УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.18\ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд "Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай" хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан саналаа хэллээ. УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: "Хуулийг санаачилсан анхны зорилго, үзэл баримтлал, санаа нь өнөөдөр нийгэмд ус агаар мэт хэрэгтэй зүйл. Гэхдээ бид энэ асуудлыг хуулиар зохицуулах уу? Яаж нийгмээ сайхан болгох вэ гэдэг бол Л.Энх-Амгалан гишүүний хэлдэгээр эрэмбэлэх юм бол Нэгдүгээр асуудал мөн. Нэгэнт Засгийн газрын үйл ажиллагаа-Алсын хараа 2050-д орсон, МАН-ын мөрийн хөтөлбөрт Хүний хөгжлийн цогц бодлогыг боловсруулна гэж заасан. Тэгэхээр Хүний хөгжлийн хөтөлбөр болгох уу? эсвэл хүний хөгжлийн тухай хууль болгох уу гэдэг дээр нэрийг нь солиод дэмжээд явах нь зүйтэй.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.17\ нэгдсэн хуралдаанаар Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Үзэл баримтлалын хувьд хэлэлцэж дэмжээд, боловсролын багц хуульд шингээд явна, бие даасан хууль гарахгүй гэж ойлголоо. Ийм ойлголттойгоор хэлэлцэх эсэхийг нь дэмжээд явах юм байна. Хүн бүр л боловсрол ярьж байгаа. Монголынхоо боловсролыг байнга доош нь хийж муулна. Харин яаж сайжруулж, засах, алдаа оноог нь тоймтой гаргаж ярьдаг хүн байхгүй. Шүүмжлэх амархан. Боловсролын салбарын үйл ажиллагаа жигд хэвийн явж байгаа. Ямар тулгамдсан асуудал байна түүнийг нь төр засгаас бид шийдэж чадаж байгаа билүү. Багш нарын нийгмийн асуудал ямар байгаа, цалин хөлс, ажлын ачаалал, ажиллах нөхцөл орчин ямар байгааг эргэж харах ёстой. Монгол хүн болгож хүмүүжүүлэх асуудал ганцхан сургалтын байгууллагын асуудал биш. Хууль баталснаар тийм болчихно гэж байхгүй. Өнөөдөр хүүхдээ хаана явж байгаад ч анхаарал тавьдаггүй, гэртээ гэрийн даалгавар хийж байгаад анхаарал тавьдаггүй эцэг, эхчүүд хүүхэд нь жаахан сурлага нь муудахаар багш руу буруутгадаг, сургалтын байгууллага руу буруутгадаг томоороо энэ Монголын боловсрол дампуурлаа гэж ярьдаг. Тэгэхээр бид хоёр талтай харах ёстой юм.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.18\ хуралдаанаар Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Ирээдүй хойч ямар нийгэмд амьдрах вэ? гэдгийг тодорхойлох хууль гэж харж байна. Нийгмийн бүх салбарын бүх хүмүүсийн оролцоотой байж хүмүүнлэг боловсролыг хүүхдэд ойлгуулна. Ёс заншил, уламжлалаараа дамжуулан хүүхдүүддээ нөлөөлөх зүйлийг сэргээх хэрэгтэй. Яаж хүүхдүүдэд зөв ойлголт өгөхийг оруулж өгөх хэрэгтэй. Гэхдээ ганц боловсролын салбарт үүрүүлж болохгүй. Хүн бүр ямар оролцоотой байхыг тодорхой зааж өгөх ёстой. Үр хүүхдүүдийн маань ирээдүй бүрхэг байгааг өдөр бүр хүчирхийллээс ойлгож байна. Монгол улс, бидний нийгэм ямар байх суурийг шийдэх хууль гэж үзэж байна.