Оспан гэж хэн бэ?
2012.09.08

Оспан гэж хэн бэ?

1940-1950 оны хооронд Монгол, Орос, Хятад, түүгээр ч барахгүй Америк улсуудын хооронд Шинжааны газар нутгийн төлөөх тэмцэл өрнөх болов. Учир юу хэмээвээс Шинжаан дахь Хятадын Засгийн газраас ард иргэдийн буу зэвсэг, эд хөрөнгийг хурааж эхэлснээр Алтайн казахууд бослого тэмцэл өрнүүлэх болжээ. 

Хятадын нутагт өрнөсөн бослогыг ашиглан Орос, Америк, Монгол Улс нь Шинжааны газар нутгийг авахыг эрмэлзэж байв. Энэхүү санааг гүйцэлдүүлэхэд Хятад хэмээх нохойд барихмод нь Алтайн казахуудын бослого, түүний удирдагч И.Оспан байв.

И.Оспан нь Ислам хэмээх хасагмалчны гэрт 1899 онд айлын ууганхөвүүн болж мэндэлжээ. Тэрээр 40 нас хүртлээ мал маллах, жин тээх, худалдаа наймаа хийх зэргээр амьдарч байжээ. Түүний улс төрийн тэмцэл нь 40 насандаа, 1940 онд эхэлсэн байна. И.Оспан хятадуудыг Шинжааны нутгаас хөөн гаргаж, хасаг үндэстний улсыг байгуулах санааг өвөртлөн байв. 1941 онд Шинжааны Засгийн газар босогчдод хандан байлдахгүйгээр бууж өг.Та нарын шаардаж байгаа зүйлд бүрэн арга хэмжээ авна. Бууж өгсөн хүмүүсийг суллана хэмээн ухуулга хийхэд босогчдоос Калт нарын зэрэг хүмүүс бууж өгчээ. Гэвч Шинжааны Засгийн газар хэлсэн үгэндээ хүрэлгүй, бууж өгсөн хүмүүсийг баривчилжээ. Ийнхүү элдэв зүйлээс болж Шинжааныг чөлөөлөх санааг гүйцэлдүүлэхэд Хасагийн тэмцэл сульдаж байв.

Энэхүү байдлыг ашиглан Монголын Засгийн газраас түүнд буу, зэвсгийн туслалцаа үзүүлж, И.Оспанаар Шинжааныг чөлөөлүүлэн, дараа нь Шинжаан дахь монголчуудыг чөлөөлөх бодлогыг гүйцэлдүүлэхээр зорьсон юм. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэхийн тулд Монголын удирдагч Х.Чойбалсанд И.В.Сталины зөвшөөрөл, дэмжлэг хэрэгтэй байв. Х.Чойбалсан баруун хилийн талаар ЗХУ-ын Гадаад хэргийн ардын комиссар В.Молотовт уламжилсан байна. Харин В.Молотов Х.Чойбалсанг Оросын Элчин сай Ивановын хамт Москвад яаралтай ир хэмээжээ.

Х.Чойбалсан 1944 оны нэгдүгээр сарын 15-нд И.В.Сталинтай уулзаж ярилцахдаа баруун хилийн тухай хэлсэнд, И.В.Сталин: "Оспанд туслах хэрэгтэй юм байна. Харин та нар яагаад туслахгүй байгаа юм бэ? Буу сум байдаггүй юм уу?" гэж ихэд гайхсан шинжтэй асуусан байна. Тухайн үед Оросын Элчин сайд Иванов И.Оспаны талаархи Монголын бодлогыг мэдсэн байжээ. Түүгээр ч барахгүй И.В.Сталинд баруун хилийн талаар Х.Чойбалсангаас удаа дараа явуулсан мэдээллүүдийг хав дарсан нь илэрчээ. И.В.Сталин Х.Чойбалсантай уулзаад армийн генерал А.Антонов, Байгалийн чанад дахь дүүргийн командлагч М.Ковалов нарыг дуудаж, И.Оспанаар удирдуулсан босогчдод Монголоор дамжуулан 400 винтов, 200 ширхэг “ТТМ” автомат, пулемёт зургаа, гар пулемёт 30, гар гранат 2000, винтовын сум 400 мянга, дуран тавыг шилжүүлэн өгөхийг даалгасан байна.

