсөл хоёр ч байна. Энэ төслийн гол ялгаа нь сонгогчдын саналд үндэслээд нам нэр дэвшигчид сонгогчдын өгсөн саналыг хэрхэн тооцох вэ гэдэг л байгаа. Дээрх төслүүдийн аль нэгийг сонгох эсвэл гуравдагч хувилбарыг гаргаж ирэх нь дэгийн тухай хуулийн дагуу ярьж байна. Техникийн хувьд боловсруулалт хийсэн ч сонгуулийн аль хувилбарыг сонгосноос хамаараад дагалдсан хуулиудад өөрчлөлт орно.  Төслүүд ерөнхийдөө бэлэн байгаа гэж ойлгож болно. Хамгийн гол нь гишүүдийн сонирхоод байгаа зүйл нь сонгуулийн систем. Монголын нөхцөлд хамгийн сайн тохирох хувилбар аль нь вэ. Бид алсыг харж Монголын ардчилал тогтвортой урт удаан настай, сонгуулийн үр дүнд байгуулагдсан засаг төрөө ч хууль ёсны гэж үздэг. Өнөөдрийн мажоритари буюу олонхийн загвар дээр үндэслэсэн сонгуулийн тогтолцоо нь сөргөлөгч хоёр улс төрийн хүчнийг бий болгоод энэ заагт хүн ам хуваагддаг. Ингэснээр нэг нь нөгөөтэйгөө эрх мэдэл авахын төлөө өрсөлддөг. Бүтээлч, үр ашигтай байх зүйлүүд дарагдаж улс төрийн авлига нийгмийн бүх давхаргад газар авдаг. Уг ньолонх цөөнх гээд сүйд болох байтал бие биеэ нугчин дарахыг эр мэлздэг систем байгаа нь үндэсний эв нэгдэл, улстөрийн тогтвортой байдалд сөрөг нөлөөл үзүүлж иргэдийн засаг төрдөө үзүүлэх итгэл буурдаг. Энэ асуудлууд ямар нэг хэмжээгээр сонгуулийн тогтолцоогоор дамжин холбогдож байна гэж үзэж байгаа юм. Парламент нь тойргийн улс төрийн бодлогод захирагдахаас үндэсний хэмжээнийхэд захирагддаггүй. Нэг харахаар улстөрийн нам гол үүрэгтэй ч юм шиг. Нөгөө талаас улстөрч нь хүчтэй юм шиг ойлгомжгүй байдалд орсноос Монголын төр дотроосоо шатаж, хүчин чадал нь доройтож байна. Тэгэхээр хоёрхон улс төрийн хүчинд бус гарын арван хуруунд тоологдохоор бүлэг ашиг сонирхол өнөөгийн нийгэмд байна. Эмэгтэйчүүд, сүсэг бишрэл, үндэсний цөөнхийн төлөөлөл байх шаардлагатай.

Тэгэхээр парламент өөрөө засаг төрийг эмхлэн байгуулдаг арга хэрэглүүр, хүн амыг төлөөлөх учраас сонгуулийн үр дүнд бидний яриад байгаа ардчилал гээч механизм амилна. Мөн хууль ёсны сайн дураараа \гэрээ\ байгуулах замаар бид өөрсдийнхөө итгэл дэмжлэгийг төрдөө шилжүүлж, хууль ёсоор Монгол орныг засаглаж захирдаг нийгмийн зөвшилцлийн том механизмыг бүтээхэд оролцож байна. Зөвшилцөл нь хууль ёсны болоод ирэхээр нийгэм улс төрийн соёл, итгэл дэмжлэг бүрэлдээд ирэхээр засаг төр хууль ёсоор ажиллана. Мажоритари системийн гажуудал 2004 оны сонгуулиас хойш эхэлж илэрсэн.

- Үндсэн хуульд УИХ-ын гишүүн ард түмний төлөөлөл байна гэж заасан байдаг. Тэгвэл тэр үеэс л Үндсэн хуулиа зөрчсөн юмбишүү?

