2022.04.20

УИХ-ын гишүүн Ц.Туваан Төв аймгийн Аргалант суманд ажиллалаа

Суманд ажиллах үеэрээ сумын удирдлагуудтай уулзалт хийж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан тэдэнд тулгарч буй бэрхшээл, цаашид хамтран ажиллах асуудлын талаар ярилцлаа. Аргалантын сургуульд шинэ дотуур байр нэн шаардлагатай байгаа ба цэцэрлэгт хяналтын камер суурилуулах хэрэгтэй байгаа ажээ. Харин эмнэлэгт нь эмч, хүний нөөцийн асуудал тулгамдаж буй юм байна.

Өнөө жил 100 насыг зооглосон Пэлжид гуай, өндөр настан Гомбодалай, Баяр гуайнд зочлон ахмадуудынхаа санал, сургааль, захиасыг сонслоо. Мөн иргэд сонгогчидтойгоо уулзалт хийж хавар, намрын чуулганаар батлагдсан хуулиас танилцуулан, өөрийн ажиллаж байгаа хуулийн төсөл, ажлын хэсгийн талаарх мэдээллийг хүргэж иргэдийн санал сэтгэгдлийг нь сонсов. Уулзалт өдөрлөгийн үеэр ЕБС, Соёлын төвд “2021 оны шилдэг борлуулалттай ном”-ын дээжсээс, сумын эмнэлэгт тусламжийн тэргэнцэр, эмнэлгийн хэрэгсэл гардуулан өглөө.

Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр иргэд маань малын бэлчээрийн асуудал хүндэрч буйг, малчдаа хамгаалсан хууль эрх зүйн орчин дутмаг байгааг хэлж байв. Мөн өрхийн гахайн аж ахуй эрхлэхэд зөвшөөрөл олгохгүй байгаа байдлыг хөндөж байлаа. Аргалант сум Улаанбаатар хоттой хаяа залган оршдог ч бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт их, орон нутагт залуучуудад ажлын байр олдохгүй хомс байгаа байдлыг хэлж, одоо ажиллаж буй төрийн захиргааны алба хаагчдын цалинг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хөндөж байлаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn