2012.04.19

Ч.Улаан: Намаас гарах талаар ярилцаж байгаа

"УИХ дахь Ардын намын бүлгийн нэр бүхий гишүүд намаасаа гарч парламентад МАХН-ын бүлгийг байгуулна" гэсэн мэдээлэл МАХН-ын дарга Н.Энхбаярыг албадан баривчлахаас өмнө гарсан билээ.

Түүнчлэн МАХН-ын дарга Н.Энхбаяр баривчлагдахаасаа өмнө "УИХ-д МАХН-ын бүлэг байгуулагдахаас өмнө ийм үйл явдал боллоо" гэсэн Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд УИХ-ын гишүүн Ч.Улаан, О.Чулуунбат, Д.Тэрбишдагва нараас гадна Д.Балдан-Очир, Х.Бадамсүрэн, Ц.Цэнгэл, Р.Раш, Ц.Даваасүрэн, Д.Загджав, Ц.Батбаяр, Б.Бат-Эрдэнэ нарыг "Намаасаа гарах нь нэгэнт тодорхой болсон" гэж мэдээлж байгаа билээ. Тиймээс дээрх гишүүдээс энэ талаарх байр суурийг нь сонирхлоо.

Д.Балдан-Очир: ФРАКЦИ БАЙГУУЛАХ ТАЛААР Л ЯРЬЖ БАЙГАА


-Ардын намын нэр бүхий гишүүд нам дотор фракци байгуулах талаар л ярьж байгаа. Энэ асуудлыг өвлөөс хойш ярьж байгааг та бүхэн мэднэ.

УИХ дахь Ардын намын бүлгийн 12-13 гишүүн энэ талаар ярьсаар байна. Гэхдээ эцсийн шийдвэр гаргаагүй. Ярьж хөөрөөд л байгаа юм.

Миний хувьд, УИХ-д МАХН-ын бүлэг байгуулах талаар огт бодоогүй. МАХН-д элсэх бодолгүй байна. Фракциа байгуулаад УИХ-ын 2012 оны сонгуулиар намаа ялалтад хүргэх ямар арга зам байгаа талаар л бодож байгаа.

Ц.Цэнгэл: БИ МАХН-Д ЭЛСЭХГҮЙ


-Хүмүүс буруугаар ойлгоод байх шиг байна. Би инженер хүн. Хуульч, сэтгүүлчид шиг ярьж чаддаггүй болохоор тэр юм байлгүй.

Миний хувьд, Ц.Нямдоржийг огцруулах шаардлага өгсөн гишүүдээс өөр байр суурьтай байгаа. "Н.Энхбаярыг баривчлах ажиллагаанд оролцсон хүмүүс бүдүүлэг, мэргэжлийн ур чадваргүй байна.

Ц.Нямдоржид бус тэр хүмүүст арга хэмжээ авах хэрэгтэй" гэсэн. Түүнээс бус МАХН-ын үйл ажиллагааг дэмжээд, МАХН-д элсэх гэж байгаа юм биш.

Манай нутгаас ч гэсэн "МАХН-д элсэх гэж байгаа юм уу" гээд асуугаад байгаа. Гэхдээ би МАХН-д элсэхгүй.

Р.Раш: "БҮЛЭГ БАЙГУУЛНА" ГЭСЭН ЯРИАНД ОГТ ОРОЛЦООГҮЙ


-Сэтгүүлчид аль эртнээс л "Ардын намын гишүүд фракци, МАХН-ын бүлэг байгуулна" гэж мэдээлээд байгаа. Ардчилсан нам дотор ч фракци байгуулагддаг.

Манай намын гишүүд фракцийн асуудал ярихаар бүгд гайхаж хүлээж аваад байх юм. "Фракци байгуулна" гээд нэгдсэн зохион байгуулалтад орсон юм байхгүй.

Тэгээд ч би фракци, МАХН-ын бүлэг байгуулах тухай ярианд огт оролцож байгаагүй. Намаасаа гарах бодол надад байхгүй. Фракци байгуулах талаар ярьж байгаа хүмүүсийг тойроггүй болчихоод арга ядаж яваа гэж бодохгүй байна.

Ч.Улаан: НАМЫН УДИРДЛАГУУДТАЙГАА ЯРИЛЦАЖ БАЙГАА



-Намаасаа гарах өргөдөл өгөөгүй. Ер нь бол бид намынхаа гишүүд болон удирдлагуудтайгаа энэ талаар ярилцаж байгаа.

Зөвхөн намаасаа гарах талаар ярилцаж байна. Эцсийн шийдвэрээ гаргаагүй байгаа гэсэн үг.



Х.Бадамсүрэн: ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ


-Би бүлэг байгуулах тухай ярианд огт оролцоогүй. "Х.Бадамсүрэн МАХН-д элсэнэ" гэдэг нь худал мэдээлэл байна.

Д.Загджав: МАХН-ЫГ ДЭМЖСЭНДЭЭ ШААРДЛАГА ТАВИАГҮЙ


-Ардын намын нэр бүхий гишүүд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах шаардлага тавьсан. Энэ нь намын гишүүнчлэлтэй огт холбоогүй.

МАХН-ыг дэмжсэндээ ийм шийдвэр гаргаагүй. Ардын намын дотор фракци байгуулах болон МАХН-ын бүлэгт элсэх тухай асуудал огт байхгүй.


О.Чулуунбат: ШИЙДВЭРЭЭ ХАРААХАН ГАРГААГҮЙ БАЙНА



-Парламентад МАХН-ын бүлэг байгуулах талаар ярилцаж байгаа. Гэхдээ эцсийн шийдвэрийг хараахан гаргаагүй байна. Тиймээс энэ талаар ярихад эрт байна. Бүх зүйл тодорхой болсон үед мэдээлэл өгнө.


Ц.Батбаяр: БҮЛЭГ БАЙГУУЛАХ ХУГАЦАА БАЙГАА ЮМ УУ




-Надад намаасаа гарах бодол алга. Тэгээд ч МАХН-ын бүлэг байгуулах хугацаа байгаа юм уу. УИХ-ын хаврын чуулган удахгүй завсарлана шүү дээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд намайг МАХН-д элсүүлэх гээд байх шиг байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.