-Олон түмэн итгэл, зөвшөөрөл өгсөн дүнд санд байгуулагддаг засаг төрийн дээд байгууллагад цөөнхөөс орж ирсэн хүмүүс зохиомол олонхийг бий болгодог. Олонхиороо ялсан уу ялсан. Харин нийгмийн хүн амын дүнгээр аваад үзэхээр цөөнхөөс ялсан улс төрийн хүчин, улстөрчид засаглах гэж оролдож эхэлдэг. Албан ёсоор эрх мэдлээ авсан боловч хэрэгжүүлэх гэхээр бодитой засаглах итгэл, зөвшөөрөл анхнаасаа биелдэггүй. Тэгэхээр парламент харахад олонхийг төлөөлж байгаа юм шиг боловч цаагуураа төлөөлж чадахгүйд хүрч ажилладаггүй. Ингэснээр олон түмний эсэргүүцэл үүсч засаг төр өөрөө өөрийгөө ойлгохоо больж засаглаж чадахаа байдаг. Иймээс улс төрийн хүчнүүд өөр хоорондоо хамтран ажиллах шаардлага гарч ирнэ. Хамтарч ажиллаад ирэхээр нийгмийн нөгөө хэсэгтэйгээ сөрөг хүчин болчих гээд байдаг. Хамтрахгүй байхаар хүлээн зөвшөөрөгддөггүй. Тойргийн улс төрийг дагасан Монголын төрийн дотоод шаталт эндээс эхэлж байгаа юм.

-Энэ гажилтын үр дүнд 2008 оны сонгуулийн дараа долдугаар сарын 1-ний үйл явдалболсонгэж болохуу?

-Долдугаар сарын 1-ний үйл явдалд олон янзаар хандаж болох ч хамгийн гол нь сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй гэдэг. Гэхдээ энэ үйл явдал хаана болсон гэдгийг тодотгомоор байна. Үүнийг нэг утгаар тайлбарлах зүйл биш. Хууль эрх зүйн талаас учир шалтгааныг нь тайлж олох ёстой. Гэхдээ зарим хүний тайлбарлаад байгаа нэг зүйлийг би хүлээн зөвшөөрдөг. Тухайлбал, сонгуулийн үр дүнгээс болсон гэж байгаа хүмүүс дандаа Улаанбаатар хотын оршин суугчид. Тэд "Бид АН-ын сонгогчдыг илүү дэмжсэн байхад яагаад МАХН ялав" гэсэн.  Нийслэлээс 20 гишүүн сонгогдох ёстой. Гэтэл МАХН-ын нэр дэвшигчид долоохон суудлыг авсан. Суудлаар нь яривал АН 60 гаруй хувиар ялсан. Тэгэхээр сонгуулийн системийн онцлогийг сонгогчид ойлгоогүй. Харин орон нутагт МАХН гуравны хоёроор ялсан. Гэтэл нийслэлийн хүн ам олон болохоор гажилт үүсч сонгогчдын сонгуульд оролцсон байдлаас нь харж саналыг тоог нь жигнээд үзвэл хоёр нам ойролцоо суудал авсан. Энэ нь мажоритари систем олон сонгогчийн саналыг гэдгийг харуулж байна. Ийм тохиолдолд нийгмийн шаардлагаар хамтарсан Засгийн газар байгуулахад эсэргүүцэлтэй тулгараагүй. Стандарт бус тохиолдолд шийдвэр гаргах, хяналт, оролцоо нь дагаж өөрчлөгдөхгүй болохоор орон тоо бүдүүрэх, данхайх, УИХ хяналтын механизмийн онцлогууд ажиллахгүй байгаа юм

-Улс даяар нэг тойрог байна гэхээр газар нутгийн төлөөлөл орхигдож байна. Ганц энэ ч биш олон шүүмжлэл дагуулж байгаа шүү дээ?

