НДҮЗ-ийн үйл ажиллагаанд шалгалт хийх Ажлын хэсэг байгууллаа
2011.01.12

НДҮЗ-ийн үйл ажиллагаанд шалгалт хийх Ажлын хэсэг байгууллаа

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдаж Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2010 оны үйл ажиллагааны тайлан, тус зөвлөлийн 2011 оны төсөв батлах тухай асуудал хэлэлцлээ. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2010 оны үйл ажиллагааны тайланг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Д.Нямхүү танилцуулсан байна.

 

НДҮЗ 2010 онд 6 удаа хуралдаж, 23 асуудал хэлэлцэн шийдвэрлэж, 26 тогтоол батлан биелэлтэнд хяналт тавин ажиллажээ. Тухайлбал, нэрийн дансны эхний үлдэгдэл тооцоход баримтлах шимтгэлийн хувь хэмжээг 19 хувиар, үйл ажиллагааны болон тэжээгчээ алдсаны, тахир дутуугууийн тэтгэвэрт зарцуулах зардлын хувь хэмжээг 4 хувиар тус тус тогтоох, нэрийн дансны эхний үлдэгдэл тооцоход баримтлах цалин хөлсний дундаж индекс буюу итгэлцүүрийг батлах, мөн нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл, хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгөөр Засгийн газрын бонд худалдан авах журам батлах, нийгмийн даатгалын байгууллагын ажилтнуудыг орон сууцаар хангах, нөхцөл сайжруулах мөнгөн тэтгэлэг олгох журамд өөрчлөлт оруулах, нийгмийн даатгалын шимтгэлийн өрөнд хураагдсан бараа материалыг актлан устгах, бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах, дахин үнэлүүлэх чиглэлээр удаан хугацаагаар хадгалагдаж эрүүл ахуй ашиглалт, хэрэглээний чанар алдагдсан 32 713 101 төгрөг 32 мөнгөний үнэ бүхий 61 төрлийн хүнсний бүтээгдэхүүн, эд материалыг акталж устгах зэрэг асуудлуудыг шийдвэрлэсэн байна. Түүнчлэн Сангийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч, НДҮЗ-ийн даргын хамтарсан шидэврээр НДС-ийн үлдэгдэл хөрөнгөөс 2010 онд арилжааны банкинд харилцах, хадгаламж хэлбэрээр байршуулах хөрөнгийн хэмжээг 220,0 тэрбум төгрөгөөр тогтоосны зэрэгцээ  Анод банкинд байсан  нийгмийн даатгалын сангийн 2,192 сая төгрөгийн хадгаламжийн үлдэгдэл, 90,6 сая төгрөгийн харилцах дансны үлдэгдэл, 458,6 сая төгрөгийн Улсын төсвийн орлогын дансанд төвлөрүүлсэн хөрөнгийг Хадгаламж банк руу шилжүүлэн, хасалтын гүйлгээ хийж, Анод банкинд байршиж байсан Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг Хадгаламж банкинд бүрэн байршуулжээ.

 

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн З.Алтай, С.Эрдэнэ нар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Д.Нямхүү болон холбогдох албаны хүмүүсээс асуулт асууж хариулт авав.  З.Алтай гишүүн, Одоо НДС-ийн мөнгийг хэдэн банкинд, хэдэн хувийн хүүтэй хадгалж байна вэ, удаан хугацаагаар хадгалагдсан бараа материалд устгал хийгдсэн гэж байна. Эдгээр бараа материалуудыг эргэлтэд оруулахгүй яагаад ийм удаан хугацаанд хадгалж, дарж байсан юм бэ. Элэгдэж муудлаа гэхэд устгалтын асуудлыг шуурхай шийдэх ёстой биздээ. Энэ бол хариуцлага яригдах асуудал. Ажил хийгээгүй, үүрэг даалгавар биелүүлээгүй ажил хариуцсан хүн бүртэй хариуцлага тооцмоор байна. Хувийнхаа юманд бол ингэж хандахгүй байх.  Цаасан дүнд хууртаад, танилцуулсан тайланг нь сайн байна гээд суугаад байж болох юмуу. Ажлын хэсэг байгуулан эдгээр байдалд шалгалт хийж дүнг танилцуулан эргэж ярих хэрэгтэй гэж үзэж байна гэлээ.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Д.Нямхүү өгсөн хариултдаа, нийгмийн даатгалын сангийн нийт дүнгийн үлдэгдлийг Засгийн газрын бонд худалдан авах, Монгол банкны үнэт цаас худалдан авах, банкинд хадгалуулах гэсэн гурван хэлбэрээр хуульчилж өгсөн. НДС-ийн Анод банкинд байршуулсан 2 тэрбум төгрөг хамгийн эрсдэлтэй байсан. Харин одоо энэ мөнгийг хүүтэйгээр Хадгаламж банкинд бүрэн шилжүүлж авсан. НДЕГ хөрөнгийн удирдлагын баг гарган ажиллуулж байна. Хуваарилалтын зарчмыг шийдвэрлэх үүднээс Тэтгэвэрийн тогтолцоог шинэчлэх хуулийн төсөл боловсруулаад явж байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн өрөнд хураагдсан 15 жилээс дээш хадгалагдсан зарим бараа материалыг актлан устгах, бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах, дахин үнэлүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ  үе үеийн дарга нар болгоомжтой хандаж байсан юм билээ. Иймд хугацаа хэтэрч ашиглагдах боломжгүй муудсан бараа материалыг устгасан. Жишээ нь удаан хугацаагаар хадгалагдаж хэрэглээний шаардлагатай хангахгүй болсон 625 ширхэг сонсголын аппарат, эрүүл ахуй, ашиглалт, хэрэглээний чанар алдагдсан 61 төрлийн хүнсний бүтээгдэхүүн, эд материалыг акталж газар дээр нь зургийг нь авч баримтжуулсан байгаа.  Эдгээрийн дотор өрөөсөн гутал ч бий гэсэн юм.

 

С.Эрдэнэ гишүүн, НДС-нд байршуулах ёстой нэг их наяд 760 тэрбум төгрөгийн хүүг яривал асар их мөнгө болно. Төрөөс төлөгдөх ёстой энэ мөнгө төсөвт тусгагдахгүй байгаа. Энэ талаар ямар бодлого барьж байна вэ. Энэ их мөнгөнд хүү тооцож байгаа юу. Түүнчлэн Нийгмийн даатгалын байгууллагад ажиллаж байгаа ажилтнуудыг улс төрийн байдлаар ялгаварлан гадуурхахаа хэзээ болих юм бэ. Яг ажлаас нь халчихгүй, тэгсэн хэрнээ албан тушаалыг нь бууруулах, энд тэнд цөлөх мэтээр ажлын байрны дарамт шахалт үзүүлж хүчээр өөрсдөөр нь өргөдөл өгүүлэн ажлаас гаргахад хүргэж байна. Ер нь ганц энэ бус төрийн байгууллагуудад ийм байдал хавтгайрч байгаад судалгаа хийж цаашид ажлын хэсэг гарган ажиллуулах бодолтой байгаа гэсэн юм.

 

Хуралдаанаар НДҮЗ-ийн үйл ажиллагаанд холбогдох судалгаа хийж, шалгалтын дүнг Байнгын хороонд эргэж танилцуулах ажлын хэсгийг  байгуулахаар шийдвэрлэж Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, гишүүдэд З.Алтай, Ц.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй ажиллуулахаар тогтов. Мөн НДҮЗ-ийн 2011 оны төсвийг баталлаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.