Баатар болсон хоригдол
2012.08.29

Баатар болсон хоригдол

Сталины хэлмэгдүүллийн жилуүдэд буудуулан хороогдсон Зөвлөлтийн хийгээд гадаадын иргэдийн нэрсийг удаан хугацаанд нууцалж байв. Эдгээр баримтын нэлээд нь одоо Оросын нийгэм-улс төрийн түүхийн архивт хадгалагдаж буй. 

Буудан алах хүмүүсийн нэгэн нэрсийн жагсаалтад 1938 оны долоодугаар сард Сталин маршал Егоровын нэрийг улаан харандаагаар зурж тэмдэглээд, урд талд нь нэмэх тэмдэг тавьсан байв. Тэнд "46. Егоров Александр Ильич" гэж тусад нь бичсэн байлаа. Хавтсан дээр нь "За разстрел ("Расстрел" гэж байх ёстойг буруу бичсэн байна) всех 138 человек" (138 хүнийг бүгдийг нь буудах) гэж бичээд Сталин гарын үсгээ зуржээ. Тэгэхдээ "139" гэж байсныг Сталин "138" болгож зассан байна. Энэ удаад маршал Егоровын нэрийг цаазлах хүмүүсийнхээс яагаад хассаныг бүү мэд. Сталин маршал Егоровыг авраагүйг бид мэднэ. Түүнийг 1939 оны хоёрдугаар сарын 22-нд буудан хороосон юм. "139"-өөс Егоровын нэрийг хассан нь түүнийг улаан арми байгуулагдсан өдөр буудах гэсэнтэй холбоотой байж ч мэднэ.

Гадаадын иргэдийн хувьд тухайн хүн чухам ямар хэргээр шийтгүүлсэн талаар тус архив лавлагаа гаргаж өгнө. Тухайлбал, Афганистаны цэргийн яамны сайд Шамахмудханыг ЗХУ-д айлчлах үеэр амь насанд нь халдахаар зэхэж хэмээн нэгэн афган эрийг, Герман, Латвийн талд аж үйлдвэрийн тагнуулын үйл ажиллагаа явуулсан гэж нэгэн герман инженерийг шийтгэсэн байдаг.

Энэ архивт хадгалагдаж буй баримтууд хосгүй үнэт эд юм. Энд 42 сая хүний тухай баримт бичиг, 160 гаруй мянган гэрэл зураг бий гэдэг. Цуглуулга 1921 оноос эхтэй. Архивын анхны захирал Давид Рязанов 10 жилдйн хугацаанд Баруун Европын орнуудаар явж дуулага худаадаанаас түухийн олон баримт авчирсан аж. Түүнээс гадна Маркс-Энгельсийн институтын гадаадад байсан ажилтнууд олон баримт цуглуулж өгсөн аж. 1920-иод оны эцэс гэхэд энд 175000 баримт хуримтлагдсан байжээ. Энэ архивыг урьд нь ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Маркс-Энгельсийн хүрээлэн гэдэг байж. Сүүлдээ Марксизм-Ленидизмийн хүрээлэн гэх болсон байна.

1960 оны хавар энэ байгууллагад нэгэн шинэ ажилтан ирэв. Харваас нас нь 50 орчим, биерхүү, буурал үстэй эр байлаа. Түүнийг "Рамон Иванович" гэж хамт олонд нь танилцуулжээ. Тэрбээр Испанийн иргэний дайнтай холбоотой баримт цуглуулах үүрэг хүлээсэн байна. Томоохон баярын үеэр Рамон Иванович ЗХУ-ын баатрын таван хошуу тэмдэг зүүчихнэ. Яагаад ийм хүндтэй алдар хүртсэнийг нь эхний үед түүнээс хэн ч сонирхож зүрхэлсэнгүй. Ер нь энэ байгууллагынхан сониуч байхыг цээрлэдэг гэлтэй. Гэхдээ л ямар гавьяа байгуулж баатар болсныг нь хэн нэг нь сонирхолгүй яах вэ. Оросоор ганц ч үг мэддэггүй байсан Рамон хожим нь орос хэл сурч эхэлсэн бөгөөд тэр үедээ "Цэргийн гавьяа байгуулсаны төлөө..." гэсэн товч хариулт өгдөг болсон ажээ.

Оньсого мэт энэ испани хүн чухам хэн болохыг Орост тун цөөн хүн мэддэг байв. 1960 оны тавдугаар сарын 31-нд гарсан ЗХУ-ын Дээд зөвлөлийн Тэргүүлэгчдийн зарлиг хүмүүсийн сонорт хүрэлгүй нууц хэвээр үлдсэн бөгөөд улсын баатрын 11089 дугаартай алтан таван хошууг УАХХ-ны дарга Александр Шелепин өөрөө олны нүднээс далд гардуулж өгчээ. Энэ хүн дээрх шагналыг авахаасаа гурван долоо хоногийн өмнө Мексикийн шоронд хоригдож байлаа. Тэрбээр 20 жилийн ял авсан байв.

Мехико хотын захад байх Лев Троцкийн гэрт 1940 оны наймдугаар сарын 20-нд Рамон нэвтрэн орж, цувныхаа дотуур  нууж авч явсан түлээний сүхээр толгой руу нь цохиж хөнөөсөн этгээд юм. Тархиндаа долоон см гүн шарх авсан ч Троцкий алуурчинд эсэргүүцэл үзүүлээд зогсоогүй бусдаас тусламж хүсч амжсан гэдэг. Тэглээ ч Троцкий эмнэлэгт насан эцэслэсэн юм. Харин Рамон Меркадер өөрийнхөө болон аллагыг захиалагчийнхаа нэрийг хэлэлгүй байсаар шоронд 20 жил болсныхоо төлөө баатар цол хүртсэн аж. Түүнд шоронгийн захиргааны зүгээс мөрдөж байсан дэглэм ч тийм хатуу биш байжээ. Ямар сайндаа л 103 кг жинтэй болтлоо таргалсан гэж ахдаа бичиж байх вэ. Түүгээр ч барахгүй шоронд байх үедээ гэрлэсэн, охин өргөж авсан гэж байгаа. Шоронд хийдэг гол ажил нь радио болон цахилгаан төхөөрөмж засах.

1960 оны тавдугаар сарын 6-нд буюу шүүхийн шийдвэрт заасан хугацаанаас гурван сар гаруйн өмнө суллагдаад Кубээр дамжин  Чехословакт очжээ. Ийм л хүн Марксизм Ленинизмийн хүрээлэнгийн ажилтан болсон байна.

...Рамон Меркадер ЗХУ-д Рамон Лопес нэрээр 14 жил амьдраад 1973 оны эцсээр Куба руу нислээ. Фидель Кастро түүнийг урьсан аж. Тэнд ДЯЯ-нд нь онцгой даалгавар гүйцэтгэгчээр ажиллав. Тэгэхдээ Кубийн шоронгуудын нөхцөлийг сайжруулахад голлон анхаарч байжээ. Фидель Кастро түүнд сайхан харш өгсөн байна. 1978 оны аравдугаар сард Рамон Меркадерийг нас барахад шарилыг нь чандарлаад Москвад авчирч оршуулжээ.

Архивын ажилтнуудад Рамон Меркадер сайхан сэтгэгдэл үлдээсэн байдаг аж. Хэрэв тэр ямар нэгэн юм амласан бол заавал түүндээ хүрдэг байжээ. Гэхдээ нууц ажилд мэргэшсэн хүнд байдаг л ёсоор Троцкийг алсан хүн энд байжээ гэх ямар нэг ул мөр архивт үлдээгээгүй аж.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.