-Аль ч системд зөрчил дутагдал байдаг Л.Болд нарын хуулийн төслөөр пропорциональ тогтолцоог үндэсний хэмжээний бус газар нутгийн төлөөллийг хадгалсан, намын тоглолтыг зөвшөөрсөн хувилбарыг оруулж ирсэн. Гэхдээ тойрог мандат хуваарилах асуудалд хүндрэл гаргаж ирнэ. Нэг аймаг нэг тойрог болох боломжгүй. Тэгэхээр хоёр гурван аймгийг нийлүүлж бүсчилнэ. Гэтэл үүнийг аймгууд хүлээн зөвшөөрөх үү. Магадгүй зарим аймаг нь төлөөлөлгүй болох магадлалтай. Энэ хувилбарыг европын орнууд гол төлөв хэрэглэдэг. Бидний улс нэг тойрог гэдэг нь улсын наадамд улсын цолтой бөхчүүдийг барилдуулна гэсэн санаа. Орон нутгийн төлөөллийг хаясан гэж шүүмжилдэг. Харин ч ингэснээр орон нутаг эрхээ бүрэн эдэлж, шаардах юм. Д.Лүндээжанцан гишүүн бидний оруулсан систем бол завсрынх. Нэг үгээр хэлбэл пропорциональ руу шилжихийн тулд Монголын нөхцөлд тохируулсан хэлбэрийг сонгоод улсын наадам, аймгийн наадам хоёроо зааглах юм. Өнөөдрийн байдлаар улсын наадам нь аймгийн наадам болж хувираад байна. Бид байран дээрээ хий эргээд байх уу жингийн цуваа явдгаараа явах уу. Явахдаа хаашаа хөдлөх вэ гэдэг чухал. Шууд нэг зүйл руу явах бус завсрын хувилбараар явж пропорциональ руу шилжих үү, эсвэл пропорциональ давамгайлсан хосолмол систем рүү шилжих үү гэдгээ сонгох юм.

-Засварын систем гэдэг нь хосолмол хувилбар гэж ойлгож болох уу?

-Бид тархиа гашилгаж байна. Завсрын систем гэхээр хосломол буюу сонгуулийн хоёр хувилбарыг зэрэгцүүлэн хэрэглэх юм. 76 гишүүний хэдийг мажоритари, хэдийг нь хувь тэнцүүлэх тогтолцоогоор сонгох вэ гэдэг. МАХН-ын Удирдах зөвлөлөөс байгуулагдсан ажлын хэсгийн санал болгосон 26\50 буюу гуравны хоёрыг нь пропорционалиар, гуравны нэгийг нь мажоритариар байх. Цаад агуулга нь газар нутгийн төлөөлөл оролцсон атлаа пропорциональ руу шилжсэнтэй дүйцэхүйц юм. Мөн Л.Болд нарын болон Д.Лүндээжанцан нарын хувилбарын аль нь ч дэмжлэг авахгүй бол эргээд мажоритари давамгайлсан хуучин системээрээ явна. Тэгэхээр ухрах уу, байрандаа үлдэх үү, нэг алхам урагшлах уу. Бүр цаашдаа гурван алхам харайх уу гэдэг заагт ирсэн. Миний бодлоор нэг алхам урагшлах хэрэгтэй. Эрх мэдэл, ажил үүргийн зааг ялгааг үгүйлэгдэж байна.

Тэгэхээр сонгуулийн систем цаад утгаараа үүнтэй уялдах юм. Бидэнд нийгмийн бус стандартын хувьсгал хэрэгтэй. Нийгмийн үнэлэмж, тавих шаардлага өөрчлөгдчихөөд байхад бидний өнөөдрийн хууль тогтоомж, боловсруулж байгаа болон оруулж ирдэг УИХ гишүүн, орон нутагт ажил хариуцаж байгаа албан тушаалтанд стандартын нарийвчлал хэрэгтэй байна. Үүнийг хуулийн аргаар тогтоох бөгөөд нийгмийн сэтгэлгээнд өөрчлөлт оруулах тухай юм.

