2022.03.02

“Эдийн засгаа сэргээх, Эрүүл мэндээ хамгаалах 10 их наядын хөтөлбөр” хэрэгжиж байна

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат “Эдийн засгаа сэргээх, Эрүүл мэндээ хамгаалах 10 их наядын хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжиж буй Ажлын байрыг дэмжих зээл, Хөдөө аж ахуйг дэмжих хэрэгжилттэй холбогдуулан Монголбанкны Хэнтий аймаг дахь салбарын захирал Д.Болортунгалагтай уулзлаа.

Тэрээр 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр дээрх зээлийн хэрэгжилттэй холбогдуулан Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс ирэх /2022/ онд тухайн зээл хэрэгжих эсэх, санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломжтой эсэх талаар асуулга тавьж, хариулт авч байсан юм.

Өнгөрсөн 2021 онд Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд Хэнтий аймгийн төв Хэрлэн суманд 172 зээлд 11,6 тэрбум төгрөг олгожээ. Үүнээс 42 нь ААН, 130 иргэн. Харин сумдад 30 ААН-д 3,1 тэрбум, 180 иргэнд 5,8 тэрбум төгрөг, нийтдээ 210 зээлийн 8,9 тэрбум төгрөгийг олгосон байна.

Нэгдсэн дүнгээр тооцож үзвэл Ажлын байрыг дэмжих жилийн гурван хувийн хүүтэй 382 зээлийн 20,5 тэрбум төгрөгийг олгосон бөгөөд 226 шинэ ажлын байр бий болж, 751 хүн ажлын байраа хадгалжээ.

Хөдөө аж ахуйг дэмжих 3%-ийн хүүтэй зээлийн хүрээнд аймгийн төв Хэрлэн суманд гурван ААН, 96 иргэн 1362.0 сая төгрөгийн зээлийг, хөдөөгийн сумдад 904 зээлд 11,8 тэрбум төгрөгийг олгож, нийтдээ 1003 зээлдэгчид 13,1 тэрбум төгрөгийн зээлийг олгосон дүн мэдээтэй байгааг Монголбанкны салбарын захирал мэдээллээ.

Харин өнгөрсөн оны 02 дугаар сарын 11-ний байдлаар 36 иргэнд 1,8 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг олгожээ.

Одоогоор орон нутгийн салбарт эх үүсвэр ирээгүй, дээрх зориулалтын зээл олгогдоогүй байгааг тэрээр мэдээллээ. Түүнчлэн цаашид Малчны зээлийг хүртээмжтэй байдлаар хүргэх, Ажлын байрны зээлийг нарийн төрөлжүүлж, олгох зээлийн хэмжээг тодорхой заах, Зээлийн батлан даалтын сангийн шалгуурыг эргэж харах гэх мэтчилэн зээлийг хүртээмжтэй олгоход тулгамдаж буй санал хүсэлт, хүү багатай, хугацаа урт дээрх зээлийг үргэлжлүүлэх тал дээр анхаарч өгөхийг уламжиллаа.