Өнөөдөр ЭХЭМҮТ-д 3 ихэр хүүхэд төрлөө
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг, Нярай судлалын тасаг, дутуу нярай эрчимт эмчилгээний хэсгээр орж, ихэр хүүхдүүдийн биеийн байдалтай танилцлаа. Тэрээр дутуу тээлт судлалын тасгаар орж 3 ихэр, 2 ихэр хүүхэд төрүүлсэн ээжүүдтэй уулзаж, тэдний санал сэтгэгдлийг сонсохын зэрэгцээ ихэр төрсөн хүүхдэд төрөөс үзүүлж буй тэтгэмж, дэмжлэгийн талаар мэдээлэл өглөө.
ЭХЭМҮТ-ийн дутуу төрөлтийн тасагт 50 гаруй хүүхэд байна. Үүнээс 2 ихэр 2, 3 ихэр хүүхэд нэг байна. Эх хүүхдийн биеийн байдал сайн байгааг тасгийн эмч нар танилцуулсан. Жил бүр уламжлал болж тогтсон ёсоор салбарын сайд эх хүүхдүүдийг эргэж гарын бэлгээ гардуулсан юм.
ЭХЭМҮТ-ийн нярай судлалын эрчимт эмчилгээний таван тасагтай. Дутуу төрсөн , эмчилгээ шаардлагатай бяцхан үрс энд бойжиж байна. Хамгийн багадаа 700 грамм жинтэй төрсөн нярай ч байгаа юм.Өнөөдөр эмчлүүлж байгаа хүүхдүүдийн биеийн байдал тогтвортой байгаа, тэдэнд шаардлагатай эмчилгээ ялангуяа дутуу нярайн уушигны үйл ажиллагааг дэмждэг эмчилгээ мөн сөрөг цустай эхээс төрсөн нярайд цус солих, энэ нь эрхтэн шилжүүлэн суулгахтай дүйцэхүйц эмчилгээг амжилттай хийж байгаа талаар ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн захирал Ц.Алтантуяа танилцууллаа.
Эрүүл мэндийн салбар тэр дундаа төрөх эмнэлэгт дутагдаж байгаа аппарат, шаардлагатай тоног төхөөрөмжийн асуудлыг шийдэх талаар судалгаа хийнэ гэдгээ салбарын сайд мэдэгдлээ.