Цалин хөлсийг 20-иос доошгүй хувиар нэмэгдүүлэх эх үүсвэрийг тодорхой болгохыг шаардлаа
2021.10.21

Цалин хөлсийг 20-иос доошгүй хувиар нэмэгдүүлэх эх үүсвэрийг тодорхой болгохыг шаардлаа

МҮЭ-ийн холбооноос Засгийн газар /Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам/-т 2022 оны улсын төсвийн төсөлд 2021 оны 7 дугаар сарын 8-нд, 2021 оны 08 дугаар сарын 24-ны өдөр тус тус саналаа хүргүүлсэн. Гэтэл улсын төсвийн төсөлд МҮЭ-ийн холбооны голлох санал болох цалин хөлсийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зардал, төрийн албан хаагчдын орон тоо түүнтэй холбогдсон хөрөнгийн эх үүсвэр тусгагдаагүй.

Мөн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2021-2022 оны Улсын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд дараах асуудлыг Улсын төсөвт тусган хэрэгжүүлэх асуудлаар Хөдөлмөрийн нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороог энэ сарын 20-ны дотор хуралдуулах саналыг ХНХ-ын сайд А.Ариунзаяад хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байгаа учир /2021.10.20/ өдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар мэдэгдэхдээ,

  • Нэгдүгээрт, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт хэлэлцээр 5 дугаар сард байгуулагдсан. Засгийн газрыг төлөөлж ХНХЯ, СЯ, бусад холбогдох яамдын төлөөлөгчид энэ гэрээнд гарын үсэг зурсан. Хуулийн дагуу хэрэгжих ёстой баримт бичиг. Цалин тэтгэвэр, тэтгэмжийг ирэх онд 20-иос доошгүй хувиар нэмэгдүүлэх асуудал ирэх оны төсвийн төсөлд бүрхэг суусан байна. Хөрөнгийн эх үүсвэрийг төсвийн ажилтан, төрийн өмчит компаниуд хэрхэн гаргах вэ гэдгийг тодорхой тавиасай гэж шаардаж байна.
  • Хоёрт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 26.2-т “Төсвийн байгууллага нь тухайн жилийн батлагдсан төсвийн 0.5 хувиас, аж ахуйн нэгж, байгууллага эрсдэлийн түвшингээс хамааран үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тус тус зарцуулна” гэж заасан хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зардлыг улсын төсөвт тусган хэрэгжүүлэх шаардлагатай. Ингээгүйгээс үйлдвэрлэлийн осол буурахгүй харин ч өсөх хандлагатай байгааг анхааруулж байна.
  • Гуравдугаарт, “Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 43 дугаар тогтоолын холбогдох заалтыг эргэн авч үзэх, тогтоолын хүрээнд гарч буй сөрөг үр дагаварыг арилгах хэрэгтэй байгааг дахин санууллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn