2010.10.18

Ч.Улаан: Роялтийн татварын хуулийг ойрын хугацаанд батлах ёстой

68 хувийн татвар, роялти хоёрын аль нь их вэ?

Уул уурхайн компаниудын таалалд нийцүүлсэн гэж хэлж болохоор энэхүү шийдвэр зүсээ хувилгах хэлбэр байсан юм. Тухайн үед гэнэтийн ашгийн татварыг тэглэнэ гэдэг гадныханд тал зассан, баялгаа үнэгүйдүүлсэн шийдвэр хэмээн иргэний нийгмийн байгууллагуудаас шүүмжилж байсан. Тэдний амыг орлуулах татварын хууль гаргаснаар орлогоо өмнөхөөсөө илүүтэй нэмэгдүүлнэ гэсэн юм.


68 хувийн татварыг тэглэсэн өдөр хоног ойртож байгаа өнөөдрийг хүртэл орлуулах татварын хуулиа хэлэлцээ ч үгүй сууж байдаг. Мөн гишүүд саналаа ч нэгтгээд байна. Шинэ оны босгон дээр яаран сандран нэг хууль баталчихаад дараа нь нөхөөс хийдэг уламжлал нь давтагдахгүй гэхийг үгүйсгэхгүй.

2011 оны төсвийн төсөлд алтнаас олох орлого гэх мөнгө төдийлөн харагдахгүй байна. Гэтэл дэлхийн зах зээл дээр алтны ханш өссөөр. Тэгэхээр алтаа гадаадын хөрөнгө оруулагчдын халаасанд хийгээд үнэгүйдүүлчихгүйн тулд 68 хувийн татвараа хэрхэн нөхөх талаар гишүүд юу бодож байгааг хүргэе.

Гэнэтийн ашгийн татварыг тэглэхэд идэвхтэй оролцож өндөр хувиар дэмжсэн шигээ ажиллаж байгаа зүйл харагдахгүй байна.

Сангийн сайд С.Баярцогт: Сайтар судлаад роялти татвар авах хууль боловсруулсан

Сангийн яам энэ талаар олон төрлийн судалгаа хийсэн. Дэлхийд үнэ өссөн нөхцөлд авдаг олон төрлийн татвар байдгаас хамгийн энгийн, ойлгомжтой, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өсөн нэмэгдэх роялтийн татварыг санаачилж, УИХ-д өргөн барьсан.

Ашигт малтмалын бүх төрөл дээр үндсэндээ таван хувийн роялти нэмж байна. Таван шатлалтай гэсэн үг. Шатлал тус бүрийн үнэ ашигт малтмалын төрлөөс хамааран харилцан адилгүй байна. Зэсийн хүдэр, баяжмал 5000 ам.доллар хүрэхэд тав, 6000 хүрэхэд зургаа, 7000-д долоон хувь гэхчилэн 9000 ам.доллараас давсан нөхцөлд 10 хувийн роялти авдаг болно гэсэн үг.

УИХ-ын гишүүн А.Тлейхан: Ажлын хэсэг олон саналыг нэгтгэж хэлэлцүүлнэ

Эдийн засгийн байнгын хороогоор анхны хэлэлцүүлгийг хийгээд ажлын хэсэг байгуулсныг би ахлаад ажиллаж байна. Төсөв хэлэлцэх үед давхар яригдаад энэ ондоо багтаагаад батална гэж бодож байгаа. Дэлхийн жишигт ямар аргаар шийдэж байна гэдгийг харахад роялтийгаар асуудлаа шийдвэрлэж байна. Аль болохоор үйлдвэрлэгч, төсөвтөө орлого оруулах хуулийг гаргах ёстой. 2011 оны төсөв хэлэлцээд эхлэхээр ажлын хэсэг нэлээд шуурхай ажиллаж мэргэжлийн байгууллага, УИХ-ын гишүүд, төрийн бус байгууллагаас ирсэн саналуудыг нэгтгэж хэлэлцүүлнэ.

УИХ-ын гишүүн Д.Энхбат: 68 хувийн татвараа тэглэснээр бид алдсан

68 хувийн татварыг нөхөх хэд хэдэн хувилбарыг ярьсан. Тухайлбал, 40 хувийн татвар байж болох нэг хувилбар байгаа. Миний хувьд үүнийг дэмждэг. Эрх баригчид уул уурхайн урьдчилгаа мөнгө гээд өөр хувилбарууд ярьж байсан. Дүгнээд товчхон хэлбэл 68 хувийн татвараа яаран болиулсан нь алдаа болсон. Дэлхийн улс оронд ярилцаад зарим нь уул уурхайгаас орж ирж байгаа гэнэтийн ашгийн татвараа нэмж байхад манайх түрүүлж ийм алхам хийчихээд больсон. Тиймээс л 40 хувийн татвар байсан нь дээр гээд байгаа юм. Одоо нэгэнт тогтвортой байдлын гэрээ хийчихсэн болохоор татвараа ямар нэг байдлаар сэргээж чадахгүй.

УИХ-ын гишүүн Ч.Улаан: Роялтийн татварын хуулийг ойрын хугацаанд батлах ёстой

Зарим нэг бараа бүтээгдэхүүний гэнэтийн ашгийн татварыг тэглэх болсонтой зэрэгцээд үүнийг орлох хувилбарыг ярилцсан. Ингээд өсөн нэмэгдэх роялтийн татварыг бий болгохоор болсон. Одоогоор Засгийн газраас хуулиа боловсруулаад УИХ-д өргөн барьчихсан байгаа. Харин парламентаар ойрын хугацаанд энэ хуулийг хэлэлцэж батлах учиртай. Дэлхийн жишигт ашигт малтмалаас олж байгаа орлогийнхоо ихэнх хувийг роялтийн татвараар бүрдүүлж байгаа юм билээ. 68 хувийн татварыг тэглэх хууль хэлэлцэх үед олон хувилбарыг ярьж байсан.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.