Цар тахлын улмаас энэ онд дэлхийн аялал жуулчлалын зах зээл 25 хувиар хумигдана
2020.09.08

Цар тахлын улмаас энэ онд дэлхийн аялал жуулчлалын зах зээл 25 хувиар хумигдана

Дэлхийн эдийн засагт COVID-19 цар тахлаас үүдсэн хямрал үүсээд байна. Энэхүү цар тахалаас үүдэлтэй хямралаас сэргийлэхийн тулд улс орнуудын бодлого тодорхойлогчид шуурхай ажиллаж, гуравдугаар сарын дундуур гэхэд нийт 30 гаруй улсын төв банк бодлогын хүүгээ бууруулаад байна. Тэдгээрийн дотор Монгол банк бодлогын хүүг нэг нэгж хувиар, мөн арилжааны банкуудын заавал байлгах нөөцийг хоёр пунктээр бууруулаад байгаа юм. 

Цар тахлын дэгдэлт нь Монгол Улсын эдийн засагт ихээхэн нөлөөлж эхэлсэнийг Үндэсний статистикийн хорооноос гаргасан “Коронавирус ба эдийн засаг” судалгаанаас харж болно. Тухайлбал улсын нэгдсэн төсвийн орлого 2020 оны эхний хагас жилийн гүйцэтгэлээр 4 358.7 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 1 190.0 тэрбум төгрөг буюу 21.4 хувиар буурсан байна. 

Мөн COVID-19 цах тахлын нөлөөнд өртөж буй салбар бол аялал жуулчлал юм. Цар тахлын улмаас энэ онд дэлхийн аялал жуулчлалын зах зээл 25 хувиар хумигдахаар байгааг Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлөөс анхааруулаад байна. Монгол Улсын хувьд аялал, жуулчлалын салбар нь хэдийгээр ДНБ-д харьцангуй бага буюу 5-6 хувийг эзэлдэг боловч түүнийг дагасан тээвэр, зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарууд дахь ажлын байр, ажлын байрны эрэлт буурах төлөвтэй байна.

Хөдөлмөрийн зах зээлийн зарим үзүүлэлтээс харахад 2020 оны нэгдүгээр улирлын байдлаар ажиллах хүч өмнөх оны мөн үеэс 3.5 хувиар буураад байна. Харин ажиллагчдын тоо 1 170.4 мянгад хүрч 2.3 хувиар өссөн бол ажилгүйдлийн түвшин ажиллагчдын тооны өсөлтөөс хамааран 6.6 хувь болж, өмнөх оны мөн үеэс 5.2 пунктээр буурсан байна.

Хөдөлмөрийн зах зээлийн зарим үзүүлэлтүүд, улирлаар:

Манай Улсын Хөдөлмөрийн зах зээлд “Covid-19” цар тахал нөлөөлж байгаа эсэхийг захиргааны тоон мэдээлэл болон “Монгол Улсын эдийн засгийн динамик суурь загвар”-аар авч үзсэн байна. 

Нийгмийн даатгалд шимтгэл төлөгч аж ахуй, нэгж байгууллагын тоо өмнөх оны мөн үеэс 4.3 хувиар өссөн, даатгуулагчийн тоо 0.1 хувиар буурсан хэдий ч шимтгэлийн орлого нь өмнөх оны мөн үеэс 107.3 тэрбум төгрөг буюу 12.9 хувиар буурсан дүнтэй байна.

Эндээс харахад аж ахуй, нэгж байгууллагууд 2020 оны 3-р сарын 27-ны Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан 2020.04.01-ээс 2020.10.01 хүртэлх 6 сарын хугацаанд аж ахуй, нэгж байгууллагуудын шимтгэлийг тэглэх шийдвэрт хамрагдахын тулд ажиллагчдынхаа цалинг бууруулах, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлж амралт өгсөн байх магадлалтай байна. Энэхүү таамаглалыг НДЕГ-аас бэлтгэн гаргадаг цалин хөлсний захиргааны тоон мэдээ зарлагдагдахад тодруулан, шинжлэх боломж бүрдэх юм.

Мөн сайн дурын даатгуулагч 2019 оны 2-р улиралд 21.8 мянгаар нэмэгдэж байсан бол 2020 оны 2-р улиралд 48.5 мянгаар нэмэгдэж, өмнөх оны 2-р улиралтай харьцуулж үзэхэд 2.2 дахин өссөн байна. Тоон мэдээллээс харахад 2020 оны 3-р сарын 27-ны Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дөрөвдүгээр сарын 1-ээс аравдугаар сарын 1-ний өдөр хүртэл сайн дурын даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөнд тооцно гэсэн шийдвэрийн нөлөөг харж болохоор байна.

Ажилгүйдлийн тэтгэмж авсан хүний тоо 2020 оны 6 сарын байдлаар 10.6 мянга болж, өмнөх оны мөн үеэс 106 буюу 0.1 хувиар буурсан боловч ажилгүйдлийн тэтгэмжид зарцуулсан хөрөнгө өмнөх оны мөн үеэс 6.8 тэрбум буюу 35.8 хувиар өссөн дүнтэй байна.

Эндээс үзэхэд өндөр цалин, хөлстэй ажиллагчид ажлаасаа гарч ажилгүйдлийн тэтгэмжид хамрагдсан байх магадлалтай юм.

Ажил хайгч иргэдийн тоо мэдээллээс харахад 2020 оны 6-р сарын эцэст 30.3 мянган иргэн ажил хайж байсан бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.0 мянга буюу 9.0 хувиар буурсан байна. Ажил хайгч иргэдээс ажилд зуучлагдсан иргэд өмнөх оны мөн үеэс 2.6 мянга буюу 39.2 хувиар буурсан. Мөн бүртгэлтэй ажилгүй иргэдээс ажилд зуучлагдсан иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 36.3 хувиар буурсан байна.

2020 оны эхний хагас жилийн байдлаар ажлын байрны захиалга өмнөх оны мөн үеэс 3.7 хувиар нэмэгдсэн хэдий ч ажилд зуучлагдсан иргэд 9.8 хувиар буурсан дүнтэй байна. 

Ковид-19 цар тахлын нөлөөгөөр сургууль болон цэцэрлэгийн үйл ажиллагааг хаасантай холбоотойгоор иргэд бага насны хүүхдээ харахын тулд эсвэл эрүүл мэнддээ анхаарч ажил хайхгүй байх, ажил хийх сонирхолгүй байх магадлалтай юм.