Ц.Мөнх-Оргил: Боловсролын багц хуулийн үзэл санааг энэ хуультай нийцүүлэх нь зөв
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.17\ нэгдсэн хуралдаанаар Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил асуулт асуулаа:
Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байна гэхдээ батлахыг дэмжихгүй байна. Яагаад гэвэл боловсролын багц хуульдаа энэ асуудлуудаа оруулъя. Ерөөсөө боловсролын зорилго яг энэ хуульд тусгасан зүйлийг хэрэгжүүлэх юм. Хүмүүнлэг хүн хүмүүжүүлэх ажил бол нийгмийн зорилго байх ёстой. Хувь хүн, эцэг ,ээж гээд...
Боловсрол гэхээр академик боловсрол олгох тухай ойлгоод байдаг. Гэтэл интернет мэдээллийн энэ орчин цагт багш нарын заадаг тоо, хими, физик, гадаад хэлийг өнөөдрийн хүүхдүүд интернетээр ороод боловсролыг олоод сурчихаж болж байна. Харин хамгийн хэцүү юм бол хүн хүмүүжүүлэх асуудал байдаг. Үүнийг боловсролын салбар орхигдуулчихаад байна.
Боловсролын ерөнхий хуульд тэр зорилгоо маш тодорхой боловсруулсан. Монгол Улсын боловсролын үндсэн зорилго бол хүн хүмүүжүүлэх асуудал гээд хуулийнхаа гол зорилгодоо хийсэн атлаа тэрийгээ хэрэгжүүлэхдээ яг эсрэгээр нь хийдэг. Тоо, физик, хими, гадаад хэлээ заагаад байдаг. Тэрийг нь мэдээд байвал багш ч, хүүхэд ч сайн гээд онц дүн өгөөд явуулаад байдаг. Амьдрал дээр сурсан мэдсэнээ хэрэгжүүлэх, хүн гэдэг утгаа ойлгох нь учир дутагдалтай байдаг. Тэгэхээр хэлэлцье, батлахдаа боловсролын багц хуультайгаа батлъя.
Миний санаа бол энэ хуулийн үзэл санааг боловсролын багц хуультай нийцүүлэх биш, боловсролын багц хуулийн үзэл санааг энэ хуулийн үзэл санаатай нийцүүлмээр байна. Бүр нэвт шувт. Сургалтын хөтөлбөр, багш нарыг үнэлэх арга зүй, эцэг, эхэд хүлээлгэх хариуцлага, төр хүлээх хариуцлага.
Гэтэл үүн дээр манай хууль санаачлагчид хэлэхдээ энэ нь бүгдийнх нь үүрэг болно гэж. Гэхдээ бас тийм биш юм. ААН, байгууллагууд, хувь хүмүүс, төрийн байгууллагууд бол өөрт оногдсон ажлаа л хийнэ. Түүнээс хүн боловсруулах ажилд үүрэггүй, орох ёсгүй. Бүгдээрээ сурган хүмүүжүүлэгч, хүн хүмүүжүүлэх ажилд орно гэж байхгүй.