Үүнээс өмнө Монголын Засгийн газар баруун хилийн талаар тодорхой арга хэмжээг аваад эхэлсэн байв. Энэхүү арга хэмжээ нь нэг талаар. Орос ахад ярих зүйлтэй байх, нөгөөтэйгүүр өөрийн зорилгодоо нэг алхам дөхсөн хэрэг байв. 1943 оны зургадугаар сарын 30-нд маршал Х.Чойбалсан ба ДЯЯ-ны сайд Шагдаржав нар И.Оспантай холбоо тогтоохоор Б.Дүйнхоржав. Пахомов нарыг баруун хилд томилжээ. Уг тушаалын дагуу 1943 оны наймду-гаар сараас есдүгээр сарын 1-ний өдөр хүртэл И.Оспаны байрлалыг тогтоох, холбоо бариулахаар хэд хэдэн групп явуулсан байна.

1943 оны есдүгээр сарын 15-ны өдөр тусгай группийнхэн И.Оспаны төлөөлөгчидтэй уулзжээ. И.Оспантай уулзах саналыг Монголын талаас хэд хэдэн удаа тавьснаар 1943 оны аравдугаар сарын 5-ны өдөр Мон-голын хилийн нэгэн заставт уулзсан байна. И.Оспан уулзалтаас татгалзаж байсан шалтгаан нь 1940 онд И.Оспаны босогчид Хятадтай байлдан ухарч Монголын хил Булган голд орж ирэхэд Монголын хилчид босогчдын эсрэг буудаж, Хятад цэргийн гарт өгсөн явдалтай холбоотой байв.

И.Оспантай хийсэн хэлэлцээрээр хэлэлцсэн зөвшөөрөгдсөн асуудал нь:
  1. Манай хил хамгаалагчнар ба хасагийн босогчдын хоорондын эв найрамдалтай байх.
  2. Хэрэв хэрэгтэй цаг тохиолдвоос хасагийн босогчдын гэр бүл ба өөрсдийн нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр багтаан суулгахыг зөвшөөрсөн.
  3. Бослогын байгууллагад буу зэвсэг бараа таваараар хангаж туслах тухай байв.
Уг хэлэлцээр дээр бослогын байгууллагад бэлэг болгон винтов буу 27, мөн сум 2600, И.Оспанд өөрт нь англи автомат нэгийг 1000 сумтай хамт 10 маузер бууг тус тус өгчээ. Уул хэлэлцээрийн дараа И.Оспаны босогчид Алтай-гаас Хятадыг бүрмөсөн хөөнө хэмээж байв.

И.Оспан нь Монголд сайнаар хандаж байсан нь тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрнө хэмээх халхавчийн цаадахь хавхыг олж хараагүй явдал байв. Гэвч Монгол, Оросын бодлогыг эцэстээ мэдсэн нь дамжиггүй.Монгол, Оросын зүгээс И.Оспаны бослогыг Алтай дахь бослого хөдөлгөөн хэмээж цэрэг хөдөлгөх болжээ. 1944 оны зургадугаар сарын 16-ны өдөр Х.Чойбалсангаас Дорж, Попов нарт егсөн үүрэгт Монголын ба Хятадаас эзэлж ав-сан нутаг дээр Хятадтай тэмцэх зорилгын доор 6-7 мянга, чадваас түүнээс дээш цэргийг шинээр байгуулсугай хэмээсэн байна. Мөн Монгол Улсаас Алтай дахь бослого хөдөлгөөн хэмээх арга хэмжээг өргөжүүлэх үүднээс Булган голд радио станц байгуулжээ.

