2008.10.14

Нийслэлчүүд дахин санал өгнө

СЕХ-ын дарга Б.Баттулга, нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, ажлын албаны дарга Д.Баяндүүрэн нар өчигдөр орон нутгийн сонгуулийн ирцийн нэгдсэн дүнгийн талаар мэдээлэл хийлээ.

Энэ жилийн орон нутгийн сонгуульд аймгуудын сонгогчид идэвхтэй оролцож, 50-иас дээш хувьд хүрснээр 21 аймгийн ИТХ, сумдын ИТХ-ын сонгууль хуулийн дагуу хүчинтэй болжээ. Дорноговь аймгийн Замын-Үүд, Хэнтий аймгийн Дархан суманд ирц хүрээгүй учир дахин сонгууль явуулахаар болжээ. Мөн нийслэлийнхэн сонгуульд хангалтгүй буюу 47.4 хувьтайгаар оролцсон нь дахин сонгууль явуулахаас өөр аргагүйд хүргэжээ. Тодруулбал, нийслэлийн есөн дүүргээс гурвынх буюу Баянзүрх, Сонгино-хайрхан, Чингэлтэй дүүргийн сонгогчдын ирц хуульд заасан хувьд хүрээгүй байна.

СЕХ-ны дарга Б.Баттулга сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.
-Зарим хэсгийн хороодын санал авах байранд цахилгаан тасарсан тухай гомдол иргэдээс ирсэн. Цахилгааныг албаар тасалсан гэх хардлага байна. Мөн саналын хуудсыг илүү хувиар тараасан гэх мэдээлэл байна?

Б.Баттулга: -Нийслэлийн зарим хэсгийн хороодын санал авах байрны цахилгаан тасарсан юм билээ. Санаатай, санамсаргүй тасарсан талаар мэдэх юм алга. Үүнийг мэргэжлийн байгууллагууд нь тогтоох биз ээ. Саналын хуудсыг илүү хувиар тараасан, хэвлэсэн гэдэг талаар тантай адил мэдээлэлтэй байна.

-Сонгогчдын хэдэн хувь нь хөдөө, хэд нь хотод байна вэ?

Б.Баттулга: -21 аймагт 827 мянга, 478 мянган сонгогч бүртгэгдсэн байгаа.
Б.Баярсайхан: -Нийслэлийн сонгогчдын бүртгэлд гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийг хасч тооцсон. Мөн хөдөө орон нутгаас нийслэлд урч байгаа оюутнуудыг нийслэлийн ирцэд оруулаагүй.

-Нийслэлийнхний ирц хүрээгүй нь зохион байгуулалтаас шалтгаалсан юм биш үү?

Б.Баттулга: -Аймаг, нийслэлийн сонгуулийн хороод тус тусдаа байгуулагдаж, сонгуулийн ажлыг удирдан зохион байгуулсан. Сонгогчдын ирц хүрээгүй зохион байгуулалттай холбоотой байж болох талтай. Үнэхээр нийслэлийн том том захууд сон¬гуулийн өдөр ажилласан юм билээ.

-Сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдээгүй хүмүүс санал өгөөгүй, буцсан байгаа?

-Нийслэлийн сонгуулийн хороо нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй бол санал авахыг хаасан байгаа. Тиймээс орон нутгийн сонгуулиар сонгогчдын нэрсийн жагсаалтад ороогүй хүмүүс оршин суух хаягтай байгаад сонгогчийн үнэмлэхээ аваагүй бол санал өгөх бололцоо гараагүй. УИХ-ын сонгуулийн үеэр иргэний үнэмлэхийн хаяг дээрээ амь-дардаг хүмүүсийг санал өгч болно гэхэд нэрсийн жагсаалтад бүртгэгдээгүй ч санал өгсөн. Тал бичиг хийж өгөөд шоронд орчих гээд байсан чинь энэ шүү дээ.

-Орон нутгийн дахин сонгууль хэдий хугацаанд болох ёстой вэ?

Б.Баттулга: -Нийслэлийн сонгогчдын ирц хүрээгүй, дахин сонгууль явуулна. Нийслэлийн сонгуулийн хороо хуралдаж ирц хүрээгүй, сонгууль хүчингүй гэсэн шийдвэрийг гаргана. Дараа нь 14 хоногт дахин сонгууль явуулах ёстой гээд хуульд заачихсан байгаа. Ирц нь хүрсэн дүүргүүдийн хувьд тэд дүүргийнхээ Иргэдийн хур¬лын төлөөлөгчдийг сонгосон гэсэн үг. Гэхдээ нийслэлийн ИХТ-ийг сонгох ирц хүрээгүй учир нийслэлийн сонгуульд дахин оролцоно. Өөрөөр хэл¬бэл, ирц нь хүрсэн дүүр¬гүүдийн сонгогчид дахин сонгуульд хоёр биш нэг санал өгнө гэсэн үг.

-Нийслэлийнхний ирц хүрээгүйд СЕХ ямар хариуцлага хүлээх вэ?

Б.Баттулга: -Ирц хрээгүй тухайд СЕХ ямар ч бруугүй, хариуцлага хүлээхгүй, бүх зүйл нийслэлийн сонгуулийн хорооноос болсон гэж хэлмээргүй байна.

-СЕХ хуралдаж, 25 дугаар тойргийн асуудлаар ямар шийдвэр гаргасан бэ. Мөн СЕХ-ны гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно гэсэн. Энэ яаж шийдэгдсэн бэ. Танай гишүүд өргөдлөө бичиж байгаа юу?

Б.Баттулга: -25 дугаар тойргийн хорооны тухайд эцсийн шийдвэр гараагүй байна. СЕХ өнгөрсөн долоо хоногт хуралдаж энэ асуудлыг хэлэлцсэн. Хоёр, гурван хувилбараар санал хураасан. Нэгдүгээрт, 25 дугаар тойргийн хорооны тогтоолыг хүчинтэйд тооцох. Хоёрдугаарт, маргаангүй байгаа гурван гишүүний нэрийг өргөн барих. Энэ хоёр санал СЕХ-ны гишүүдийн дэмжлэгийг аваагүй. Харин тухайн тойргийн хорооны тогтоолыг хүчингүй болгох гэдгээр санал хураахад гишүүд дэмжсэн. СЕХ-ны гишүүд тогтоол гаргая гэж тогтсон. Сонин, хэвлэлээр мэдээлээд байгаа шиг Н.Баяртсайханы нэрийг өргөн барих, С.Эрдэнийг унагаасан юм байхгүй. СЕХ дахин хуралдаж эцсийн шийдвэрээ гаргана. СЕХ-г огцруулах асуудлыг шийддэг бүрэн эрхтэй байгууллага нь УИХ. УИХ шийдэх байлгүй дээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.