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.17\ нэгдсэн хуралдаанаар Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Би бол хэлэлцэх эсэхийг дэмжээд боловсролын багц хуультай хамт батлъя гэсэн саналаа дахин хэлье. Гэхдээ боловсролын багц хуулийнхаа үзэл баримталлыг энэ хуулийн үзэл баримтлал руу шууд оруулъя. Өөрөөр хэлбэл энэ хуулиа гол суурийг нь болгоё. Боловсрол хүн хүмүүжүүлэх ажлыг хийнэ шүү гэдэг санааг суулгаж өгөөж хуулиа хэлэлцэхийг дэмжээд ойрын үед батлаж хэрэггүй гэсэн саналтай байна. Үүнтэй холбоотой нэг санал байна. Боловсролын яам хот хөдөөгүй Боловсролын багц хуулийн хэлэлцүүлэг хийгээд эхэлчихжээ. Энэ хэлэлцүүлэг Боловсролын байнгын хорооны хэмжээнд явагдаад байна. Энэ дан ганц байнгын хорооны асуудал биш шүү. Энд УИХ-ын гишүүдийг татаж оролцуулах, бусад байнгын хороодын гишүүдийг татаж оролцуулмаар байна. Боловсролын сайдын гарын үсэгтэй батлагдсан Боловсролын яаман доторх ажлын хэсгийн гишүүн нь юм. Би өөрөө гуйж байгаад орсон юм. УИХ гишүүн зөвшилцсөнөөр. Намайг хуралд уриагүй, бид нар хурал хийгээгүй байж байхад, үзэл баримтлалаа ажлын хэсгээрээ яриагүй байхад тэр үзэл баримтлал нь батлагдаад тэрнийхээ үндсэн дээр анхныхаа төслийг гаргаад хэлэлцүүлээд явчих юм. Тэр төсөл дээр нь маш дутагдалтай юмнууд байна. Үзэл баримтлал дээрээ улс төрөөс хараат бус, бие даасан байна, эцэг эхийн оролцоог хангана, хүүхэд, сурагч багш нарын оролцоог хангана гэсэн тунхаглалууд хийчихээд, хуулийн төсөл дээрээ тэр тухай нэг ч үг байхгүй байна. Хуулийн төсөл дээр цахим боловсролын асуудал, цахим сургалтын асуудал нэг хоёр томъёо байгаа болохоос агуулгаараа байхгүй. Боловсрол цаашаа цахимаар явах гээд байна. Хүнд академик юм заах биш, тоо заах биш хүн болгох асуудалд анхаарлаа хандуулах ёстой гэдэг агуулга нь хуульдаа орж өгөхгүй байна.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.18\ хуралдаанаар Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Бие даасан хууль гаргах хэрэгтэй. Би 19 жилийн өмнө Израильд очих боломж олдсон. Еврей хүмүүс яагаад ийм хүчтэй, чадвартай байгааг асуусан. Тэнд Еврей хүмүүсийг Еврей хүн болгох хөтөлбөр байдаг юм байна. Бас Хүмүүнлэг боловсролын хуультай. Хөх цэрэг аяллыг би 12 жил зохион байгууллаа. Жилдээ 100 гаруй хүүхэд хамруулдаг. Үүнд дэмжлэг хэрэгтэй болдог. Харин төрийн зохион байгуулалт, манлайлал хэрэгтэй байна. Энэ хуулинд зохион байгуулалт, манлайллын тал дээр ямар заалт орсон бэ? Хуульгүй дор хулгай, мэдлэггүй дор боол гэж байдаг. Эрх мэдлийг уралдаад хуульчилсан. Би үлгэр домгоор хүмүүжсэн хүн. Харин одоо төр хариуцлагатай байж анхаарах болсон. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Хуулинд зохицуулалт байгаа. Эзэн Чингис хаан нэг сэтгэлтэй яваарай. Улсаа аваръя гэвэл үндсээ аваарай. Үндсийн аваръя гэвэл сэтгэлийн авраарай. Сэтгэл гэдэг биеийн эзэн байтал сэтгэл мухардвал бие даруй хийгдэнэ гэж хэлсэн. Их засаг хуулийн үндсийн үндэс нь сэтгэл зүйн боловсрол гэж харж байна.