Оросын талаас 1946 оны зургадугаар сарын 30-нь өдөр зүүн Туркестан услын засгийн толгойлогч Маршал Илханы зөвшөөрлөөр 20 машин бүхий 160 хүнийг И.Оспаны нутаг болох Хөхтохойд буй алт, мөнгө ба ган чулуу элдэв зүйлүүдийг малтаж ашиглуулахаар оруулсан байна. И.Оспаны зүгээс алт, баялгийг ашиглуулахгүй, одоо буцах хэрэгтэй, үгүй бол та нарт буу зэвсгийн хүчээр байлдаж гаргана хэмээн өдөр бүр бие хүнийг явуулж байв. Улмаар өөрийн дэргэд 100 тооны цэргийг байлгаж,' арван таван зэвсэг бүхий цэргүүдээр инженерүүдийг мануулжээ.И.Оспан Оросын энэхүү бодлогыг няцаах үүднээс Хятадын талаас тусламж гуйлгахаар Хөх тохойн хошууны дотоодыг хамгаалахын дарга Конудбай, Жинтай нарыг 1946 оны наймдугаар сарын 2-ны өдөр Хятадын Үрэмч хотноо төлөөлөгчөөр томилж, Шинжаан мужийн их ерөнхийлөгч ноён У Жу Ши лугаа уулзуулсан байна.

Мөн Хятадаас бараа таваар татаж авах, түүний аюулгүй тээврлүүлэхийн тулд Цэнгэл хошуунаас 300 цэрэг гаргахыг шаарджээ. Энэ үед Шинжаанд Америкийн дэд консул байсан Маккираны тагнуулын ажил И.Оспаны бослоготой холбоотой хэмээх мэдээг Хятадын Синьхуа агентлагаас мэдээлжээ. Энэ нь Хятад, Монгол, Орос гурван улсад хэзээ мөдгүй тасдуулах шахам болсон хасаг эрийн дөрөвдөгч орны тусламжийг авах гэсэн үйлдэл байсан нь гарцаагүй биз ээ. Ул-маар энэхүү И.Оспаны олон талт бодлого нь Монгол, Оросын Шинжааны газар нутгийг өөрийн болгох зорилгод харшилж, босогчид Монголын хилийг зөрчин дээрэм тонуул хийх үйлдэл нь олон давтагдах болжээ.

Иймээс Монголын зүгээс И.Оспаныг устгах, баруун хилд тайван байдлыг тогтоох арга хэмжээ авахад хүргэсэн юм. Түүнийг устгуулахаар 1949 онд Л.Дандар баатрыг шоронгоос түр гаргаж, тусгай групп байгуулан хэд хэдэн удаа явуулсан байна. Л.Дандар баатар И.Оспаны нутаглан буй газрыг олж, түүний гэр лүү хөнгөн пулемётоор шүршээд, хүн гарч зугтахгүй болохоор нь үхсэн хэмээн 1949 оны дөрөвдүгээр сарын 2-нд Монголдоо ирсэн байна. Гэвч энэ үед И.Оспан Хятадын эсрэг тэмцлээ өрнүүлэн гэртээ орох завгүй явжээ. Л.Дандар баатар гурван удаа групп толгойлон И.Оспаныг устгахаар яваад цаг үеийн байдлаас шалтгаалан үүргээ биелүүлэлгүй буцсан байна.

И.Оспаны байдал 1949 оноос ихээхэн муудаж, түүнийг устгах үйлдэл Орос, Монгол, Хятад гурван улсаас байнга явагдаж байв. И.Оспаны тусгаар улс байгуулах тэмцэл 1951 онд Хятадын цэрэгт баригдаж, Үрэмч хотноо цаазлагдсанаар дуусгавар болжээ, Ийнхүү хятадуудыг Шинжааны нутгаас гаргаж, Хасаг үндэстний улсыг байгуулах санааг тээн хөдөлсөн И.Оспаны тэмцэл Орос. Хятадын бодлогод нухчин дарагджээ.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.