Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар багш арга зүйч бэлтгэх сургалт эхэллээ
2021.09.23

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар багш арга зүйч бэлтгэх сургалт эхэллээ

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг гишүүд ажилтнуудад танилцуулах багш арга зүйч бэлтгэх сургалтыг МҮЭ-ийн холбооноос зохион байгуулж байна.

Энэ сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгуулагдах тус сургалтад МҮЭ-ийн холбооны дэргэдэх Хуульч өмгөөлөгчдийн баг /ХӨБ/ МҮЭ-ийн холбооны Хөдөлмөрийн хяналт хуулийн бодлогын газар, Хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургууль, Хөдөлмөр, Сургалт, Судалгааны Төвийн хуульч, удирдлага, багш, ажилтнууд тус тус хамрагдаж байна.

Сургалтын эхэнд МҮЭ-ийн холбооны Хөдөлмөр, Сургалт, Судалгааны Төвийн дарга М.Ганаа сургалтын хөтөлбөр болон оролцогчдын товч танилцуулгыг хийв. Энэхүү гурван өдрийн турш үргэлжлэх сургалтын эхний өдөр Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын нийтлэг үндэслэл, шинээр туссан заалтууд, ҮЭ-ийн зүгээс анхаарах асуудал, Хөдөлмөрийн харилцаан дахь нийгмийн түншлэл, хамтын гэрээ хэлэлцээр, Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа, хөдөлмөрийн гэрээ, түүний төрлүүдийн тухай илтгэл тавьж ярилцлага өрнүүлнэ.

Мөн сургалтын хоёр дахь өдөр хүн амын дотоод журам, хөдөлмөрийн сахилга, хариуцлага, удирдлага, хяналт, Хөдөлмөрийн эрхийн маргаан, түүний зохион байгуулалт, Хөдөлмөрийн сонирхлын маргаан, түүний зохицуулалт сэдвээр тус тус илтгэл мэдээлэл өгч оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж харилцан ярилцах зарчмаар зохион байгуулагдана.

Харин сургалтын сүүлийн өдөр Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд ажил олгогч, эздийн байгууллагын үүрэг, Хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандарт сэдвээр илтгэл мэдээлэл өгч эцсийн дүгнэлт ярилцлага хийснээр Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын багш арга зүйч бэлтгэх сургалт өндөрлөнө.