С.Эрдэнийн хэргээс болж АН нам хэзээ ч задрахгүй
Сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гаригт болдог АН-ын "4:11" уулзалт өчигдөр боллоо. Уулзалтад намын дарга Н.Алтанхуяг, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, нарийн бичгийн гурван дарга нь оролцов. Тэд гурван сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
"4:11" уулзалтын үеэр сэтгүүлчдийн хамгийн их анхаарал татаж байсан асуудал бол УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ авсан ч гэмт хэрэгтэнд тооцогдон анхан шатны шүүхээс ял сонсоод байгаа С.Эрдэнийн тухай байлаа. С.Эрдэнийг анхан шатны шүүхээс 6.2 жилийн ял өгч ялласан, түүний нэр дэвшсэн тойргийн хэсгийн хороонд ажилласан зургаан хүнийг шийтгэсэн, үүнтэй холбогдуулж Улсын дээд шүүх мэдэгдэл гаргасан зэргийг АН хууль бус үйлдэл хэмээн үзэж байна.
Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхээс гаргасан мэдэгдэлийн талаар "Нам руу дайрсан сүржин үгтэй мэдэгдэл байна лээ. Хүмүүс шүүхийн шийдвэртэй холбогдуулж үзэл бодлоо илэрхийлж болдог ч Улсын дээд шүүх мэдэгдэл гаргаж болох эсэхэд би эргэлзэж байна" хэмээн АН-ын дарга Н.Алтанхуяг хэллээ.
Энэ шударга бус байдалтай тэмцэхийн тулд мөн намын нөхрөө хамгаалахын тулд УИХ дахь АН-ын бүлэг ажлын хэсэг байгуулан ажиллахаар болжээ. УИХ-ын сонгуулийн 25-р тойргийн дүнг салгаж, дөрвөн мандаттай тойргийн гурван гишүүнийг УИХ-д оруулах шийдвэр гаргасан нь үндсэн хууль зөрчсөн гэж үзэж, Иргэн Ламжав үндсэн хуулийн цэцэд өргөдөл өгчээ.
Намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг "Зарим хүний ярьж байгаа шиг С.Эрдэнийн хэргээс болж манай нам задрахгүй" хэмээн хариуцлагтай мэдэгдээд, АН-ынхан дээд шатны шүүхээс С.Эрдэнэд оноосон ялыг хэрэгсэхгүй болгоно гэдэгт найдаж байгаа бөгөөд С.Эрдэний оронд УИХ-д өөр хүн суух, эсвэл дахин сонгууль явуулах тухай асуудал дэндүү хол байна гэж үзэж байгаа ажээ.