-Стандартын хувьсгалыг хэн хийх ёстой вэ. Яаж?

-Үүнийг төрийн бодлого тодорхойлдог хүмүүс гаргана. Төрийн бодлогыг боловсруулах үүрэгтэй Засгийн газар нь голлох үүрэгтэй. Засгийн газар нь чадахгүй бол нийгмийн оюунлаг хүчийг дайчлан боловсруулах хэрэгтэй.

-Пропорциональ тогтолцоог сонгосноор улстөрд шинэ цус сэлбэх боломжийг хааж байна гэсэн шүүмжлэл их байгаа. Одоогийн гишүүд парламентад орчихоод дахиж хүн оруулахгүй гээд хаалгаа хааж болохгүй гэдгийг ч хэлж байна?

-Мажоритари систем нь парламентын гал тогоонд хүмүүсийн хөрөнгө мөнгө, оюуны менежмент, хүчийг шавхдаг. Тэр хэмжээгээр парламентын гуравны нэг хувь нь шинэчлэгддэг гэдэг утгаар үр дүнгээ өгсөн. Пропорциональ системд шилжсэнээр парламентад мэргэжлийн улстөрчдийг дэмждэг. Намбатай, зангарагтай, хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн үг. Тэдний бодлогыг бусад нь дагадаг. Хүлээн зөвшөөрөгдсөн улстөрч байхын тулд туршлага хэрэгтэй. Туршлагатай байхын тулд удаан хугацаагаар хууль тогтоох төвшинд ажилласан байх ёстой.

Нэмэр хачиргүйгээр үнэнийг хэлэхэд улс төрд тохиолдлын хүмүүсийг оруулж ирэхийг дэмждэггүй. Парламент мэргэжлийн улстөрчдөөс бүрдэхээр бизнесийн хүрээнийхэн бага болж байна. Мэргэжлийн улстөрч ухамсартай амьдралаа улс төрд зориулж парламентад суусан ч суугаагүй ч нийгмийн зүтгэлтнүүд болж хувирдаг. Тэд парламентад түлхүү орж ирснээр парламент тогтвортой болно. Олон түмнийхээ хэрэгцээ шаардлагыг илүү мэдэрдэг. Тиймээс амин хувийн зорилго, эрх ашигт захирагдахаа больдог. Ирэх сонгуульд улс төрийн намууд шинэ түр төрх, шинэлэг менежментээр оролцох шаардлагатай болсон. Олон түмний дэмжлэгийг авахын тулд амаргүй болсон. Сайхан зүйл, том том амлалт дээд цэгтээ тулсан. Иргэд юу хүсч байна гэхээр нүдэнд дулаахан, жудагтай хүмүүс төрд олшроосой гэсэн хүлээлт бий болсон байна. Нэг үгээр хэлбэл тулхтай, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө үзэл бодолтой, төрөө төвшин аваад явах итгэл үнэмшлийг улс төрийн намуудаас шаардаж байна.

-Сүүлийн үед ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж та хоёрын дунд таагүй үйл явдал өрнөөд байгаа. Энэ талаар сонгогчид, иргэд асууж тайлбар шаардах юм уу?

