2010.06.06

С. Эрдэнэ гишүүн Сангийн яамныхныг сандаргав

Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын жилийн эцсийн нэгдсэн тайлангийн талаар хэлэлцлээ. Харьцангуй цөөн гишүүн суусан энэхүү хуралдааныг эхэлсэн цагаас хойш УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хатуу үг чулуудав.

 

Нийгмийн даатгалын салбарыг сайн мэддэг, гүнд нь орж ажиллаж байсан хүний хувьд тэрээр Сан-гийн яамныхныг асуултаар булж багагүй сандаргаад авна лээ. Учир нь одоогийн байдлаар тэтгэврийн нэрийн данс нэг ч төгрөггүй хоосорсон гэнэ. Гэтэл 55 настай тэтгэвэрт гарах эмэгтэйчүүдийн түрүүч нь 2015 оноос эхлэн тэтгэврээ авах болчихоод байхад байдал иймдээ хүрчихсэнд тэрээр бухимджээ. Мөн иргэдийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг төрийн санд байршуулан төсвийн урсгал зардалд ашиглан хууль зөрчиж байгааг шүүмжлээд энэ бүхэнд тайлбар авахыг шаардав. Энэ үеэр Сангийн сайд, дэд сайдын аль аль нь хуралд ирээгүй учир яамны мэргэжилтнүүд асуудлыг бие бие рүүгээ түлхэж хэсэг саатсан юм. Эцэст нь түүний асуултад яамны нэгэн мэргэжилтэн эмэгтэй итгэл муутайхан хариулж эхэллээ. Тэр яриагаараа өнгөрсөн жилийн санхүүгийн хямралын үеэр төрийн санд байршсан нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг төсвийн урсгал зардалд зарцуулсан гэдэг үнэнийг хүлээв. Тэгтэл С. Эрдэнэ гишүүн "Тэтгэврийн нэрийн дансанд байх ёстой мөнгө хаана байна. Сангийн яам иргэдийн мөнгө дээрэмдчихээд хэнэггүй суугаад байх юм" хэмээн ширүүлэв. Тэгэхэд нь яамны мэргэжилтэн нарийн зүйлүүдийг мэдэхгүй гэдгээ хэлсэн. Харин энэ үеэр Сангийн сайд, дэд сайд нар хуралдаанд орж ирлээ. С.Баярцогт сайд удсангүй С.Эрдэнэ гишүүнийг танхимаас дагуулан гарч хоромхон зуур уулзаад, Т.Очирхүү сайдтай хэсэг хугацаанд шивнэлдээд гарч одов.

 

Гишүүдийн асуултад хариулт өгөх үүргийг түүнд оноогоод гарсан нь тэр бололтой. Тэрээр УИХ-ын гишүүн С.Эрдэнийн асуултад үргэлжлүүлэн хариулахдаа "Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөс "Анод" банкинд олон тэрбум, "Зоос"-д жаахан төгрөгийг байршуулсан. Бид энэ талаар шийдвэр гаргах гээд одоохондоо чадахгүй байна. Төрийн сан дахь нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг төсвийн урсгал зардалд ашиглаагүйг хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэхэд нь С.Эрдэнэ гишүүн "Дөнгөж сая танай мэргэжилтэн ашиглаж байсан гээд хариулчихсан. Та нарын яриа зөрөөд байна. Улайм цайм битгий ингэж худлаа ярь" гээд Сангийн яамыг луйварчингаар нь дуудаж, ажлаа хийж чадахгүй бол огцор гэснээр Т.Очирхүү сайд нэг ч үггүй болсон юм. Энэ бүхнийг сонссон байнгын хорооны дарга Д.Арвин эрүүл мэндийн даатгалын мөнгийг ч Сангийн яам гаргахдаа гap татдаг гэдгийг онцлоод ер нь уг асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьбал яасан юм гэдэг санал гаргав. Үүнийг нь гишүүд дэмжиж байлаа. Мөн Солонгос руу ажил хийхээр явах гэж өдөр шөнөгүй дугаарлан зогссон монгол залуусаас хэлний шалгалтын хураамж гэх нэрийдлээр авсан нийт 279 сая төгрөгийг Солонгосын хувь хүний тусгай дансанд байршуулсан болохыг энэ хэлэлцүүлгээр сөхсөн, Энэ нь үнэн болохыг ч салбарын яамных нь дэд сайд нотолсон. Гэхдээ Гадаадад ажиллах хүч илгээх төв, Солонгосын талтай тохиролцож хийсэн зүйл. Үүнийг шийдье гэвч Гадаадад ажиллах хүч илгээх төв нь яамны 100 хувийн мэдлийнх биш учраас боломжгүй, Энэ талаар Төрийн өмчийн хороотой ярилцана" гэсэн юм. Манайд үйл ажиллагаа явуулж буй гадаадын 7500 гаруй компанийг ажлын байрны төлбөреөс чөлөөлсөн зөрчил байгааг ч А.Телейхан гишүүн албаных нь хүнээр хэлүүлж чадсан. Ийм хуудуутай зүйлүүдийнхээ талаар олигтой тайлбар хэлчихэж чадахгүй байгаа салбар салбарын яамдын мэргэжилтнүүдэд байнгын хорооны гишүүд хатуурхаж, сурагчаа загнах багш шиг л зэмлэцгээж байлаа.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.