Тасралтгүй хөгжлийн сургалт энэ сарын 21 хүртэл үргэлжилнэ
2018.05.04

Тасралтгүй хөгжлийн сургалт энэ сарын 21 хүртэл үргэлжилнэ

Мэргэшсэн нягтлан бодогчдод зориулсан мэргэжлийн тасралтгүй хөгжлийн сургалт энэ сарын 21 хүртэл үргэлжилнэ. Энэхүү сургалтыг гишүүдийг ур чадвараа дээшлүүлэхэд нь туслах, мэргэжлийн сүүлийн үеийн чиг хандлага, хууль дүрэм журам, стандартын өөрчлөлтийг таниулах зорилгоор зохион байгуулж байна. Өмнөх сургалтуудад батлагдсан хуваарийн дагуу 2000-2003 оны мэргэшсэн нягтлан бодогчид хамрагдсан. 

Харин ирэх 7 хоногт буюу 5 сарын 7-оос эхлэх сургалтад 2004 оны “Хамтдаа”, “Хамтдаа хүчтэй”, “Хамтдаа урагшаа”, “Мөнгөний бурхад” ангийнхан хамрагдана. 

Тасралтгүй хөгжлийн сургалтад ММНБИ-ийн ерөнхийлөгч Б.Түвшин болон удирдах зөвлөлийн гишүүд /БДО Аудит ХХК-ийн ерөнхий захирал Г.Баянмөнх, Сангийн яамны НБББГ-ын ахлах мэргэжилтэн, доктор Б.Болормаа, АШУИС-ийн эдийн засаг эрхэлсэн орлогч захирал Д.Нацагдорж, Нягтлан бодох бүртгэл хөгжүүлэх сангийн тэргүүн, доктор, профессор Р.Батжаргал, ММНБИ-ийн гүйцэтгэх захирал Л.Энх-Амгалан нар/, МУИС-ийн дэд профессор П.Баянсан, Интерактив ХХК-ийн ерөнхий захирал Б.Ууганбаяр, Монголын актуарчдын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн дарга Д.Гантулга зэрэг багш нар хичээл зааж байна. 

Мэргэшсэн нягтлан бодогчдод зориулсан мэргэжлийн тасралтгүй хөгжлийн сургалт энэ сарын 21 хүртэл үргэлжилнэ

“Мэргэжлийн тасралтгүй хөгжлийн сургалтын журам”-ын дагуу мэргэшсэн нягтлан бодогчид нь жилд 40 кредит цагийн нормыг бүрэн ханган биелүүлсэн байх шаардлагатай бөгөөд энэ удаагийн сургалтаар 15 кредит олгож байна. 

Шууд-100” ангийн дарга А.Сүхбаатар: “Мэдлэг олж авах нь таны ажил, амьдралын амжилтын нэг эх үүсвэр” 
-Мэргэжлийн тасралтгүй хөгжил гэдгийг та юу гэж ойлгодог вэ? 
Нийгмийн болон улс орны эдийн засгийн хөгжилтэй хөл нийлүүлэн ажиллаж амьдарна гэвэл өөрийн мэдлэг, мэргэжлээ шинэ мэдээллээр сэлбэж байх шаардлагатай тул мэргэжлийн тасралтгүй хөгжил зайлшгүй шаардлагатай гэж үздэг.
-Энэ удаагийн сургалтын онцлог юу байв? 
Бизнесийн үнэлгээ, хувь хүний хөрөнгийн удирдлага, блокчэйн, криповалют, дотоод хяналтын тогтолцоо зэрэг цаг үеийн мэдээллээс гадна ММНБИ-ийн зорилго, чиглэл, бүтэц ирээдүйд ямар байх талаар мэдээлэл олж авлаа.
-Тасралтгүй хөгжлийн сургалтын ач холбогдол? 
Мэдлэгээ шинэ мэдээллээр хангаж байгаа учир ихээхэн ач холбогдолтой. Нягтлан бодох бүртгэл, аудит, шинээр гарч байгаа санхүүгийн хэлбэрүүдийн үйл ажиллагааны талаар мэдээлэлтэй болсон. Эдгээр мэдээлэл нь Монгол Улсад хэрхэн нэвтэрч байгаа талаар шинэ ойлголттой болсон.  
- МНБ-дод хандаж юу хэлэх вэ? 
Мэдлэг олж авах нь таны ажил, амьдралын амжилтын нэг эх үүсвэр юм. Иймд та бүгд мэргэжлийн тасралтгүй хөгжлийн хөтөлбөрт хамрагдаж шинэ мэдээллээр мэдлэгээ сэлбэн, ажиллаж амьдрах урам зоригоо нэмээрэй.