Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо УБЕГ-т ажиллав
2022.01.28

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо УБЕГ-т ажиллав

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар шинээр томилогдсон Б.Солонгоо харьяа агентлаг, байгууллагуудад ажиллаж тэдгээрийн үйл ажиллагаатай танилцаж байгаа бөгөөд өнөөдөр /2022.01.27/ Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллалаа.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Д.Онон зэрэг албаны хүмүүсийг УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан, дэд дарга Г.Билгүүн, Г.Атармаа, Тамгын газрын дарга Г.Цолмон нар хүлээн авч мэдээллийн технологийн төвд байрлах иргэний бичиг баримтын үйлдвэр, сервер, хяналтын өрөө, Улсын бүртгэлийн байгууллагын нэгдсэн лавлах 1800-1890-ийн үйл ажиллагаа болон Улсын бүртгэлийн цахим үйлчилгээний төв, Архивын баримтын үзмэр, архивын байртай танилцууллаа.

Мөн энэ үеэр УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан “Улсын бүртгэлийн байгууллагын өнөөгийн нөхцөл байдал, цахим шилжилт” сэдвийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа танилцуулга мэдээллийг хүргэж, Улсын бүртгэлийн байгууллагын газар, хэлтсийн бүтэц, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, чиг үүргийг хүрэлцэн ирсэн зочдод мөн танилцуулав.

Ташрамд дурдахад, Монгол Улсын Их Хурлын чуулганы 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай”, “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай”, “Цахим гарын үсгийн тухай”, “Кибер аюулгүй байдлын тухай хууль”-ийн төслүүдийг баталсан. Эдгээр хуулийн хэрэгжилт Улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаанд тэр дундаа энэ онд хийгдэх цахимжилтын ажилд чухал үүрэг, ач холбогдолтой юм. Тухайлбал, “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай” хуульд Цахим баримт бичгийг цаасан суурьтай баримт бичигтэй адил хүчинтэй байхаар тогтоож нотлох баримтын хэмжээнд үнэлэх зэрэг асуудлыг шийдвэрлэх, төрд цугларсан мэдээллийг боловсруулж, нээлттэй өгөгдөл болгон иргэн, хуулийн этгээд чөлөөтэй ашиглах боломжийг бүрдүүлэх юм.

Ингэснээр цахим харилцаанд шилжиж, нийтийн мэдээллийн системээс олж авах, солилцох боломжтой мэдээллийг иргэн, хуулийн этгээдээс шаардахгүй байхаар зохицуулах нь иргэн, хуулийн этгээд төрийн үйлчилгээг цаг хугацааны хувьд хэмнэлттэй, зардал багатай шуурхай авах, түүнчлэн төрийн байгууллагууд хоорондоо цахимаар мэдээлэл солилцож төсвийн бичиг хэрэг, шуудангийн гэх мэт зардлыг бууруулах олон талын ач холбогдолтой юм. “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай” хууль хэрэгжсэнээр цахим хөгжилтэй уялдан гарч ирсэн хүний биометрик, генетик, цахим гарын үсэг зэрэг мэдээллийг хамгаалах талаар нэмж тусган Үндсэн хуулиар тогтоосон хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг бэхжүүлсэн. Хүний хувийн мэдээллийг хуульд зааснаас бусад тохиолдолд зөвхөн мэдээллийн эзний зөвшөөрлөөр цуглуулах, боловсруулах, ашиглах нөхцөл бүрдэж байгаа юм.

Харин “Цахим гарын үсгийн тухай” хууль хэрэгжсэнээр Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны 2 сая 300 мянга орчим иргэнд тоон гарын үсгийн гэрчилгээг үнэ төлбөргүй олгох болно. Мөн гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад оршин суух хугацаандаа тоон гарын үсэг авч хэрэглэж болохоор тусгасан. Ингэснээр иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллага хоорондоо тоон гарын үсэг хэрэглэн мэдээлэл дамжуулах, солилцох нөхцөлийг сайжруулж, цахим хэлбэрээр хийх гэрээ, хэлцлийн тоог нэмэгдүүлэх зэргээр цаасан суурьтай хэрэглээнээс татгалзахад чухал ач холбогдолтой юм.