-Парламентын үйл ажиллагаа, ажлын хэсгүүдэд илүү ажиллаад хаврын чуулган эхлэснээс хойш сонгогчидтойгоо уулзалт хийсэнгүй. Ажлын шаардлагаар Дархан орох тохиолдол байдаг. Энэ үеэр болон нийслэлд болж байгаа Ард түмнээ сонсох аянд оролцоход иргэд асууж байсан. Үүнийг ярих зовлонтой. Яаж тайлбарлахаас шалтгаалаад нэг нь зохисгүй, нөгөө нь зохистой болж харагдах гээд байгаа ч юм шиг. Бидний хооронд хүмүүсийн хооронд гардаг зөрчил гарсан уу гэвэл гарсан. Гэхдээ энэ нь хувийнх байна уу, албан ажилтай холбоотой байна уу гэдгийг салгаж харах хэрэгтэй. Миний бодлоор албан ажилтай холбоотой гарсан зөрчил гэж ойлгож байгаа. Гол нь Засгийн газрын гишүүн Ц.Нямдоржтой УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар харилцах явцад л асуудал гараад байгаа юм. Олон тайлбар хэлмээргүй байна. Би төрийн албанд арав гаруй жил ажиллаж байна. Есөн жилийг нь УИХ, Засгийн газраас томилсон албан тушаалд ажиллаж яваа залуу. Энэ хугацаанд бусдыг буруу зүйлд татсан, үлгэр дууриалалгүй байдал гаргаж, нөхдийнхөө эв эеийг эвдэж яваагүй. Ц.Нямдорж гэдэг хүнийг 13 жилийн өмнөөс мэднэ. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж надад таалагддаг. Би ч бас олон түмнээс сонгогдсон УИХ гишүүн. Олон түмний сонголтыг даагаад таван удаа УИХ-д сонгогдоно гэдэг хүн сайхан, муухай харагдах хамаагүй. Тэр тусмаа нэг намаас нэр дэвшиж сонгогдсон бид хоёрын үйл хэрэг адилхан замаар яваа. УИХ-ын гишүүдийн хооронд барилцаж авах, заамдалцах, сайн муугаа дуудалцах зүйл байх. Яагаад гэвэл та олон түмний төлөөлөгч, би ч мөн адил. Тиймээс би нэг зүйлийг хүлээн зөвшөөрдөг. Та олон түмнээ гэсэн хүсэл зоригоо гаргахын тулд сэтгэл хөдлөлдөө захирагдах, захирагдахгүй тохиолдол байна. Сайн муу гэж үнэлэх, дүгнэхээс үл хамаараад гарч болдог зүйл.

-Тэгвэл хүлээн зөвшөөрөхгүй, таалагдахгүй байгаа зүйл нь юу байна?

-Би хуульч хүн. УИХ-ын гишүүний эрхээ хэрэгжүүлэх явцад хууль зүйн салбарын шинэчлэлийн дагуу миний тавьж байгаа байр суурь салбар хариуцсан сайдтай зөрчилдөхөд хүргэдэг. Гэтэл тэр хүн хүлээж авахдаа үл тэвчих хандлага гаргасан. Би өдөж хоргоогоод хэвлэл мэдээллээр гарч од болох гээгүй. Надад нийгэмд өөрийгөө харуулах сэдэв, хөөцөлдөх ажил байна. Мөн миний хувьд улс төрийн хүрээнд шинэ хүн биш байх. Хүнд заамдуулангуутаа гүйж гараад элдэв асуудал үүсгээд байх ёс зүй, шалтгаан байхгүй. Ц.Нямдорж сайд өөрөө мэдэж байгаа. Хүүхдээ эмчлүүлээд ирэхэд асууж сураад туслаад л явж байгаа. Түүнд нь талархдаг. Нямдорж гуайг тодорхой хүмүүс дэмждэг, талархдаг, сайн сайхнаар харахыг хүсч байгаа. Би үүнд хүндэтгэлтэй ханддаг тэр бүр тайлбар хийгээгүй, Би УИХ-ын гишүүнхээ эрх үүргийн хүрээнд Засгийн газрынхаа гишүүнх нь хувьд хийж байгаа ажил, хариуцаж байгаа салбар чинь хангалтгүй байна гэдгийг хэлсэн. Тэр хүнд миний хэлсэн зүйл таалагдахгүйг илэрхийлсэн үйлдлийг би хүлээж авч чадахгүй байна. Бид адилхан УИХ-ын гишүүн, ах зах хүн, эртнээс танихын хувьд надад эвгүй байгаа. Нөгөө талаас нь УИХ-ын гишүүн хууль ч хүн өөрийнхөө ажил хэргийг явуулж, зарчмын үүднээс асуудалд хандсан минь, таалагдахгүй байх шиг.

