Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2020.04.08) хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 10 цаг 29 минутад эхэлж, “Коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Сангийн болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нар, Монголбанкны холбогдох албан тушаалтнаас хариулт, тайлбар авсан юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав
С.Хүрэлбаатар сайдын мэдэгдлээс харахад манай улсад нийгмийн даатгал төлөгч иргэд 910 мянга байдаг юм байна. Үүнээс төрийн албан хаагч, төрийн өмчит аж ахуй нэгжид ажиллаж байгаа иргэд 640 мянган иргэд байна гэж харагдаж байна. Засгийн газраас авч хэрэгжүүлж буй 5.1 их наяд төгрөгийн өртөг бүхий арга хэмжээнүүдийн үр өгөөжийг бичил бизнес эрхлэгчид, өөртөө ажлын байр бий болгон, орлого олдог хүмүүст хүргэх чиглэлд анхаарах шаардлагатай. Жолооч нар оёдолчид гэх мэт хэдэн мянган хүн хувиараа хөдөлмөр эрхэлж байна тэдний хэдэн хувь нь НДШ, орлогын албан татвар төлдөг вэ?
Хүнсний аюулгүй байдал олон жил яригдаж байна. Саяхан бид 21 аймагтаа сүү цагаан идээ боловсруулах үйлдвэртэй байсан. Гэтэл өнөөдөр энэ үйлдвэрүүдээ сэргээх гэж яамнаас бодлого чиглэл гараад л байдаг сэргээд ажиллаж байгаа үйлдвэр байна уу. Гурил, жимс жимсгэнэ, төмс хүнсний ногоогоо дотооддоо хангах бүрэн боломжтой болж байна гэж харж байна. Тиймээс яам импортын татварын бодлогоор эх орны үйлдвэрүүдээ хамгаалж дэмжмээр байна.
Ажлын байр, баялаг бүтээгчид гэдэг маш чухал байна. Эх орондоо ажил хөдөлмөр эрхэлдэг ажлын байр бий болгодог хүмүүсээ хамгийн түрүүнд төрөөс дэмжиж орон сууцаар хангах зэрэг арга хэмжээг авмаар байна.