-Гэхдээ та хоёрын маргаан, зөрчил нэг бус удаа давтагдсан нь бусдын анхаарлыг татаад байгаа?

-Би нэг удаагийн үйлдэлд нь цочирч гүйгээд байгаа юм биш. Нэг бус удаа давтагдахад холбогдох удирдлагад асуудал болгож тавьсан. Тэр нь хэвлэл мэдээллээр олонд хүрсэн. Түүнээс юу болсон гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Би ч эр хүн шиг зөв ойлгоод адилхан УИХ-ын гишүүн, ах зах хүн байна гэж бодоод яваа. Хүссэн ч хүсээгүй ч би хууль зүйн салбарынхаа ажилтай ноцолддог. Ноцолдох ч ёстой. Харин ч хожуухан дуугарч байна. Хэдийгээр УИХ-ын гишүүнээр шинээр орж ирсэн ч Төрийн ордонд ажиллаж байгаа хүмүүстэй ажил хэргийн холбоотой байсан. Одоо сууж байгаа өрөөндөө 13 жилийн өмнө УИХ-ын гишүүн агсан Төмөр багшийнхаа туслахаар ажиллаж байлаа. Хувь заяаны тохиолоор энэ өрөөндөө сууж байна. Түүнээс хойш төрийн олон ч албыг хашлаа. Ц.Нямдорж сайдтай албан ажлын хүрээнд байнга харилцсан ч ам мурийж үзээгүй. Миний талаар хэлэх зүйл байвал гишүүний хувиар орж ирээд хэлэх хэрэгтэй. Өөрийгөө үнэлдэг хүний хувьд Ц.Нямдорж гэдэг хүнээр дамжиж тодорно гэдэг ичгэвтэр. Ийм нэр надад хэрэггүй. Тийм байсан эсэхийг цаг хугацаа харуулна. Шалихгүй шавилхан банди санаандгүй УИХ-д орж ирчихээд. зарим хүмүүсийн хэлдгээр акулын хормойноос зуурч өөрийгөө нийгэмд таниулах гэж оролдож байгаа гэх дүрээр харъя гэж бодож байгаа бол тэгнэ биз.

Тиймээс энэ талаар яриад байх сонирхол алга. Миний хийж байгаа ажилтай холбоотойгоор над руу шударга бусаар хандвал хариуг нь дор нь өгнө. Өгөхдөө хуульчийн үүднээс хуулийн болон ёс зүйн хувьд яаж ажиллах вэ гэдгээ мэддэг хүн. Би хүнтэй мэтгэлцэх дуртай болохоос хэрэлдэх дургүй. Парламент ярих газар. Ярихдаа мэтгэлцдэг. Мэтгэлцээн нь соёлтой байх ёстой. Бид хоёрын зөрчлийг хүн дээр нь биш асуудалд хандаж байгаа хандлагыг дэмжинэ дэмжихгүй гэж хэлбэл баярлана. Бид хоёр хүссэн хүсээгүй ч нэг намынх, надаас илүү туршлагатай, ахмад, мэргэшсэн парламентч хүн.

-Туршлагатай парламентч хүн залуучууддаа сайн зөвлөгч, дэмжигч байх ёстой гэдэг. Таны бодлоор?

-Туршлагатай улстөрч нь мэдэрдэг. Ингэхдээ захирч тушаадаг, хүндэлж заадаг, зөвлөж дэмждэг байдлаар явж ирсэн байдаг. Р.Гончигдорж гишүүн гэхэд бүлгийнхээ гишүүдэд хүндэтгэлтэй ханддаг, үлгэр дууриалал болдог. Манай парламентад мэргэшсэн олон сайн улстөрч байна. Тэдний ихэнх нь залуу, шинэ гишүүддээ зөвлөж дэмждэг. Монголд үе хоорондын зөрчил бус шинэ хуучин хандлагын мөргөлдөөн гараад байна. Уужуу тайван ухаалаг буулт хийж байж л нам, төрөө журамтай байлгана.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.